ТОПГҮЙ НААДМЫН ТОД ӨНГӨ

Д.НИНЖИН

 

Ирэх жилийн гангараа­ны чиг хандлагыг тодор­хойл­дог "Гоёл” наадам зөвхөн Монголын дизайне­руудын холбооны гишүүн загвар зохион бүтээгч, загвар өмсөгчдийн наадам байхаа болиод хорь гаруй жилйиг үдэж буй юм. Жилээс жилд хүлээлт үүсгэж энэ жил хэний загвар шилдгээр шалгарч, хэн гэж модель топ болох бол гэсэн яриа хөөрөө загварын тухай сонирхдог хүмүүсийн дунд өрнөөд амждаг. Энэ жилийнх ч ялгаагүй. Хувцас загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллага оролцож,үндэсний хувцас, үслэг эдлэл, гоёлын даашинз, спорт, өдөр тутмын, дотуур хувцасны төрлөөр өрсөлдөж шилдэг дизайнер, зохион бүтээх товчоо, үйлдвэр, загвар өмсөгч, make up artist, үсчин, фото зурагчин зэрэг хэд хэдэн номинациар оролцогчдоо эрэмбэлсэн. Гэхдээ 29 дэх жилдээ болсон. "Гоёл” наадам топ модель хэмээн хэн нэгнийг онцолсонгүй өнгөрсөн.

ТОПГҮЙ НААДМЫН ТОД ӨНГӨ

"Гоёл” наадмыг анх 1988 онд монголчуудад хувцаслах соёлыг түгээх зорилгоор тухайн үеийн томоохон үйлдвэрүүд, Зохион бүтээх товчоодын загвар зохион бүтээгчдийн дунд зохион байгуулсан түүх­тэй. Харин "топ” гэсэн өргөмжлөлийг олго­дог болсон нь 2001 он. Хамгийн анхны "Топ модель”-иор загвар өмсөгч Э.Одгэрэл, Д.Болормаа нар зэрэг тодорч байсан бол 2002 онд Д.Цолмон, 2003 онд Э.Туяацэцэг, 2004 онд Х.Ундраа, 2005 онд Т.Баянзул, 2006 онд Д.Пүрэвсүрэн, 2007 онд Г.Уранцэцэг, 2008 онд Г.Алимаа, 2009 онд О.Уянга, 2010 онд Ч.Уранбилэг, 2011 онд Э.Сэлэнгэ, 2012 онд О.Пүрэвдулам, 2013 онд С.Ариунбилэг, 2014 онд Х.Бадамгэрэл, 2015 онд Х.Уянга гэхчилэн жил жилийн "Гоёл”-оос топууд төрж байсан юм. Тийм болохоор энэ жилийнх топ тодроогүй анхны наадам хэмээн "Гоёл”-ын түүхэнд бичигдэж үлдэх нь тодорхой.

Топ тодроогүй энэ наадмын тод өнгө нь "Шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарсан Д.Долгион байсан. Түүнийг манайхан "Мисс Монголиа-2012” тэмцээний ялагч болсноос нь хойш мэднэ. Тэрбээр Монголын миссийн титэм гардсанаар чансаагаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг "Miss International 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоход нь монголчууд бултаараа дээлийнх нь захыг мушгин дэмжсэн билээ.

Д.Долгионы хувьд загварын тайзтай дунд сургуулийн сурагч байхаас нөхөрлөжээ. Японд хар нялхаасаа амьдарч, бага сургуулиа дүүргэн дунд сургуульд орсон хойноо Монголд ирж "Сакура” сургуулийн сурагч болсон охин загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй байж. Бас ч үгүй хэдэн тэмцээнд өөрийн урласан хувцсаар уралдаад үзчихсэн нь мөрөөдлөө бодитой болгох их хүсэл тэмүүллийг өгчээ. Зав л гарвал элдэв янзын загвар зурж, бас оёж шидэж суудаг байсан охин есдүгээр ангид байхдаа үсчин, гоо сайханчийн тэмцээнд оролцох найздаа туслахаар анх удаа модель болж. Анхны тэмцээнээсээ шилдгээр тодорч шагнал авсан Долгионд загварын ертөнц сонирхолтой санагдсан гэдэг. Тэгээд ч найз нөхөд нь ятгаснаар загварын агентлагийн хаалга татах зориг хүчийг өгсөн гэнэ. Улмаар "Эра” төвөөр овоглон загварын тайзнаа ур чадвараа сорьж эхэлсэн Долгион "New face”-д түрүүлж, "Мода Арт” тэмцээний шилдэг 15-д багтан, "ТВ мисс” тэмцээний үндэсний ялагч болж нэг үгээр загвар өмсөгчийн карьераа тун ч эрчтэй эхэлсэн.

Мисс, загвар өмсөгч Д.Долгион спортод ч чамгүй одтой нэгэн. Багадаа гимнастикаар хичээллэж, Японд амьдарч байхдаа усанд сэлэлтийн сургуульд сурч байжээ. Монголд ирээд Усан спорт сургалтын төвд дасгал сургуулилалтааүргэлжлүүлэн 2000 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Бас бишгүүр хөгжмөөр эвлэгхэн нь аргагүй тоглож буйг "Монголын мисс”-т өрсөлдөх үед нь хүмүүс харсан байх.

Д.Долгионы хувьд заг­ва­рын тайзнаа өөрийн гэсэн өвөрмөц өнгөөр өмссөн хувцсаа амилуулж чаддаг модель. Ёстой л нөгөө шуудай углаад алхсан ч шилдэг гоёлын даашинз мэт дэгжин харагдуулж чадах авьяаслаг загвар өмсөгч хэмээн түүнийг мэргэжлийнхэн үнэлдэг юм. Энэ удаагийн "Гоёл” наадамд Д.Долгионы амилуулсан загварууд бусдаас арай л өөр харагдаж байсан ч шүүгчид түүнийг топ гэсэн ангилалд хүрэхэд арай л болоогүй байна хэмээн үзсэн нь илүү ихийг хүлээснийх биз ээ. "Гоёл-2017”-д түүний нүүр будалт, үсний засалтыг "Solo Makeup Studio”-гийн уран гартнууд "урлажээ”.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх