Нийслэлд 150-200 ортой хүүхдийн эмнэлэг барина

Амьсгалын замын цочмог халдвар ихэсч буй учир нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргүүдийн хүүхдийн эмнэлэгт орны зохицуулалт хийх, эмч сувилагчдын тоог нэмэх, шаардлагатай эм тариа захиалах, томуугийн вакцинд эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хамруулах зэрэг олон талын арга хэмжээг авч эхэлсэн билээ. Энэ сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89587 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчний 6488 тохиолдлыг оношилжээ. Мөн Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж буй бөгөөд нийт өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байгаа гэсэн мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгч байна. Энэхүү нөхцөл байдалтай танилцахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.


Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг нь 165 ортой ч өнөөдрийн байдлаар 295 хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна. Тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн "Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, ор хүрэлцэхгүй байна. Манайх 165 ортой өнөөдрийн байдлаар 295 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Эмнэлгийн нягтрал ихэсч байгаатай холбогдуулан зарим зохион байгуулалтын ажил хийсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Сонгинохайрхан дүүргийн I амбулаторийн нэгдүгээр давхрыг чөлөөлж, 70 ор байрлуулж хүүхэд хэвтүүлэн эмчилж байна. Үүнийг Хүүхдийн III тасаг гэж түр нэрлэсэн. Энэ тасагт Улаан загалмайн нийгэмлэгээс 60 ор, хөнжил, гудастай нь өгсөн. Бид бүхэн өөрийн нөөц бололцоогоо дайчлан бүхэл бүтэн нэг тасгийн үйл ажиллагааг энд явуулж байна. Түүнээс гадна өрхийн эмч нар уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн анагаахын сургуулийн төгсөх курсынхныг дайчилж байна. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь уушгины хатгалгаа, багтраа өвчтэй. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой” хэмээн ярьсан.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв дүүргийн хүн ам 90 мянгад хүрч байх үед баригдсан. Гэтэл одоо тус дүүргийн хүн ам 140 мянгад хүрч тэдгээрийн 25 хувийг хүүхэд эзэлж байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдсэн учраас дүүргийн Нэгдсэн эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгожээ. Хэдийгээр амьсгалын замын цочмог халдварын эзлэх хувь 7.2 буюу харьцангуй бага гэсэн зэрэглэлтэй байгаа ч хүндрэлээс үүдэлтэй уушгины хатгалгаа, ялангуяа амьсгалын замын дутагдал илрэх хандлага ихэссэн. Энэ хэрээр хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдэж эмнэлгүүдийн орны ачаалал батлагдсан тооноос 30 орчим хувь, ялангуяа хүүхдийн орны ачаалал 90 хувиар хэтрэхэд хүрч буйг эмч нар хотын даргад танилцуулсан.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Томуу, томуу төст өвчний тархалт харьцангуй гайгүй ч амьсгалын замын цочмог халдвар ихэсчээ. Тархалт ихэсч магадгүй учраас хотын зүгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулж, зарим нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмийн ханган нийлүүлэлтийг сайжруулахаар ажиллаж байна” хэмээгээд ирэх жилээс нийслэлд 150-200 ортой хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөж байгааг дуулгав. Эмнэлгийг 2018 онд ашиглалтад оруулснаар нийслэлийн хүүхдийн эмнэлгийн одоо байгаа байдал харьцангуй дээрдэх боломжтой юм. Хотын дарга эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, эмчлүүлэгч тэдний асран хамгаалагч нартай уулзаж санал бодлыг нь сонсч, дуслын шахуурга, судас тодруулагч, дусал халаагч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг эмнэлгүүдэд өглөө.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг өнгөрсөн сарын 15-наас эхлэн уртасгасан цагаар буюу ажлын өдөр 20:00 цаг хүртэл, бямба гарагт 10:00-14:00 цагийн хооронд ажиллуулж эхэлсэн байна. Мөн 0-5 хүртэлх насны хүүхдийг эмч нар гэрээр нь үзэж, эмчилж байгаа хэмээн албаныхан хотын даргад танилцууллаа.
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх