Х.Бадамсүрэнг харлуулах нь хэний сонирхол вэ?

Х.Бадамсүрэнг харлуулах нь хэний сонирхол вэ?М.МАНДАХ

Үндэсний уул уурхайн тодорхой зүтгэлтэн Х.Бадамсүрэн Монголыг тэжээгч Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал болоод тун удаагүй байна. Ажил авсан өдрөөс нь хэвлэл, цахимаар балбаж өглөө. Шинэ ажил авсан цаг хугацаа нь ч тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийн хамаарлыг хууль тогтоох дээд байгууллагын шийдвэр гарч төрд эгүүлэх чиглэлтэй давхацлаа. 

Юуны өмнө тус үйлдвэрийн үйл ажиллагааг харлуулах захиалгыг тодорхой эрх ашигтнууд хийлээ. Үүний бай нь Х.Бадамсүрэн. Түүний тухай ахуйн чанартай олон сөрөг мэдээлэл түгээгдэв. Машин авлаа л гэнэ, байраа заслаа л гэнэ, зөвлөхүүд тойрууллаа л гэнэ. Буруу нь ч бий биз, зөв нь ч бий биз. Ердийн ухамсарын түвшинд үзэхэд, энэ үйлдвэрийн захирал хэзээнээс иймэрхүү боломжийг эдэлж, тэр хэрээр хариуцлага, ажил үүргээ гүйцэтгэж ирсэнийг "Эрдэнэт”-ийн түүх харуулдаг. Шинэ захирал өөртэй нь холбоотой сөрөг мэдээллийн үерт ер хариу өгсөнгүй. Энэ нь хамгийн нэгдүгээрт мөнөөх мэдээллүүдийг хэрхэн дүгнэн хүлээж авч байгаатай холбоотой байх. Жин цувж л байна, жингэр хуцаж л байдаг гэсэн эл доль үгийг санагдуулах. Х.Бадамсүрэнгийн багцааг Монголын нийгэм, олон нийт ч мэдэх. Уул уурхайн талдаа тийм ч могдорлуулах, цаг үеийн шалгуурт гологдох мэргэжилтэн биш.

Явж ирсэн зам нь, удирдсан ажлууд нь хэлээд өгөхөөр. Ер нь шилэгдэж энэ ажилд очоо байлгүй. Засаг төр ч ингэж итгэл хүлээлгэж, энэ хандлагаар ажилд томилсон хүнээ хамгаалах, ажиллуулах хэрэгтэй биз ээ. Энэ шалгуурыг нь ч шинэ захирал хангахаар зүтгэж байгаа шиг билээ. Үйлдвэрийн оны эхний улирлын орлого ашиг нь улсын санд ороод эхэлсэн, энэ нь өмнөх жилийнхтэй тэнцэхээр дуулдсан.

Тус үйлдвэртэй холбоотой гадаад зарим өр маргааныг ч эв зүйг нь олж, дорвитой шийдсэн бололтой байна билээ. Ер нь Х.Бадамсүрэн захирал ойрмог ажил байдлаа олон нийттэй тайлагнаж мэдээлэх байлгүй дээ. Анзаараад байхад, мань захирлыг ажлаа аваад, эхний үр дүнгээ нийгэмд үзүүлэхээс өрсөж харлуулах гэсэн, амжилтаас "айсан” хүмүүс улс төр, эдийн засаг, санхүү банк тойрсон бүлэглэл нь тодорхой. Тэд л хар утаа уугиулж байгааг эрхбиш нийгмээ уншиж сурсан тэргүүлэх үзэл санаатнууд инээвхийлэн ярьж байна. Х.Бадамсүрэн ажлаа аваад ердөө гурав дөрвөн сар л болж байна. Жаахан харцгаая л даа, та минь. Бүх үр дүн ажлын үзүүлэлтээр хэмжигдэнэ. Тэр "Эрдэнэт”-д томилогдсоор хэдэн төгрөгийн ашигтай ажиллуулав , юуг шийдэв гэдгийг л эрүүл нийгмийн индрээс авч үзэх хэрэгтэй.  "Эрдэнэт” бол үргэлж л Монголын саалийн үнээ, тэжээгч байсаар ирсэн.

Бодьтой мөнгө улсад татвараар тушааж, улсын хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ өрмийг нь эрх мэдэлтнүүд хамалцах гэж, тэнд томилогдсон хүнийг мэрдэг. Атгах гэж оролддог. Ийм л зүйлүүд Х.Бадамсүрэнг ээрээд байх шиг байна. "Эрдэнэт” бол  дорвитой шиг мега төсөл явуулах гэхэд зээл өгч чаддагүй  банкуудаас хамаагүй дээр аж ахуй шүү дээ. Үйлдвэрлэл ашиг нь үндэстний, нийт олны эрх ашгийн тулд л зарцуулагддаг. Түүнээс биш нэг хэсгийн төлөө зарцуулагддаггүй. "Эрдэнэт”-ийг их зөвөөр харах хэрэгтэй санагдана.    

Үнэндээ бол Х.Бадамсүрэн Орос Монголын хамтарсан үйлдвэр байх үеэс л оросуудтай учраа олж сурсан хүн. Ойлголцож, ажлаа явуулж байсан мэргэжилтэн. Үйлдвэрт шударга бусын шахаа хийхэд тээглэх зангараг, мэдлэг, ажлын дадлагыг тэр эзэмшсэн. Тансаглалаа гэж шуугих. Мэдэхгүй юм даа. Уг нь, юм үзэж, нүд тайлсан,  эрдмийн, бүтээлч оюуны энэ зэргийн эр тийм тавилга энэхэнд дурламааргүй.

Учир нь  тайлагдана биз. Хэрэг дээрээ Х.Бадамсүрэн хоёр улс тус үйлдвэрийг тавь тавин хувь эзэмшиж байхад Монголынх дээрээ нэг хувийг нэмж, 51 болгохыг санаачилж хэрэгжүүлэлцсэн хүн. УИХ-ын гишүүн байхдаа ч Оюу толгой, Тавантолгой зэрэг мега төслийн хувь заяаг эерүүлэн  хөдөлгөж байсаныг мэдэх хүмүүс нь мэдэх байх аа.  Эдүгээ "Эрдэнэт” бүхлээрээ Монголчуудын нуруун дээр ирсэн энэ үед нэг хүнийг унагах гэж муйхар дайралт хийхдээ, улс орныхоо тэжээгч нэг үйлдвэрээ унагачихвал Монголд л хохиролтой, үндэстэнд л гарзтай. Зөв хөдөлгөсөнийг буруу залмааргүй.

Эх сурвалж: mminfo.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх