ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ


ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙМУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхмийн багш, доктор, профессор П.Одгэрэлтэй Зөрчлийн тухай хуулийн талаар цөөн хором хөөрөлдөв.

-УИХ-аар Зөрчлийн тухай хууль болон Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Эдгээр хуулийн төслийн талаар таны бодлыг сонсох гэсэн юм?
-Захиргааны эрх зүй судлаач хүний хувьд Зөрчлийн тухай хууль болон Зөрчлийг хянан шалгах тухай хуулийн төслийг үндсэн гол концепцынх хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь салбарын хууль болон дүрэм журам зөрчсөн зөрчил нь 2016 онд батлагдсан зөрчлийн тухай хуулиар захиргааны эрх зүйгээс эрүүгийн эрх зүйд хамаарахаар хуульчилсан.
Захиргааны эрх зүйн үндсэн зарчим нь иргэдийг торгох шийтгэх биш иргэдэд зөвлөх үйлчлэх чиг үүргээр илэрхийлэгддэг. Тийм ч учраас мэргэжлийн хяналтын байцаагч нь хуульч биш эмч, эдийн засагч, газарзүйч гэх мэт тухайн салбарын мэргэжилтнүүд байдаг бөгөөд иргэд тухайн салбарын хууль, дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд эхлээд зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар бүхий албан шаардлага өгөөд түүнийг биелүүлэхгүй бол торгох шийтгэх асуудал яригддаг.
Харин эрүүгийн эрх зүйн үндсэн зарчим нь гэмт үйлдэл болгонд тохирсон ял шийтгэл ногдуулахад оршдог. Зөрчлийн тухай хуульд иргэдийн гаргасан зөрчил болгонд шийтгэл ногдуулахаар шууд хуульчлан зөрчлийг жижиг гэмт хэрэг хэмээн үзсэн. Энэхүү зарчмын шинжтэй өөрчлөлт нь маш олон үр дагаврыг араасаа дагуулна. Тухайлбал зөрчлийг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэхээр болж, хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрчлөгдөж, иргэд нэхэмжлэгч байснаа хариуцагч болох зэргээр эрс өөрчлөлтүүд гарч байна. Ийм учраас л зөрчлийн хуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Судлаачийн хувьд зөрчил болгонд шийтгэл ногдуулдаг ийм хуультай улс орныг мэдэхгүй юм байна.

 

-Иргэд болон нийгэмд хэрэгтэй зайлшгүй шаардлагатай болоод л энэхүү өөрчлөлтийг хийсэн байж таарна аа даа?
-Уг нь одоо байгаа хуулийн зохицуулалтыг л сайжруулах гэж л өөрчилж шинэчилдэг гэж би ойлгодог. Гэтэл эсрэгээрээ одоо байгаагаа дордуулсан хууль, хуулийн төсөл яваад байна. Бодит байдал дээрээ иргэдийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль болсон.
Одоо хүчин хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар мэргэжлийн хяналтын байцаагч албан шаардлага тавьсан эсвэл торгосон тохиолдолд иргэд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэв тэрээр хууль зөрчсөн тогтоогдвол уг актуудыг хүчингүй болгуулж эрх хамгаалдаг бол зөрчлийн хууль хүчин төгөлдөр болсноор эрүүгийн шүүхээр иргэдийн зөрчил бүхий үйлдлийн бодит байдлыг тогтоох ажиллагаа явуулах учир иргэд гэмт этгээд буюу хариуцагч болох бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагч, прокурор, шүүгч бүгд иргэдийг яллах талд эсрэг ажиллана.
Дээр нь нэмж хэлэхэд мэргэжлийн хяналтын байцаагчийн ажиллагаанд эрүүгийн шүүх хяналт тавихгүй учир шүүхийн хяналтын гадна хоцорно. Хуулийн төслөөр прокурор иргэдийн гомдол мэдээллээр зөрчлийн хэрэг үүсгэх, хянан шалгах, шүүх хуралд яллагчаар оролцох зэргээр хуульчилсан байна. Мэргэжлийн хяналтын байцаагч дээр прокурор нэмэгдэхээр бизнессийн орчинд дарамт ихэснэ гэсэн үг. Төрийн хяналт нэмэгдэнэ гэдэг чинь шууд утгаараа авлигын орчин шинээр нэмэгдэнэ гэсэн үг. Яагаад ийм өөрчлөлт хэрэгтэй болсныг үнэндээ сайн ойлгохгүй байна.

 

-Иргэдийг 230 гаруй хуулиар торгож шийтгэдэг байсан бол одоо ганцхан хуулиар торгож шийтгэдэг болсон гээд дэвшилттэй зүйлүүд хийгдсэн гээд ярьж байна?
-Захиргааны эрх зүй судлаачийн хувьд үүнийг одоогийн хүрсэн хуулийн хөгжлийн төвшнөөс ухралт хийсэн болхиоролдлого хэмээн үзэж байна. Зөрчлийн хуулийг анх санаачлагч нь иргэдийг олон хуулиар биш нэг хуулиар шийтгэх өөрөөр хэлбэл "ял, шийтгэлийг нэг цонх”-оор харах үндсэн концепцээр зөрчлийн хуулийн төслийг боловсруулсан хэмээн мэдэгдэж байгаа юм.
Энэ нь шууд утгаараа шинээр эрүүгийн хууль дахиад бий болгосон гэсэн үг. Иргэд, бизнесс эрхлэгчдийг гэмт этгээд гэж үзээд яллах, шийтгэх байр суурьнаас хууль боловсруулсан байна шүү дээ. Нөгөө талаас салбарын 230 гаруй хуулийн төгсгөлд байдаг хариуцлагын хэсгийг механикаар таслан нэгтгэж нэг хууль болгосон. Зөвхөн зөрчлийн хуульд л шийтгэл байх бөгөөд бусад хууль, хэм хэмжээний актад торгосон шийтгэсэн заалт байх ёсгүй хэмээн хаа ч байхгүй шинэ онол гаргаж нээлт хийсэн байгаа юм. Санкцгүй шийтгэлгүй хууль бол шүдгүй арслан гэсэн үг.
Хууль салбарынхаа онцлогийг агуулж, цогц байдлаар системчлэгдэж байж зохицуулах чадавхи нь нэмэгддэг. Сүүлийн 20 гаруй жилд бүтээсэн хуулийн тогтолцоогоо ингэж эвдэж самарч болохгүй л дээ.

 

-Гудамжинд шүлсээ хаядаг, хүнийг гүтгэдэг, танхайрдаг этгээдүүдийг чангахан шийтгэж хашраахаар хуульчилж байгаа нь зөв санагддаг?
-Хуулийн төсөл дээр ажиллаж байгаа нөхдүүд наад жишээг чинь байнга ярьдаг. Гудамжинд шүлсээ хаяж, танхайрч зөрчил гаргаж байгаа этгээд болон бизнесс эрхлэж хууль, дурэм журам стандарт зөрчиж байгаа хоёр хоорондоо маш ялгаатай. Барилга барих, үйлчилгээ эрхлэх зэргээр бизнесс хийхэд гарч буй зөрчлүүд нь зөвхөн тухайн бизнесс эрхлэгчээс биш маш олон хүчин зүйлээс хамаардаг.
Энэхүү зөрчлийг арилгахын тулд төр иргэдийг торгох, шийтгэх биш харин эсрэгээрээ ажлын байрыг нь хамгаалж дэмжиж хамтарч ажиллах ёстой. Энэ бол хаа ч хүлээн зөвшөөрөгдсөн төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны суурь зарчим юм.Мөн зөрчил гаргаж байгаа этгээдүүдийг шийтгэж хашраахгүй бол энэ нь даамжраад гэмт хэрэг гарах шалтгаан болдог, ял завшдаг гэсэн үндэслэлүүд яригддаг.
Нийгмийн хэв журмын зөрчил гаргагчийг бизнесс эрхлэгчидтэй холиод, зөрчлийн хууль бүхлээрээ, өөрөөр хэлбэл таслаж нэгтгэсэн 230 гаруй хууль чинь бүгд аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой салбарын хууль шүү дээ. Бизнесс эрхлэгчид, татвар төлөгчдийг гэмт хэрэгтэн гэсэн нэг цонхоор харж хууль хийж болохгүй.

 

-Ер нь энэ хуульд иргэд, нийгэмд хэрэгтэй өөрчлөлт шинэчлэлт байгаа юм уу, эрх биш байгаа байлгүй дээ?
-Зөрчлийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийг гол хэрэглэгч болох мэргэжлийн хяналтын байцаагч нар дэмжээгүй, шүүхээс бас дэмжээгүй, хуульчдын холбоо дэмжээгүй, иргэд, бизнесс эрхлэгчид дэмжихгүй эсрэг шүүмжлээд байхад л зүтгүүлээд баталчихсан, одоо сайжруулна гээд яваад байгааг ойлгохгүй байна.
Суурь зарчим нь буруу бол засаж сайжруулна гэсэн ойлголт байхгүй улам л хүндрэх болно. Иргэдэд хэрэггүй бол энэ хууль хэнд хэрэгтэй юм бэ? Үнэхээр сонин асуулт байна.

 

-Зөрчлийн хууль нэгэнт батлагдчихсан одоо хэрэгжүүлэх л ажил үлдсэн шүү дээ?
-Харамсалтай нь Зөрчлийн хууль батлагдчихсан. Судлаачийн хувьд анх зөрчлийн хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллах санал тавьхад зарчмын хувьд болохгүй гээд татгалзсан, яг батлагдахын өмнө тухайн үеийн хууль зүйн сайд, хууль зүйн байнгын хорооны дарга болон ажлын хэсгийнхэнтэй уулзаж тайлбарлаад бараагүй.
Эрх зүйн шинэчлэл гэсэн лоозонгийн доор шуураад өнгөрсөн. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд маш их бэрхшээл хүндрэл гарах байх. Зөрчил болгонд шийтгэл ногдуулах, бүх торгууль шийтгэлийг таслаад нэгтгэчихсэн гээд хаа ч туршигдаж байгаагүй цоо шинэ зохицуулалтууд нь хууль хэрэглээний шинэ арга барил, онол, сургалт зайлшгүй шаардах бөгөд олон асуудлыг араасаа дагуулна.

 

-Судлаачийн хувьд зөрчлийн хуулийг бүхэлд нь үгүйсгэчихлээ. Одоо цаашид юу хийх хэрэгтэй бэ?
-Болдогсон бол Зөрчлийн хуулийг хүчингүй болгочихмоор байна. Судлаачийн хувьд одоо байгаа захиргааны хариуцлагын тухай хуульдаа зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтыг л нарийвчлаад нэмээд хийгээд өгөхөд хангалттай санагддаг. Миний хувьд хамгийн гол харамсаад байгаа зүйл бол захиргааны эрх зүйн 230 гаруй хуулийг эвдээд хаячихлаа. Байгаль орчны салбар гэхэд л 40 гаруй хуультай, татвар гэхэд л 20 гаруй хууль олон арван хэм хэмжээний актаас бүрддэг.
Уг нь салбарын хуулиуд маань гайгүй системчлэгдээд зөв гольдорлоор хөгжиж байсан. Торгууль шийтгэл хариуцлага нь тухайн салбарын хуулиудад тусгагдаж зүйл заалттай нь нарийн уялдаа холбоотой байж амьд хуулийн тогтолцоо бий болох учиртай.
Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх гээд цаг хугацаа алдана, болохгүй бол буцаагаад одоогийн нөхцөл байдлыг сэргээхэд амаргүй байх болно. Эцэст нь хэлэхэд энэ бүгд бол зөвхөн Одгэрэл гэдэг судлаачийн үзэл бодол юм даа.Баахан гутранги санаа зовсон зүйл ярьчлаа. Цаг хугацаа бүгдийг харуулах байх бүх зүйл эерэг сайнаар бүтэх болтугай гээд залбаръя даа.

 

Эх сурвалж: "ХУУЛЬЧ NEWS" сэтгүүл

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх