ИНЖЕНЕРИЙН ЦЭРГЭЭС ТӨРСӨН ЭРХЭМ ГЕНЕРАЛУУД


"Инженерийн цэргийн холбоо” ТББ, МСЭ-ийн шагналт сэтгүүлч, соёлын тэргүүний ажилтан,

дэд хурандаа Батжаргалын ОТГОНБАЯР


 

Ерөнхий зориулалтын болон танк, артиллер, нисэх, агаарыг довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зэрэг төрөл мэргэжлийн цэргийн талаар хүмүүс сайтар ойлгоцтой байдаг бөгөөд байлдааны талбарт ямар зориулалт, үүрэг гүйцэтгэдгийг бараг бүгд мэднэ. Эдгээр төрөл, тусгай мэргэжлийн цэргийн дотроос инженерийн цэргийн талаар сүүлийн үед багахан мэдэх болжээ.

 

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГЭЭС ТӨРСӨН ЭРХЭМ ГЕНЕРАЛУУД

 Баруун гар талаас хурандаа Х.Жүгдэрнамжил, Д.Бавуу нар нөхдийн хамт


 


 

XIII зууны Монголын арми хэрэм, боомт эвдэх инженерийн ангитай байжээ

Инженерийн цэрэг нь тун ч гайхамшигт түүхтэй, тусгай мэргэжлийн төрлийн цэргийн нэг бөгөөд аль ч үүрэг гүйцэтгэхэд нэн тэргүүнд үүргээ гүйцэтгэдгийг ойлгох үүрэгтэй. Тэд байлдаанд ерөнхий зориулалтын ба танкийн цэргийн хамт нэгэн зэрэг буюу зарим тохиолдолд түүнээс ч эрт оролцдог онцлогтой. Инженерийн цэрэг нь дайн, байлдааны ажиллагаа дууссан ч тэдний хувьд энэ ажиллагаа дуусдаггүй үргэлжилдэг ганцхан төрөл мэргэжлийн цэрэг юм. Тухайлбал, сапёрчид чухамдаа домогт Халх голын дайн, түүнээс хойших үеийнсум, галт хэрэгслийг устгах, аюулгүй болгох ажилд энхийн цагт ч биечлэн оролцсоор байна.

Цэрэг, дайны урлагийг эртний үеэс нь судалж ажилладаг энгийн, цэргийн түүхийн судлаачид нь өөрсдийн анхаарлыг инженерийн цэрэгт хандуулсан нь төдий л их биш юм. Учир нь ялалтад хүрэхэд инженерийн цэргийн үүрэг, роль шийдвэрлэх зүйлс нь хэдий их биш ч, магадгүй үлэмж ач холбогдолтой байхыг үгүйсгэх аргагүй.

Түүхэнд агуу их эзэн хаад, жанжны нэр алдартай хамт инженерийн ууган мэргэжилтнүүдцөөн боловч ч дурдагддаг. Тухайлбал, аугаа Александр хааны инженер Диадес (нийтийн тооллын өмнөх 334 онд Халикарнассус цайзыг эзэлсэн),аугаа их жанжин Юлий Цезарийн инженер Мамурр (нийтийн тооллын өмнөх 49 онд Марселийг эзэлсэн) нарын тухай товчхон дурдсан нь буй.

Инженерийн цэргийн үүсэл, хөгжил нь нэн эртний түүхтэй бөгөөд монгол нутагт анхны хүн үүссэн тэр л цагаас монголчуудын инженерийн цэргийн ухаан, урлаг үүссэн болохыг манай эрдэмтэд тогтоогоод байна. Элдэв дайн тулалдаан, мөргөлдөөн, тэмцэл гарах бүрт л тухайн цэргийн өөрсдийн амьд хүчнээ хамгаалах асуудал, эсрэг талын үйл ажиллагааг саатуулах, тэдэнд хохирол учруулахын тулд ердийн аргаас эхлэн олон төрлийн арга ажиллагааг хэрэглэн, улам боловсронгуй болгон хэрэгжүүлж ирсэн нь цэргийн инженерийн хэргийн суурь эхлэл болсон юм.

XIII зууны монголчуудын их аян дайныг Чингис хаан эхлүүлсэн цагаас монголчуудын инженерийн цэргийн хөгжил, арга ухаан шинэ шатанд гарсан гэж үздэг бөгөөд энэхүү хөгжил нь цагийн эргэлтэд хөгжин баяжсаар орчин үеийн байлдааны инженерийн хангалтын үүрэг болж, байлдааны бие даасан нэгэн төрөл болтлоо хөгжиж иржээ.

Энэ мэт түүхэн баримтууд нь Америкийн эрдэмтэн Ж.Д.Вернадскийн ”XIII зууны Монголын арми бол тэр үеийн дэлхий дахины хамгийн шилдэг арми байсан нь ямар ч эргэлзээгүй. Энэ морьт арми нь хэрэм, боомт эвдэх инженерийн ангитай байжээ” хэмээн хэлснийг хөдөлгөөнгүй нотлох бөгөөд инженерийн цэргийн түүх, дайчин замнал нь өнө эртний улбаатай, ирээдүй хойчийн даллага, залгамж, холбоотойг мэдэрч болох юм. Дэлхийн нэрт улстөрч, Энэтхэгийн Ж.Неру "Александр Македонский, Юлий Цезарь нар Чингисийн цэргийн жанждын хажууд хэн ч биш байсан”-ыг шударга үнэлжээ. Тиймээс ч эзэн Чингис хаан "Мянган цэргийг олохуй дор хялбар, нэгэн жанжныг олохуй дор бэрх” хэмээн сургасан буй за.


 

"Эвдэх ба сэлбэн засах сапёрын салаа”-г анхлан байгуулсан

 

Орчин үеийн Зэвсэгт хүчний хөгжлийн түүхэнд инженерийн цэргийн гүйцэтгэж ирсэн түүхэн үүрэг, ач холбогдол үнэлж баршгүй их юм. Аливаа шинжлэх ухаан, техникийн хөгжил, түүний ололт, үр дүн нь хамгийн түрүүнд цэргийн хэрэгт нэвтэрч, улмаар Зэвсэгт хүчний чадавх, дайн, байлдааныг явуулах стратеги, оператив, тактикийн урлагт зарчмын өөрчлөлт оруулсаар ирсэн түүхтэй. Аливаа шинэ зэвсэг буй болохын хамт тэдгээртэй тэмцэх шинэ арга хэрэгсэл, шинэ техник, технологийг нэхдэг ба өнөөгийн дэлхийн инженер-сапёрын цэргийн хөгжил ч энэхүү жамыг тойроогүй юм. Ялангуяа дэлхийн I, II дайны жилүүдэд Европын орнууд, тэдгээрийн дотор Оросын инженерийн цэргийн хөгжилд өндөр амжилт олсон нь манай улсын хувьд тусгалаа олж, хуучны ЗХУ-ын тусламжтайгаар МАХЦ-т инженерийн цэргийн үр хөврөл буй болсон хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Монголын Ардын журамт цэрэг 1921-1922 онд манай орны баруун ба төв, зүүн хэсгийг цагаантнаас чөлөөлөх байлдааны үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж явуулсан бөгөөд энэ үед инженерийн цэрэг үүсч буй болоогүй ч инженерийн хангалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, эртний монгол цэргийн уламжлалыг хадгалсаар ирсэн.

МАХЦ-ийн түүхэнд 1927 оны эцсээр нэгдүгээр морьт хорооны орон тоонд туршилтын журмаар "Инженер-сапёрын салаа” оруулж, 1928 онд "Эвдэх ба сэлбэн засах сапёрын салаа”-г анхлан байгуулсан нь Монголын орчин үеийн армийн инженерийн цэргийн эхлэл байжээ. Тэрчлэн 1941-1942 онд төрөл мэргэжлийн цэргийн ангиудыг байгуулсны дотор Улаанбаатар хотод бэлтгэл инженерийн ротыг байгуулж, улмаар 1944 онд инженерийн тусгай ротыг байгуулсан юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэрэг нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1947 оны баруун хилийн тулгаралтад инженерийн хангалтын үүргүүдийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн баатарлаг түүхтэй. Зэвсэгт хүчин нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө зогсох төрийн чухал хэрэгсэл, нөгөө талаас даяаршлын өнөөгийн эрин үед даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хувь нэмрээ оруулах зайлшгүй нөхцөл, шаардлага үүсч байгаагаас үүдэн дэлхий нийтийн жишиг, жаягийн дагуу өөрчлөлт, шинэчлэлийг хийх нь зүй ёсны хэрэг юм.

Тэд Зэвсэгт хүчний тусгай чиг үүргүүдийг гүйцэтгэх болоод энх цагийн бүтээн байгуулалтын ажилд өөрсдийн бодит хувь нэмэр оруулан манлайлагч үүрэг гүйцэтгэсний дээр өнөө цагт НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан сургалт, дадлагад амжилттай оролцож, бусад төрөл мэргэжлийн анги, салбаруудад бодит үлгэр жишээ үзүүлсээр явна.

 

 

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГЭЭС ТӨРСӨН ЭРХЭМ ГЕНЕРАЛУУД

ОХУ-ын Цэргийн инженерийн академийн 1962 оны сонсогчид. Зүүн гар талаас Л.Моломжамц, Д.Төмөртогоо, Г.Махбариад, Г.Тогмид, С.Даваа нарын хамт


 

 

 

"Инженерийн” гэсэн тодотголтой зургаан генералын манлай нь Д.Бавуу

 

Аливаа улс орны тусгаар тогтнолын нэгэн баталгаа, эх орноо хамгаалах гол хүчин нь цэрэг, арми байсаар ирсэн. Цэрэг арми байгаа цагт тэднийг удирдах дээд дарга, генералууд байх ёстой бөгөөд энэ ч утгаараа генералуудыг улс орны тусгаар тогтнолын баталгааны нэгэн гол хүчин зүйл гэж үзэж болох ба манай оронд 1944 оноос хойших 71 жилд 172 генерал цолтон төрөн гарсан байна.

Тэдний дотор өнөөгийн Зэвсэгт хүчний хөгжлийн түүхэнд "инженерийн” гэсэн тодотголтой дэслэгч генерал Л.Моломжамц, хошууч генерал Д.Бавуу, Г.Махбариад, Х.Жүгдэрнамжил, бригадын генерал Р.Сүхбат, П.Доржсүрэн нарын зургаан генерал төрсөн бөгөөд тэд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэг болоод энх цагийн бүтээн байгуулалтад өөрийн мэдлэг, дадлага, ур чадвараа дайчлан онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн эрхэм хүмүүс гэдгийг мэдэх хүн олон биз.

Тэдний манлайд АЦХЭЯ-ны орлогч сайд бөгөөд Цэргийн барилгыг удирдах ерөнхий газрын дарга, БХЯ-ны цэргийн барилга, байршилт эрхэлсэн орлогч сайд, БХЯ-ны цэргийн барилгын асуудал эрхэлсэн орлогч сайд бөгөөд БЦУЕГ-ын дарга, БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яамны дэргэдэх цэрэг-агаарын цэргийн аттешегаар ажиллаж явсан хошууч генерал Дамбын Бавууг зүй ёсоор тооцдог. Хошууч генерал Д.Бавуу нь 1922онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэн сумын нутагт төрсөн бөгөөд бага сургууль, жанжин Д.Сүхбаатарын сургууль, ЗХУ-ын Ленинград хотын цэргийн инженерийн дунд сургууль, ЦЕС-ийн дэргэдэх академийн бэлтгэл курс, ЗХУ-ын Москва хотноо Барилга, инженерийн институтийн аспирантурт эчнээгээр суралцаж, дэд докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн ажээ. Тэрээр 1941 оноос эхлэн цэргийн алба хаасан бөгөөд 1945 оноос 5 дугаар морьт дивизийн сапёрын суманд салааны дарга, жагсаал ангийн орлогч, сумангийн дарга, ЦЕС-д курсийн дарга, инженерийн багш, Армийн цэргийн Ерөнхий штабт инженерийн албаны дарга, ерөнхий инженер, барилгын батальоны ерөнхий инженерээр ажиллаж байгаад цэргийн албанаас бэлтгэлээр халагдан, Улсын барилгын хорооны үйлдвэрийн хэлтэст зохион байгуулалтын инженер, Улаанбаатар хотын барилга трестэд ерөнхий инженер, БНМАУ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байжээ. Тэрээр цэргийн албанд дахин ирж, Барилга, эдийн засгийн комиссын орлогч бөгөөд Дархан хотын барилгуудыг удирдах ерөнхий газрын дарга, АЦХЭЯ-ны орлогч сайд бөгөөд Цэргийн барилгыг удирдах ерөнхий газрын дарга, БХЯ-ны цэргийн барилга байршилт эрхэлсэн орлогч сайд, БХЯ-ны цэргийн барилгын асуудал эрхэлсэн орлогч сайд бөгөөд БЦУЕГ-ын даргаар тус тус ажиллажээ. Мөн тэрбээр 1983-1985 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яамны дэргэдэх цэрэг-агаарын цэргийн аттешегаар ажиллаж байсан нь Монголын хоёр дахь цэргийн атташе, цэргийн дипломатч гэдгээрээ алдаршсан юм.

Улс орны батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, энх цагийн бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлж, Д.Бавууд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1963 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар тогтоолоор хошууч генерал цол шагнасан билээ.

 

 

Монголын 52 дахь генерал Г.Махбариад

 

Инженерийн цэргээс төрсөн удаах генерал нь хошууч генерал Галсансанзайн Махбариад билээ. Тэрээр 1934 онд Дорноговь аймагт төрж, сумын зарлага, аймгийн хоршоодын холбооны бичээчээр ажиллаж байгаад 1955 онд цэргийн албанд сайн дураараа татагдаж, Офицеруудын ордны дэргэд цэргийнхэнд зориулсан оройн бүрэн дунд сургууль, хуучнаар ЗХУ-ын Цэргийн инженерийн академи, К.Е.Ворошиловын нэрэмжит Жанжин штабын академид тус тус амжилттай суралцан төгссөн.

ЗХЖШ-ын Газрын зургийн хэлтэст инженер, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, БХЯ-ны орлогч сайд, Улсын Иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж, цэргийн албанд 36 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн манай нэр хүндтэй генералуудын нэг юм.

Өөрийн эрхэлсэн ажилдаа үнэнч зүтгэлтэй байж, Зэвсэгт хүчний хөгжил, дэвшилд өөрийн үнэт хувь нэмрээ оруулж ирсэн гавьяаг нь төр, засаг үнэлэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 119 дүгээр тогтоолоор хошууч генерал цол хүртээж, тухайн үедээ Монгол Улсын 52 дахь генералаар тодорч байсан.

Г.Махбариад генерал өөрийн дурсамждаа: "1955 он миний амьдралын түүхэн жил байсан юм. Ажил зогсоно, цэрэгт явуулахгүй гэсэн даргынхаа чөлөөлөх бичгийг үл тоон, хүрээ орж, эрдэм номын мөр хөөхөөр шийдсэн маань нүдээ олсон. Үгүй бол би цэргийн энэ өндөр албан тушаалыг хашиж, генерал цол хүртээ ч бил үү, үгүй ч билүү. Төр, түмний маань хишиг, миний амьдралын зураг тийм байсан бөгөөд би ажлын төлөө нэг сэтгэл, зорилготой ажиллаж, төр, засгаас даалгасан бүхий л үүрэг, даалгаврыг үлгэр жишээ биелүүлж ирсний маань ач гавьяа юм” хэмээн өгүүлэхдээ "Миний ажил, амьдралын гараа инженерийн цэргээс эхтэй юм шүү” хэмээн ихэд бахархалтайгаар онцгойлсон юм.

Тэрчлэн Зэвсэгт хүчний инженерийн цэргийн түүхэнд Батлан хамгаалах яамны сайд төрөн гарснаар үе үеийн төрөл, тусгай мэргэжлийнхэн, түүний дотор инженерийн "угшилтай” цэргийн бид ямагт бахархаж, эрхэм генералаа цаг ямагт дээдэлсээр, түүний амжилт, бүтээл, алдар гавьяаг магтан биширсээр явна.

Тэрчлэн Зэвсэгт хүчний инженерийн цэргийн түүхэнд Батлан хамгаалах яамны сайд төрөн гарснаар үе үеийн төрөл мэргэжлийнхэн, түүний дотор инженерийн "угшилтай” цэргийн бид ямагт бахархаж, эрхэм генералаарД.Сүхбаатарын талбайд болсон Улс хувьсгалын ойн цэргийн ёслолын жагсаалыг найман удаа командалж явсныг Монголын генерал, офицеруудын түүхэнд ховорт орох болсонд нь бахархаж, цаг ямагт дээдэлсээр, түүний амжилт, бүтээл, алдар гавьяаг магтан биширсээр явна.


 

Инженерийн цэргийнхний хүндэт ерөнхийлөгч Л.Моломжамц

 

Дэслэгч генерал Л.Моломжамц 1936 онд Булган аймгийн Баян-Агт сумын нутагт төрсөн ба Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургууль, Цэргийн ерөнхий сургууль, ЗХУ-д Москва хотод В.В.Куйбышевийн нэрэмжит цэргийн инженерийн академи, К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, мөн тус академийн курст тус тус суралцаж төгсчээ. Тэрээр "Алдар” нийгэмлэгийн бичээч-тамирчин, сургалт нэвтрүүлэгч бөгөөд зохион байгуулагч, нэгдүгээр мотобуудлагын тусгай бригадын инженер, Ардын армийн Жанжин штабын инженерийн албанд офицер, ахлах офицер, инженерийн хэлтсийн дарга, Ардын армийн Жанжин штабын байлдааны бэлтгэл хэлтсийн дарга, БХЯ-ны байлдааны бэлтгэлийн удирдах газрын дарга, МАХН-ын Төв хорооны захиргааны байгууллагын хэлтсийн орлогч эрхлэгч, БНМАУ-ын БХЯ-ны сайд, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн ажилтан, ЦИС-ийн оперативын факультетын дарга, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв. Л.Моломжамцад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979 оны зургадугаар сарын 6-ны өдрийн 176 дугаар тогтоолоор хошууч генерал, 1989 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 234 дүгээр тогтоолоор дэслэгч генерал цол хүртээсэн байдаг.

Өдгөө ахмад дайчин маань гавьяаныхаа амралтад суусан ч улс орныхоо аюулгүй байдал, орчин цагийн Зэвсэгт хүчний байгуулалт, түүний дотор инженерийн цэргийн өөрчлөлт, шинэчлэлийн тулгамдсан бүхий л асуудлаар үргэлж санаа тавин, сургаал, сургамж, туршлагаа хуваалцаж явдаг бөгөөд "Инженерийн цэргийн холбоо” ТББ-ын "Хүндэт ерөнхийлөгч”-өөр ажиллан, энэ цэргийн түүхийг сэргээн түүчээлэн бичүүлэх, ахмад үеийнхний болон инженерийн анги, салбарын алдар гавьяаг олон нийтэд түгээх, алдаршуулах олон ажил, арга хэмжээг удирдан зохион байгуулж байна.

Дэслэгч генерал Л.Моломжамц өөрийн дурсамждаа "Манай инженерийн ангийн дайчид, найз нөхөд маань зөвхөн 1966 оны усны их үерийн үеэр аврах ба сэргээн босгох ажлыг амжилттай гүйцэтгэж, олон түмнээс өндөр үнэлэлт авсан төдийгүй, эх орныхоо зам, барилгын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэр нь гавьяатын байтугай, баатрын дайтай үнэлэгдэх бүтээлч үйл ажиллагаа байсан юм” хэмээн сэтгэл дүүрэн өгүүлсэн нь түүний инженерийн цэргээрээ ямагт бахархаж ирсний бодит жишээ буюу.


 

Барилгачнаас сайд болсон генерал О.Жүгдэрнамжил

 

Инженерийн цэргийнхний бахархал болсон дараагийн генерал нь хошууч генерал Хас-Очирын Жүгдэрнамжил бөгөөд 1945 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт төрсөн. Тэрээр дунд сургууль, Барилгын техникум, ЗХУ-д В.В.Куйбышевийн нэрэмжит Цэргийн инженерийн академид суралцан өөрийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн нэгэн. Анх цэргийн албанд 1966 онд ирж, Барилгын цэргийн 030 дугаар ангид сантехникч, Барилгын зургадугаар батальонд ерөнхий инженер, Барилгын цэргийн ерөнхий газарт үйлдвэрийн хэлтсийн дарга, мөн газрын штабын дарга, Барилгын цэргийн дөрөвдүгээр хорооны захирагч, Барилгын цэргийн 186 дугаар ангийн захирагч, БХЯ-ны орлогч сайд бөгөөд БЦЕГ-ын дарга, Барилгын цэргийн 073 дугаар ангид барилгын талбайн дарга, МАА-ийн АТУГ-ын Их барилга, орон сууцны хэлтсийн дарга, МАЦ-ийн Ар талын дарга, Зэвсэгт хүчний АТУГ-ын даргаар тус тус ажиллаж байлаа. Хошууч генерал Х.Жүгдэрнамжил генералынх үе дамжсан цэргийн гэр бүлийнхэн бөгөөд түүний хүү Ж.Баясгалан нь Зэвсэгт хүчиндээ "Хувцасны” хэмээн хүндлэгдсэн нэгэн ба өдгөө БХЯ-ны Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газарт тасгийн даргаар, харин Ж.Баясгалангийн хүү Б.Дөлгөөн нь БХИС-ийн Цэргийн командын сургуулийг ар тал, эдийн засгийн мэргэжлээр төгсч, өдгөө Зэвсэгт хүчний 167 дугаар ангид батальоны аж ахуйн даргаар томилогдон үр бүтээлтэй ажиллаж байгаа нь бас л нэг бахархал билээ.

Х.Жүгдэрнамжилд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1984 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор хошууч генерал цол хүртээсэн ба инженерийн цэргээс тодорсон эрхэм генералын эх орон, БХЯ, ЗХЖШ, барилгын цэргийн хөгжил, дэвшилд оруулсан их хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2006 онд "Гавьяат барилгачин” хэмээх эрхэм цолыг хүртээсэн нь үе үеийн барилгачин, инженерүүдийн гарамгай амжилт, бүтээлч үйлсийн илэрхийлэл байлаа.

 

 

Инженерийн цэргийн бахархал болсон генералуудын нэг Р.Сүхбат

 

Инженерийн цэргийн бахархал болсон генералуудын нэг нь өдгөө Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Раднаабазарын Сүхбат юм. Тэрбээр Архангай аймгийн харьяат нэгэн ба мөн л ЗХУ-д инженерийн цэргийн сургууль дүүргэж, Зэвсэгт хүчний инженерийн ангид салаа, ротын захирагчаас албаны даргын албан тушаалд дэвшин томилогдож, үр бүтээлтэй ажиллаж байгаад, 1997 онд БХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академид элсэн суралцсан юм. Тухайн үеийн дэд хурандаа Р.Сүхбат академид суралцаж байхдаа өөрийн цэргийн хэргийн ур чадвараа дээшлүүлэхэд онцгой анхаарч, аливаа сургалт, дадлага, команд штабын сургуульд зөвхөн инженерийн гэж явцууралгүй, бригад, хорооны захирагч, орлогчийн албан тушаалд "тоглож”, академийн удирдлага, багш нараас байнга л магтаал сонсч, сайшаагдаж явсан юм. Тэр ч чанараараа ЗХЖШ-т мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар шат дараалан томилогдсон ба Цэргийн сургалтын хэлтсийн даргаар ажиллаж, Зэвсэгт хүчний сургалтыг эрчимжүүлэх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтыг цагийн байдалд ойртсон нөхцөлд зохион байгуулж, үр дүнг тооцох талаар нилээд ажлыг амжуулсан байдаг. Энэ бүхний үр дүнд ОХУ-д ЗХЖШ-ын академид суралцаж, улмаар Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагчаар, мөн ЗХЖШ-ын ЦУдСТГ-ын орлогч даргаар дэвшин ажиллаж, өөрийн цэргийн хэргийн дадлага, ур чадвараа улам бүр ахиулсан. Тэрээр өдгөө Зэвсэгт хүчний цөм болсон Ерөнхий зориулалтын цэргийн командлагчаар томилогдон ажиллаж, командлалын харьяа Зэвсэгт хүчний ангиудын бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэл, соёл хүмүүжлийн ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, ар талын хангалтыг сайжруулах, бие бүрэлдэхүүний мэдлэг, дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх, орчин, нөхцөлийг сайжруулах талаар ихээхэн санаачлагатай ажиллаж байгаад бид ямагт бахархсаар явна.


 

Отгон генерал П.Доржсүрэн ч инженерийн цэргийнх

 

Харин инженерийн тодотголтой, энэ мэргэжлээр харьцангуй олон жил ажиллаж, дадлага, туршлага хуримтлуулсан, одоогоор манай генералуудын отгон болоод байгаа бригадын генерал Пүрэвийн Доржсүрэн билээ. Сэлэнгэ аймгийн харъяат, Зүүнхараагийн унаган хүү П.Доржсүрэн барилга, трактор, комбайны ТМС-ийг дүүргэж, атрын аянд оролцож явсан хэдий ч өөрийн сонирхол, мэдлэг, ур чадвараараа Зэвсэгт хүчний халуун ам бүлд нэгдэж, партизан өвөө болон 2 дайнд эмнэлгийн албаны даргаар үүрэг гүйцэтгэсэн аавынхаа удмыг залгасан нэгэн. Тэрээр офицерийн мэргэжил дээшлүүлэх курс, хуучнаар ЗХУ-д "цэргийн инженерийн тодотголтой” сургуулийг шат дараалан төгсч, манай Зэвсэгт хүчний инженерийн гэгддэг ангиудад албаны дарга, инженер, хорооны захирагч гээд бүхий л албан тушаалуудад мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажилласан юм. Түүний ажил, амьдралын гараа Зэвсэгт хүчний инженерийн ууган хороотой байнга холбогдох бөгөөд энэ ангийн захирагчаар ажилласан хугацаанд түүний удирдсан анги Зэвсэгт хүчний тэргүүний ангийн болзлыг улам бүр бататган амжилт, бүтээлээр дүүрэн байсныг түүх гэрчилнэ. Бригадын генерал П.Доржсүрэн хэсэг хугацаанд Батлан хамгаалахын удирдлагын академид мэргэжлийнхээ дагуу ахлах багшаар ажиллаж байгаад, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн даргаар дэвшин ажилласан билээ. Удалгүй 2010 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Баян-Өлгий аймагт шинээр байгуулагдсан "Барилга-инженерийн” гэгддэг, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн анхны захирагчаар томилогдсон юм. Тэрээр энэ ангийн захирагчаар ажиллахдаа өмнө Зэвсэгт хүчний 234, 014 дүгээр ангийн захирагчаар ажилласан туршлагадаа тулгуурлан ангийн тулгын чулууг зөв тавих, орон нутаг, иргэдийн итгэл, дэмжлэгийг хүлээх, барилга, бүтээн босголтын төлөвлөгөөт ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, анги, салбарыг тохижуулах, бие бүрэлдэхүүнийхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх гээд олон шинэ зорилго, зорилттой тулгарч, түүнийгээ амжилттай шийдвэрлэж чадсан юм.

Бригадын генерал П.Доржсүрэнгийн аливаа ажилд бүтээлчээр ханддаг, төлөвлөсөн ажлаа заавал хэрэгжүүлж байж, санаа нь амардаг, байнга л хамт олон, хүний төлөө гэсэн чин эрмэлзэлтэй явдаг, удирдах менежментэд бүрэн дадлагажсан зэрэг нь түүний гаргасан ажлын амжилтад шууд нөлөөлсөн байдаг. Тухайлбал, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит "Зэвсэгт хүчний тэргүүний тохижилттой анги” шалгаруулах болзолт уралдаанд бусад ангиудаа манлайлан, "Зэвсэгт хүчний тэргүүний анги”-аар хоёр жил дараалан шалгарсан амжилт нь түүний бүтээлч үйл ажиллагааны үр дүн гэдэг нь гарцаагүй. Тэрээр Монгол Улсын хэмжээнд шийдэж чадахгүй олон жил болсон Баян-Өлгий аймаг дахь Асгатын мөнгөний орд хүртэлх сайжруулсан замыг монгол цэргүүд, монгол инженерийн ур ухаанаар богино хугацаанд тавьж, гүүр, даланг босгож чаддагийн бодит жишээг харуулж, ажлын фронтод өөрийн биеэр үлгэрлэн, бусдыгаа манлайлж, түүхэнд мөнхөрсөн гэдгээр инженерийнхэн бас л бахархал дүүрэн яваа.

Түүний ажлын амжилт, дадлага, туршлага, удирдлагын менежмент, зохион байгуулах авьяас, чадварыг нь ЗХЖШ-ын удирдлага өндрөөр үнэлж, Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч, ЗХЖШ-ын ХШҮГ-ын даргаар дэвшүүлэн томилсон юм. Ингэснээр түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Бригадын генерал” хэмээх эрхэм цолыг хүртээсэн ба өнөөгийн байдлаар отгон генералын нэгээр тодроод байгаа ба цаашид булган сүүлтэй байж, олон генералыг араасаа дагуулах нь гарцаагүй билээ.

Ийнхүү инженерийн цэргийн тодотголтой эрхэм генералууд Монгол эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалт болоод батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэлд өөр өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд өдгөө ч амжилт, бүтээлээр дүүрэн явна.

Тиймээс ч

Алтан саатай мөрдэсний эзэн

Генерал таныгаа хүндлэн дээдэлье.

Алдар гавьяаны мөнхийн оргил

Генерал таныгаа магтан дуулъя гэсэн өөрийн дууныхаа шад шүлгээр инженерийн тодотголтой эрхэм генералууддаа мэхийн хүндэтгэл үзүүлье гэсэн минь энэ билээ.

Ингэж "инженерийн” угшилтай генералуудын маань гавьяат үйлс үеийн үед дуурсагдаж, өнө мөнхөд алдаршиж, сайн үйлс бүхэн дэлгэрч явахын ерөөл өргөе.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *