“Эрдэнэс Монгол”-ын шинэ удирдлагыг юу хүлээж байна вэ?

Б.Бямбасайхан захирал "Эрдэнэс Монгол” хэмээх нийтийн өмчийн компанийг удирдах үүрэг хүлээв. Түүний хувьд аж ахуйн нэгжийг удирдах арвин туршлагатай. Мөн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалт, зах зээлийн өндөр мэдлэгтэй нэгэн.

Тэрбээр МУИС болон АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийг төгсөөд Америк, Азид 10 гаруй жил ажиллаж амьдраад 2010 онд эх орондоо ирж, "Клин Энержи” компанийн захирал, удалгүй "Ньюком” компанийн гүйцэтгэх захирал болсон юм. Тэрбээр Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжилд том  хувь нэмэр оруулсан 50 МВт-ын Салхин станцын хөрөнгө оруулалт 120 гаруй сая ам. долларыг босгоход өөрийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ жинхэнэ утгаар гаргасан билээ. Төвийн эрчим хүчний сүлжээнд анхны хувийн өмчийн станцыг барьж ашиглалтад оруулсан гэсэн үг.

Мөн дэлхийн технологийн аварга гэгддэг "Женерал Электрик” компанийг Монголд оруулж ирсэн хүн бол Б.Бямбасайхан. Тус компани өнөөдөр "Ньюком”-ын сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн төсөл дээр хөрөнгө оруулагчаар ажиллаж байна. Түүнчлэн Монголын нар, салхины нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, Ази руу экспортлоход чиглэсэн томоохон ажлуудыг эхлүүлснийг нь хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Японы Софт банктай хамтран Наран улс руу ногоон эрчим хүч нийлүүлэх судалгаа шинжилгээ хийх зорилготой "Клин Энержи Ази” компанийг байгуулсан. Мөн Азийн эрчмийн сүлжээ хөтөлбөрийг санаачлан Япон, Солонгосын томоохон компани, мэргэжилтнүүдийг энэ сүлжээнд нэгтгэж чадсан юм.

Ер нь түүнийг эрчим хүчний салбаргүйгээр төсөөлөмгүй. Тухайлбал, 2004-2010 онуудад Азийн хөгжлийн банкны эрчим хүчний санхүүгийн мэргэжилтнээр ажиллаж, Казахстан, Киргизстан, Пакистан, Тажикстан болон Узбекстан орнуудад салбар дамнасан төслийн багуудыг удирдан, хөрөнгө оруулалтын хэлцлүүдийг гардан удирдаж, зах зээлээс хөрөнгө мөнгө босгоход суралцсан байдаг. Мөн олон улсын банк, санхүүгийн байгууллага, экспорт зээлийн банкууд болон нүүрсхүчлийн хийн сангуудаар дамжуулж хөрөнгө босгох чиглэлээр туршлага хуримтлуулсан төслийн санхүүч юм.

Б.Бямбасайхан захирал "Монгол бол эрчим хүчний диваажин орон” гэж хэлэх дуртай. Нар, салхи, ус болон нүүрсний арвин баялаг нөөцийг зөв бодлого, менежментээр, орчин цагийн технологиор эдийн засгийн эргэлтэд оруулж гадагш экспортолсноор Монгол улс хурдацтай хөгжинө, иргэд сайхан амьдрах бүрэн боломжтой гэж тэр үздэг.

Монгол Улсад уул уурхай, эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн төслүүдэд хамтран хөрөнгө оруулах болон хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгө оруулалт, төслийн менежмент, санхүүгийн зөвлөгөө өгдөг "Нова Терра” компанийг 2013 оноос үүсгэн байгуулан ажиллаж байна.

Тэрбээр олон сонгуульт ажилтай. Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, Монголын ногоон барилгын хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэд бүтцийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх гэх мэт. Өнгөрсөн жил дэлхийн залуу удирдагчаар шалгарсан. Дэлхийн эдийн засгийн форумаас шилдэг залуусыг эх орондоо хийж бүтээсэн ажил, амжилт, бүтээл, туршлага, хувь хүний нийгмийн хариуцлага, үр дүнг нь чухалчлан авч үзэж шалгаруулан дэлхийд зарладаг уламжлалтай. Эх орондоо бол "Next Stop”-ын 2012 оны эдийн засаг, бизнесийн салбарын оны шилдэг залуугаар тодорсон билээ.

Шинэ цагийн залуусын үлгэр дуурайл, өндөр мэдлэг боловсролтой, шилдэг менежер Б.Бямбасайхан захиралыг уул уурхайн томоохон компаниудыг нэгтгэдэг "Эрдэнэс Монгол” компанийг амжилттай удирдаж дараагийн шатанд буюу олон улсын зах зээлд гаргах хүн гэж Засгийн газар томилсон болов уу. Түүнд амжилт хүсэхийн сацуу олон ажил түүнийг хүлээж байна.

"Эрдэнэс Монгол” нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг зуун хувь, "Оюу Толгой” ХХК-ийн 34, "Эрдэнэт Үйлдвэр”-ийн 51, "Шивээ Овоо” ХХК-ийн 90, "Багануур” ХК-ийн 75 хувийг тус тус эзэмшдэг, эдгээр стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг хүлээж ажилладаг компани.

Тэгэхээр шинэ удирдлагын хувьд Оюутолгойг хөдөлгөх, Тавантолгойн хэлэлцээрийг хурдавчлахад оюунаа чилээж ажиллах нь. Мөн нүүрс, зэс, замын төслүүд хэрэгжүүлэх, Чалкогийн өрийг шийдвэрлэх, гадаадын томоохон биржүүд дээр стратегийн ордуудаар IPO гаргах зэрэг ажил хүлээж байна.

Түүнчлэн Эрдэнэс Монгол”-ийг Сингапурын "Темасек” корпорацийн загвараар явуулбал үр дүнтэй гэсэн чиг гарчихсан яваа. "Темасек”-ийн тухай тодруулбал 30-аад жилийн өмнө Сингапурын 30 гаруй төрийн өмчит компаниуд нэгдэн "Темасек” корпорацийг байгуулж, төрийн оролцоогүй ажиллаж эхэлсэн түүхтэй. Корпораци ТУЗ-өө сонгоно, ТУЗ нь гүйцэтгэх захиралаа томилно, зах зээлийн зарчмаар л үйл ажиллагаа явуулна. Засгийн газрын зүгээс ногдол ашиг авах л зарчим үйлчилснээр 40-хөн жилийн дотор тус корпораци маш амжилттай ажиллаж, Сингапур улс өндөр хөгжилд хүрч, иргэд нь сайхан амьдрах боломжтой болсон билээ. Нийтийн өмчит компани төрийн оролцоогүй болоод ирэнгүүт үр дүн гардгийн дэлхий дэх хамгийн сайн жишээ "Темасек” юм.

Энэхүү сайн загварыг Монголд жинхэнэ утгаар нь нэвтрүүлж хэрэгжүүлж чадвал үр дүн ойрхон байгааг дээрх жишээ харуулна. Гэхдээ  "Темасек”-ийн загварт хүрэхийн тулд маш их өөрчлөлт, шинэчлэлт хийх, ажиллах шаардлагатай. Дор хаяж 10 шатны зай байна. "Эрдэнэс Монгол”-ийн хувьд 1,5 дахь шатанд л яваа компани. Тэгэхээр шинэ захирлыг дээрх хөгжлийн загварыг Монголын хөрсөнд тохирсон байдлаар сайн буулгах том ажил хүлээж байна. Энгийнээр хэлбэл, тус компанийг дэлхийд өрсөлдөх чадвартай болгож, олон улсын стандартад нийцсэн өндөр чанарын бүтээгдэхүүнтэй, засаглалын хувьд зөв менежменттэйгээр хөгжүүлэхэд бодлогоо чиглүүлж ажиллах ёстой.

Дараагийн нэг том асуудал бол Засгийн газар, улс төрчидтэй хэл амаа ололцох нь хамгийн хүнд байж мэднэ. Монгол Улсын хувь заяаг шийдэх ордуудыг нэгтгэсэн нийтийн өмчит компани руу улс төрчид хэтэрхий оролцсоноос өнгөрсөн хугацаанд багагүй хэл ам гарсан. Ажил нь дорвитой явахгүй байгааг мэргэжилтнүүд төр, улстөртэй холбон тайлбарладаг. Хэрвээ дээрх компаниуд 100 хувь хувийнх байсан бол өнөөдөр ажил нэлээд явчихсан байх нь ойлгомжтой. Тиймээс төр бүх зүйлийг мэддэг, төр бүх ордыг эзэмшилдээ авах гэж дайрдаг, төр бүх зүйлд оролцдог, шахааны бизнес хийх гэж улайрдаг байдалдаа анхаарах цаг ирснийг харуулна. Мөн намынхаа нэг нөхрийг захирлаар нь тавьчихаад араас нь дарамталж, шахаж, ажлыг нь хийлгэдэггүй байдалдаа цэг тавих шаардлагатай.

Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн судлаач Д.Байлыхүү "Эрдэнэс МГЛ”-ийн бодит үнэлгээ, засаглалыг сайжруулах чиглэлээр судалж, тусгайлсан зөвлөмжийг гаргаж, тус компанид өгчээ. ""Эрдэнэс Монгол”-ын засаглалыг шинэчилж, хуульд заасны дагуу ажиллаж,тус компанийг тодорхой үр дүнд хүргэх зорилготойгоор шинэ удирдлагыг томилсон гэж ойлгож байгаа” хэмээн судлаач Д.Байлыхүү ярьсан.

Б.Бямбасайхан захирал Монголын Бизнесийн зөвлөлийн олон гишүүн компанийн бизнесмэнийн санал бодлыг төрд хүргэх, эдийн засаг, бизнесийн салбарт гарах олон хууль тогтоомж дээр санаа оноо өгч ажиллаж ирсэн. Харин одоо нийтийн өмчийн компанид очиж, өөрийн мэдлэг, туршлага, чадвараа гаргах л үлдлээ. Зөв цагт, зөв хүнээ сонгосон гэж олон хүн хэлж байна. Учир нь "Эрдэнэс МГЛ”-д хөрөнгө санхүүгийн зах зээлийг мэддэг, хөрөнгө босгох чадвартай, туршлагатай, дэлхийг Монголтой холбох, эх орноо дэлхийд танилцуулах, хурдтай, хүчтэй, хэлтэй, мэдлэгтэй удирдлага хэрэгтэй байгаа нь харагддаг байсан юм.

Эх сурвалж: mongolianeconomy

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх