Солонгос эмч нарт талархал илэрхийлэв

Долоон настай охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа 15 цаг орчим үргэлжилж амжилттай дууссан. Бяцхан охины амийг аварсан хагалгааг хийхэд монгол эмч нартай хамтарч ажилласан БНСУ-ын АСАН төвийн профессорын багийн ахлагч ахлагч доктор Moon Deok-Bok, эмч Jung Dong-Hwan, Kang Woo-Hyun; анестезиолог Jun In-Gu нарыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монгол Улсад хийсэн элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаанд монгол эмч нартай хамтарч ажилласанд талархал илэрхийлээд АСАН төвийн эмч нарыг Эрүүл мэндийн яамны "Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулав. А.Цогцэцэг сайд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны Солонгосын багийнхан манай эмч нартай хамтарч 26 хүнд элэг шилжүүлэн суулгасан бөгөөд монгол хүнд туслах чин сэтгэлээр ямар ч үнэ хөлсгүйгээр энэ ажлыг хийсэн гэдгийг уулзалтын үеэр онцолж байлаа.

Элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгааг долоон настай Л.Бүжинлхам охинд хийсэн бөгөөд охин төрөөд шарлалт нь арилахгүй, бие нь шар, нүд нь ногоон туяатай байсаар 3 сартайд нь ЭХЭМҮТ-д үзүүлэхэд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэсэн оноштойгоор мэс засал хийлгэжээ. Гэвч элэгний хатуурал үүссэн учраас заримдаа цусаар хүндэрч, бөөлжиж улмаар 2015 оноос улам хүндэрч элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон. Охины ээж нь донор болж энэхүү хагалгаанд орсон юм.

Эмч нарын хэлж буйгаар хагалгаа амжилттай дууссан ч одоо хамгийн хариуцлагатай үе тул онцгой хяналттайгаар хагалгааны дараах үе шаттай эмчилгээг хийж байгаа гэнэ.

 

 

Солонгос эмч нарт талархал илэрхийлэв

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх