Хөдөлгөөний дутагдал өвчний эх үүсвэр болдог


Хөдөлгөөний дутагдал өвчний эх үүсвэр болдогБаянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүрх, судас эхогийн эмч Н.Алимаагийн зөвлөгөөг хүргэе.

-Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин хөгшин залуу гэлтгүй түгээмэл болсон. Үүний дотроос цусны даралт ихсэх өвчин тэргүүлэх шинжтэй байна. Цусны даралт ихсэх өвчний шалтгааныг гадаад, дотоод гэж хоёр хуваадаг. Дотоод шалтгаанд нь удамшил ордог бол гадаад шалтгаанд нь стресс, хөдөлгөөний хомсдол, архи тамхи, буруу хооллолт, амьдралын буруу хэвшил багтдаг. Даралт ихсэх гадаад шалтгааныг эмчилж болдог бол дотоод шалтгааныг устгах боломжгүй.

Хүмүүс хөдөлгөөний дутагдалд орсноор таргадаг. Таргалалтын улмаас бодисын солилцооны өвчин үүсдэг. Харин III IV зэргийн таргалалт болвол зүрхний өвчин болдог. Мөн цусанд сахар, холестрин ихсэх нь цусны даралт ихсэх өвчний гол үүсвэр юм. Сахар ихсэх өвчин нь буруу хооллолтоос үүдэлтэй. Сахар, нүүрс ус ихтэй хоол хэрэглэснээр нойр булчирхайн үйл ажиллагаа алдагддаг. Ингэснээр жижиг болон том судсуудыг гэмтээж даралт ихсэх хүчин зүйл нь болдог.

Холестрин ихтэй хоол, амьтны гаралтай өөх тос, липид, триглицерид зэрэг нь судсыг хатууруулж, судасны нүх сүвийг нарийсгаж, даралт ихсэх, зүрхний титэм судасны нарийсалт үүсгэдэг аюултай. Иймд амьтны гаралтай өөх тосыг бага хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ огт хэрэглэхгүй хориглож болохгүй. Хүн хоногтоо биед хэрэгтэй нүүрс ус, өөх тос, уургийг заавал авах ёстой.

Мэдээж хөдөлгөөн эрүүл мэндэд хамгийн чухал. Хөдөлгөөн их байвал цусан дахь сахар бага байж, жижиг хялгасан судсууд бий болдог. Хялгасан судас их бий болвол зүрхний титэм судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Өөрөөр хэлбэл зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлж чадна.

Давсны зөв хэрэглээ даралт ихсэх өвчнөөс сэргийлэхэд тустай. Өдөрт давсыг 3-5 граммаас хэтрүүлэхгүй хэрэглэж сурах нь чухал. Цайгаа бол давсгүй ууж хэвших хэрэгтэй. Давсалсан, даршилсан ногоог аль болох хязгаарлаарай. Нэгэнт даралт ихсэх өвчтэй болсон бол эдгээр дэглэмүүдийг насан туршдаа сахиж, эмчийн хяналтан дор эм уух ёстой.

Цусны даралт ихсэх өвчин чухал эрхтнүүдэд нөлөөлдөг

-Хүний биед стресс удаан хуримтлагдсанаар төв мэдрэлийн системд сэрлийн голомт үүсч, ялихгүй цочролыг ч шууд хүлээн авснаар симпатик мэдрэл буюу цус хөдөлгөгч төвийг идэвхжүүлдэг. Ингэснээр даралт ихэсч, судсыг агшаадаг адерналин, катохоламин бодис их хэмжээгээр ялгардаг. Энэ бодис нь тархи, зүрх, нүд зэрэг чухал эрхтэнүүдийн болон захын судсуудыг агшааж, хөөж хавагнуулдаг. Хөвсийж хавагнасан судасны хананд натри, кальци бөөгнөрснөөр судасны нүх сүвийг нарийсгаснаар цусан хангамжийн алдагдлын өвчин бий болдог.

Цусан хангамжийн алдагдлын өвчин болон цусны даралт ихсэх өвчнийг нэг өвчний хоёр тал гэдэг. Учир нь энэ хоёр өвчин бие биенээ даган бий болдог. Цусны даралт ихсэх өвчнөөр олон жил өвдөх юм бол зүрхний титэм судасны нарийсалт, агшилт бий болно гэсэн үг. Тиймээс юун түрүүнд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Ер нь хүмүүс цусны даралт ихэссэн үедээ л эм ууж буулгачихаад яваад байдаг. Гэтэл энэ өвчин хүний биеийн чухал эрхтнүүдийг гэмтээж байдаг. Тархины судсыг гэмтээснээр цус харвалт болдог. Мөн нүдний судсыг гэмтээж, нүдний торлог бүрхэвчинд цус харвалт явагдсанаар хараа муудах буюу цаашлаад хараагүй болох аюултай. Харин зүрхний судсыг гэмтээвэл зүрхний шигдээс үүсч, зүрхний цусан хангамжийн архаг алдагдал, дутагдалд орно. Бөөрний судсыг гэмтээснээр бөөр жижгэрч, бөөрний дутагдалд ордог.

Тиймээс цусны даралт ихсэх өвчнөөс урдчилан сэргийлж зөв хооллож, хөдөлгөөнтэй байж, амьдралын зөв хэвшлийг сонгоорой.

 

 

ЭХ СУРВАЛЖ: UBSONIN.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх