БУУДАЛ УХААЛАГ БАЙХ НЬ ТАНСАГЛАЛ БИШ СТАНДАРТ

Г.УНДРАМ

 

"Улаанбаатар хотын 350 цэгт Парис, Лондон, Сингапур, Хонгконг зэрэг дэлхийн томоохон метрополитан хотуудын жишгээр тохижуулсан автобусны буудлуудыг барьж эхэллээ. Мөн гудамж, талбайн мэдээлэл заасан чиглүүлэгч буюу мэдээллийн самбар болон тээврийн хэрэгсэл, дугуй, таксины хүлээлгийн талбайд байгууламж байрлуулж эхэлсэн байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг Франц улсын "JCDecaux” группийн Монгол дахь салбарын тусламжтайгаар Улаанбаатар хотын ЗАА хэрэгжүүлж байгаа юм.

Нийт 15.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий автобусны ухаалаг буудлын онцлог:

· Хотын онцлогт тохируулж хэмжээний хувьд 5м, 8м, 12 м гэсэн гурван төрөл

· Байгальд ээлтэй, цахилгаан бага зарцуулдаг, дэвшилтэт "SIDE-RAY LED”гэрэлтүүлэгтэй

· Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй

· Иргэдэд зориулсан үнэгүй интернетийн WIFI төхөөрөмж суурилагдсан

· Автобусны чиглэл, ойр орчмын гудамжны мэдээллийг агуулсан болон сурталчилгааны зориулалт бүхий мэдээллийн самбартай байх аж”.

Энэ бол өдгөөгөөс хоёр жил гаруйгийн өмнө хэвлэлд гарч байсан мэдээ. Хотын төвийн буудлуудыг шинэчилсэн. Гоё болгосон нь үнэн. Гэхдээ яг энд бичсэн шиг ухаалаг болсон нь хэд бол. Магадгүй ухаалаг буудлыг бид ашиглаж мэддэггүй ч байж болох л юм.

Дэлхийн том жижиг аль ч хотод автобусны буудлын стандарт гэж зүйл байдаг. Манайд ч бас байж л таарна. Гэхдээ энэ стандарт хотын төвийн хэдэн буудалд л байгаа байх. Хотын зах руу зарим газарт автобусны буудал гэсэн тэмдэг тэмдэглэгээ ч байхгүй нүцгэн газар олон байгаа. Бусад хотын иргэд автобусны буудал тусгай саравчгүй, саравч нь сандалгүй, хамгийн гол нь автобусны чиглэлийг тодорхой заасан тэмдэглэгээ бүхий газрын зураггүй дор хаяж нэр усыг нь бичсэн самбаргүй байхыг огт ойлгодоггүй. Гэтэл бид үүнд нь хэдийнэ дасчихсан. Автобусанд цөөхөн суудаг хүн бол хаанаас ямар чиглэлд хэдэн номерынх нь явдаг, хаана хаана зогсдог вэ гэдгийг буудал дээр зогсч байгаа хүнээс асууж тодруулахгүйгээр аялна гэдэг асуудалтай. Зарим нь ч тодорхой сайхан тайлбарлаад л өгдөг байх. Дийлэнх нь мөрөө хавччихаад л явчихна шүү дээ. Тиймээс хотод жижиг байж таарахгүй энэ асуудлыг шийдэхэд тус болох болов уу гэсэн санааны үүднээс дэлхийн хотуудад автобусны буудалд ямар стандарт шаардлага тавьдаг вэ гэдгийг танилцуулж дараах мэдээллийг бэлтгэлээ.

Энэ бол "Сайхан Петербург” төслийн Санкт Петербургийн нийтийн тээврийн буудлуудыг тохижуулах зураг.

Буудлын саравч заавал сандалтай байх ёстой. Сандлын хувьд ихэнх газарт дээр нь цас борооны ус тогтож мөстөөд байхааргүй, суухад доороос хайрч жиндүүлэхгүйг тооцож модоор хийдэг. Модны дулаан дамжуулах чанар өвөл хэт хүйтэн биш, зун хэт халдаггүйг бодолцсон сонголт юм. Хүйтэн сэрүүн цаг агаартай зарим хотод автобусны буудлын сандлыг халаалттайгаар хийж өгсөн байдаг.

БУУДАЛ УХААЛАГ БАЙХ НЬ ТАНСАГЛАЛ БИШ СТАНДАРТ

 

Таллины буудал

 

Зорчигчдод зориулсан буудал аль аль тал руугаа харах боломжтой, унаанд суухад эвтэйхэн, цас бороо, салхи шорооноос хамгаалсан байхаас гадна элдэв гэмт хадлагаас хамгаалсан зохион байгуулалттай байх ёстой. Хамгийн гол нь буудалд автобусны чиглэл, хуваарь, буудлуудын талаарх мэдээллийг ямар ч насны хүнд ойлгомжтой байдлаар хийж өгнө. Энэ бол хаана ч мөрддөг эгэл бөгөөд энгийн стандарт. Мөн буудалд автобусны чиглэл заасан гэрэлтэй самбар зайлшгүй байх зүйлийн нэг.

 


Цюрихт автобусны чиглэлээс гадна тухайн хэсгийн газрын зургийг ийм байдлаар буудал бүрт байрлуулсан байдаг нь оршин суугчдад төдийгүй гаднаас ирсэн жуулчдад тун таатай байдаг.

БУУДАЛ УХААЛАГ БАЙХ НЬ ТАНСАГЛАЛ БИШ СТАНДАРТ

 

 

 


Энэ бол Сиэтл хотын нийтийн тээврийн буудлуудад байрлуулдаг мэдээллийн самбар

 


 

БУУДАЛ УХААЛАГ БАЙХ НЬ ТАНСАГЛАЛ БИШ СТАНДАРТ

 



Германы Хамбургийн автобусны буудлууд хогийн сав, чиглэлийн дугаар, автобус ирэх цагийн мэдээллийг хаанаас ч харсан танигдахаар тод өнгөөр хийдэг.

 

 


 

Нийтийн тээврийн унааны буудлуудад тавьдаг бас нэг гол шаардлага нь гэрэлтүүлэг. Ямар ч нөхцөлд харанхуй байж таарахгүй. Эдгээр үндсэн шаардлагуудаас гадна барьж яваа цүнх саваа түр өлгөөд гараа амраахад зориулсан өлгүүр, унадаг дугуйны зогсоол, цахилгаанд холбогдож болох залгуур, wi-fi зэргийг суурилуулж өгдөг. Мөн томоохон буудлуудад тасалбар худалдаалах автомат машин, өвлийн улиралд ажилладаг халаагууртай ч байдаг.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГИЙН ТУТМЫН УЛААНБААТРЫН СОНИН


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх