“Хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох” хөтөлбөрийн хүрээ өргөжинө

 

“Хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох” хөтөлбөрийн хүрээ өргөжинө

 

Авлигатай тэмцэх газар дээр Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр АТГ-ын ажилтнууд Хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн мэргэжилтнүүдтэй санал солилцож байна. Хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох чиглэлээр АТГ санаачилга гарган НҮБ-ын Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох олон улсын байгууллагын төлөөлөгчдийг урьж уулзаж, хамтарч ажиллаж байгаа аж.

Өчигдөр эхэлсэн сургалтын нээлтийн өмнө АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал "Стар” санаачилгын төлөөлөгч Лаура Попыг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Хамтын ажиллагааны хүрээнд "Монгол Улсын хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох чадавхийг бэхжүүлэх” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд цаашид хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа "Стар” санаачилгын төлөөлөгч Лаура Поп АТГ-ын дарга Х.Энхжаргалтай уулзахдаа илэрхийлсэн байна.

"Стар” санаачилгын төлөөлөгчтэй хийсэн уулзалтын үеэр АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал Монгол Улсад хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах боломжийг нэмэгдүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах, энэ чиглэлийн зохион байгуулалтыг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн цахим программыг шинэчилж сайжруулах зэрэг чиглэлээр санаачилга гарган ажиллаж байгаагаа танилцуулж, хөтөлбөрийг үргэлжлүүлэх болсон нь манай улсад авлигатай тэмцэх болон хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх буцаан олгох ажилд томоохон дэмжлэг болно гэдгийг онцолсон байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь НҮБ-ын конвенц, авлигын эсрэг баримт бичгийн хүрээнд хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох асуудлаар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох олон улсын "СТАР” санаачилгын байгууллагатай хамтран ажиллаж ирсэн билээ.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх