Намбарын ЭНХБАЯР: Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө

 

Б.ДОЛЗОДМАА

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа.

 

Намбарын ЭНХБАЯР: Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө

 

 

-Танд юуны өмнө ярилцлага хийх хүсэлтийг хүлээн авсанд талархсанаа илэрхийлье.

-Монголын хамгийн олон уншигчтай, өдөр тутмын сонины тэргүүлэгч "Өдрийн сонин”-д ярилцлага өгч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.

-Та ойрдоо суурин байна уу, эмчилгээ хийлгэж Солонгос руу яваад байдаг сурагтай байсан?

-Хааяа нэг Солонгос явж эмчилгээ хийлгэж байна. Урьд өмнөх үеэ бодвол одоо биеийн байдал дээрдэж байна. Ойрдоо хөдөө орон нутгаар их явж байгаа. Үндсэн хуулийн шинэ төслөө иргэддээ танилцуулж олон аймгаар явлаа. Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ихэд сонирхож байгаа нь анзаарагдаж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд та ямар бо-долтой байгаа вэ. нэг, хоёр танхимтай парламенттай болох, Ерөнхийлөгчийг уиХ-аас томилдог болох зэрэг олон санал яригдаж байгаа...?

-Манай улсын Үндсэн хууль 25 жилийн "нас”-тай болжээ. 25 жил бол Үндсэн хуулийн сайн, мууг тал талаас нь харж ойлгочих цаг хугацаа мөн.

Монгол Улсад өнөөдөр бий болсон улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг хэн нэгэн хүнтэй холбож шүүмжлэхээс илүүтэй гүнзгий ухаад үзэх юм бол одоогийн Үндсэн хуулийн тогтоосон тогтолцоо нь өөрөө учир дутагдалтай юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа.

Үндсэн хуулийг өөрчлөх хоёр зам байна. Зарим зүйл заалтыг нь өөрчлөх, эсвэл бүхэлд нь өөрчлөх. Өнөөг хүртэл зарим зүйл заалтыг өөрчлөх асуудал илүү хөндөгдөн яригдсаар ирсэн. Зарим зүйл заалтыг нь өөрчилж үзсэн. Оруулсан өөрчлөлтүүдийг тус тусад нь аваад үзвэл нэг их муу заалтууд биш, гэхдээ тэдгээр заалтуудыг өөрчилснөөр Үндсэн хуулиар тогтоосон буруу тогтолцоог бүхэлд нь өөрчилж чадаагүй учир дордуулсан долоон заалт гэсэн нэр авсан. Миний хувьд Үндсэн хуулийг бүхэлд нь томоор нь өөрчлөх ёстой гэж үздэг. Тогтолцоог нь бүхлээр өөрчлөхгүй л бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэх үү, УИХ-ын эрх мэдэл нэмэгдэх үү гэх мэт хоёрдогч шинж чанартай асуудлаар хөөцөлдөн маргалдаж, тэгснээр зохицуулах ёстой гол чухал асуудлыг орхигдуулах нь хариуцлагагүй явдал мөн.

-Үндсэн хуулийг тогтолцоогоор нь хэрхэн өөрчлөх юм?

-Тогтолцоогоор нь өөрчлөх гэдэг нь ард түмний эрх мэдлийг нэмэгдүүлэх тухай асуудал юм. Аливаа Үндсэн хуулийн суурь ойлголт нь ард түмний эрх мэдлийн тухай асуудал байдаг болохоос биш хэн нэгэн албан тушаалтны эрх мэдлийн тухай асуудал байдаггүй. Албан тушаалтнууд ард иргэддээ үйлчлэх үүрэгтэй байх ёстой. Гэтэл өөрчлөлт ярихаараа ард түмний эрх мэдлийг нэмэгдүүлэх тухай биш өөрсдийнхөө буюу албан тушаалтнуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх, хуваарилах тухай асуудалд гол анхаарлаа хандуулдаг.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх тань олон нийтийн анхаарлыг татсан сэдвийн нэг болоод байна л даа. Та нэр дэвших үү?

-Ерөнхийлөгчийн сонгуульд би хэрвээ оролцох юм бол жинхэнэ өрсөлдөөн бий болно, илүү шударга болно. Ард түмэн үүнийг хүсч, ярьж байна. Юуны өмнө хэлэхэд одоогийн Үндсэн хуульд зөвхөн УИХ-д суудалтай намуудаас нэр дэвших эрхтэй гэж заасан нь шударга байж чадахгүй нь ойлгомжтой. Хуулиараа МАН, АН, МАХН гэсэн гурван намаас л нэр дэвшигчид өрсөлдөх нь. Гэтэл нам бус боловч нэр дэвших чадамжтай, эх оронч, чадварлаг олон хүн хашаа хаалганы цаана үлдэж байна. Тэгвэл бидний боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөлд 50 мянган хүний гарын үсгийг цуглуулж чадсан хэн ч Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй гэж нээж өгсөн байгаа. Хэрвээ бидний боловсруулсан ийм шинэ зохицуулалт бүхий шинэ Үндсэн хуулийг ард иргэд хэлэлцэж дэмжин баталбал нөгөө ард түмний эрх мэдэл улам нэмэгдэнэ гэсэн үг, шударга тогтолцоо тогтох нөхцөл бүрдэнэ. Одоогийн гуравхан нам дэвших хязгаарлагдмал хүрээндээ хашчихсан байгаа дээрээ бас Энхбаярыг оруулахгүй юм шүү гэж Ардын нам, Ардчилсан нам хоёр хоёулаа зүтгэж байна.

-Нэр дэвшихэд танд хуулийн тээг одоо байна уу?

-МАН ба АН-ынхан, ялангуяа МАН-ынхан сонгуулийн дүнг урьдчилан гарган зурчихаад зурсан дүнгээ гаргах гэж улайрдаг байдал бий болоод удаж байна. Өнгөрсөн сонгуулиуд тийм байдлаар явагдсан учир хүмүүс шударга бус сонгууль болсон гэж шүүмжилж байгаа.

Хамгийн ойрын жишээ гэхэд ийм байдлаар ажилладаг нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа харагдсан шүү дээ. Манайд төр засаг нь эрх мэдлээ хэтрүүлж хориогүйг хийдэг, хувь хүн эрх мэдлээ хумиулж зөвшөөрснийг хийдэг эсрэг зохицуулалттай. Ийм нөхцөлд хувь хүн дандаа гэм буруутай, төр засаг дандаа гэм буруугүй, бас хариуцлагагүй байдаг. Бас амьдралын нэгэн алтан зарчим буюу хууль гэж байдаг. "Чи өөрөө надад ийм зүйл битгий тохиолдоосой гэж байгаа бол тэрийгээ бусдад зориулж битгий хий”. Гэтэл манай төр засгийнхан Энхбаярт зориулж ийм зүйл заалтыг нэмж оруулъя, ингэж тайлбарлаж болно, бидэнд болохоор энэ нь огт хамаагүй, ганцхан Энхбаярт үйлчлэх ёстой гэсэн байдлаар нэг хүнд зориулан хуульд өөрчлөлт оруулж байна. Хууль шүүхийнхэн бараг бүгдээрээ миний эсрэг ажиллаж байна. УИХ надад зориулж Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж байна. Надад зориулж Сонгуулийн хуульд эргэлзээтэй заалтуудыг оруулж байна. Энэ бол Үндсэн хуулийн хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байгаа балмад ажиллагаа. Гэхдээ ийм заалтууд оруулаад ч би Үндсэн хуулийн дагуу нэр дэвших эрхтэй.

-Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг ирэх долдугаар сарын 1-нээс болгож хойшлуулах шийдвэр гаргасан нь Н.Энхбаярын нэр дэвших боломжийг хааж байгаа хэрэг болж байна уу?

-Анх намайг хэлмэгдүүлж, ял тулгаж, дараа нь Өршөөлийн хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрнээ одоог хүртэл та сонгуульд оролцож болохгүй гээд байж байна. Уг нь нэг хүнд зориулж хуулийг чангаруулж, эсхүл сулруулж болдоггүй. Дахин хэлье. Хууль, шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй гэсэн заалт Үндсэн хуульд байгаа. Тухайн үед намайг хэлмэгдүүлэн Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-аар ялласан. 263.2 нь 2009 оны Өршөөлийн хууль, 150.3 нь 2015 оны Өршөөлийн хуульд тус тус орсон. Эдгээр Өршөөлийн хуулиар тухайн зүйл заалтын үндсэн болон нэмэгдэл ял, ял эдэлсэн тохиолдолд л үүсдэг ялтай байдлыг аль алийг нь өршөөн хэлтрүүлсэн. Тийм учир би нэгд, хэлмэгдсэн учир бүрэн цагаадах ёстой. Тийм цаг ирнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Хоёрт, Өршөөлийн хуулиуд, тэдгээрийн тодорхой зүйл, заалт, Өршөөлийн хууль батлагдсаны дараа гарсан Дээд шүүхийн тайлбарын дагуу өнөөдөр ч гэсэн сонгуульд нэр дэвших эрх байгаа. Гэтэл яагаад "ялгүй” болчихсон байхад заавал "ялтай” болгож худлаа тайлбарлаад байгаа юм бэ гэхээр хууль, шүүхийн байгууллагад ажилладаг зарим шударга боловч аймхай хүмүүс дээрээс тэг гэсэн даалгавар өгсөн гэдэг. Намайг "ялтай” гэж худлаа бичиг бичиж өгсөн хүмүүс өнөөдөр шанд нь өндөр албан тушаалд оччихоод луйварчдыг халхавчлан хамгаалаад сууж байгаа шүү дээ. Энэ бол тухайн үед МАН ба АН-ын толгойд гарсан гэх үү, эсхүл толгойд ойрхон байсан, байгаа зарим хүмүүсийн явуулсан бусармаг үйл ажиллагаа. Гэхдээ одоо энэ явдлыг засна гэвэл МАН, МАН-ын удирдлага засна. Харъя даа.

-Бас гадаадад зургаан сараас дээш хугацаагаар байсан бол гэдэг үндэслэлээр таны нэр дэвших эрхийг хаахыг оролдож байна гэж байгаа?

-Үндсэн хуульд зааснаар таван жилээс доошгүй хугацаанд Монголдоо байнга байсан хүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж байгаа. Тухайн үед энэ заалтыг Үндсэн хуульд Монгол орныхоо улс төр, нийгэм, эдийн засаг, ард түмнийхээ амьдралыг сайн мэдэж байх ёстой гэсэн санаагаар оруулсан юм. Гэтэл МАН-АН-гийнхан хуйвалдаж таван жилийг зургаан сар болгон хугацааг богиносгож энэ зургаан сараас дээш хугацаанд гадаад улсад оршин суусан хүн нэр дэвшинэ гэж хууль баталсан байгаа юм. Ухаандаа надад зориулж, намайг нэр дэвшчихвий гэж үнхэлцгээ хагартлаа айхдаа хуйвалдаж оруулсан заалт. Гэхдээ тэд ингэж зохицууллаа гээд ард түмний дургүйцлийг төрүүлэхээс өөр ямар ч ашиггүй. Нэгд, би гадаадад оршин суугаагүй, харин богино хугацаагаар явж эмчлүүлсэн. Өөрсдөө намайг хэлмэгдүүлж, ингэснээр би эрүүл мэндээрээ хохирч, гадагшаа явж эмчлүүлснийг ашиглан гадаадад оршин суусан мэтээр тайлбарлаж сонгуульд нэр дэвшихийг хасах гэж байгаа бол тийм эрх тэдэнд байхгүй. Би үнэхээр гадаадад эмчлүүлэх шаардлага гарсан. Тухайлбал, энд намайг 600 цагдаа бүсэлж зэрлэг балмад аашлан авч явахдаа миний хоёр гарны шөрмөсийг тасалсан, хоолой боож ухаан алдуулсан гээд яривал юм их бий. Харин манай Монголын эмч нар намайг үхүүлчихгүй авч үлдсэн нь тэдний гавьяа. Би Монголын эмч нартаа үргэлж баярлаж явдаг. Гэхдээ манай эмнэлгийн зарим тоног төхөөрөмж хуучирсан зэрэг шалтгаанаас болоод тухайлбал, миний хоёр гарны шөрмөс тасарсныг би нарийн тоног төхөөрөмжтэй гадаадын эмнэлэгт үзүүлж байж мэдсэн, мэс засал хийлгэж залгуулсан. Эмчлүүлэх бол оршин суух гэсэн үг яавч биш. Хоёрт, би гадаадын аль нэгэн оронд явахдаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд дипломат паспортоор явдаг. Дипломат паспорт бол хоёр орны хооронд байгуулсан гэрээний дагуу зөвхөн түр хугацаагаар тухайн оронд орж гарахад тэмдэг тавьдаг баримт бичиг. Хамгийн их нь гэхэд зургаан сар биш гурван сарын хугацаанд ороод гарна гэсэн үг. Харин өөр оронд оршин суух гэж байгаа бол энгийн паспорт дээр тэмдэг тавиулна. Надад энгийн паспорт байхгүй. Гуравт, өөр оронд оршин суух гэж байгаа бол тусгай виз авна. Би аль ч улсад оршин суугаагүй учир ямар нэгэн орны оршин суугчийн визийг аваагүй. Дөрөвт, би Монголдоо оршин сууж байгаа газрынхаа хаягаар бүртгүүлсэн хэвээр, тэр бүртгэлээс хасагдаагүй, тэр хаягаараа сонгуульд оролцож саналаа өгөөд байж байгаа. Тийм болохоор би нэр дэвшихэд хууль эрхзүйн талаасаа ямар ч хаалт байхгүй. Хамгийн гол нь Монголын ард түмэн Энхбаярыг нэр дэвшээсэй гэж хүсч байна уу, үгүй юү гэдэг ёс зүйн хаалт. Хараа хяналтгүй төр засаг бий болчихлоо, чи очиж бидний өмнөөс хяна гэсэн үүрэг даалгавар өгч буй бол би үүрэг даалгаврыг хүлээж авна. Ер нь албан тушаалаас ард түмний дэмжлэг илүү хүчтэй. Ард түмний захиа даалгавар байгаа цагт би нэр дэвшихэд бэлэн, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Хэрвээ ард түмэн Энхбаяр аа, одоо боль оо гэж байгаа бол надад улайраад байх шаардлагагүй.

-Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунд нэр дэвших тухай саналыг танай намаас тавьсан гэдэг үнэн үү?

-Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг дээ. Манай намаас Л.Эрдэнэчулуун сайдыг дэвшүүлэх тухай албан ёсоор яриагүй. О.Баасанхүү гишүүний сонинд өгсөн ярилцлагыг уншихад Л.Эрдэнэчулуун сайдтай уулзсан юм шиг байгаа юм. О.Баасанхүү гишүүн саналаа хэлсэн юм болов уу даа. Тэр бол намын санал биш. Л.Эрдэнэчулуун сайд гадаад харилцааны асуудлыг гайгүй сайн мэднэ. Ерөнхийлөгч хүн улс төр, нийгмийн бүхий л асуудлыг мэдэж харилцдаг гэдэг утгаараа нэг мэргэжлийг дагнах биш цогцоор нь мэдэх хүнийг сонгож олох ёстой. Үнэндээ манай нам дотроос нэр дэвших бололцоотой олон хүн бий. Л.Эрдэнэчулуун сайд өөрөө ухамсартай хүн байна. Цэргийн хүүхэд шиг наадамд өөр хүний бакаал өмсч орж ирэхгүй байх аа. Улс төрийн тоглоом болохгүй болов уу гэж бодож байна. Тийм учраас би Л.Эрдэнэчулуун сайдтай энэ асуудлаар огт ярилцаагүй байна.

-Манай улс өрөнд дарагдсан улс болж хувирлаа. Энэ юунаас болов. Үүнээс гарах гарц байна уу?

-Өнөөдрийн улс төр, нийгмийн амьдралд тулгамдсан асуудлыг яаж засч, авч явах вэ? гэдэг дээр би өөрийн туршлага, мэдлэг чадвараа дайчлан хийх ажил, авах арга хэмжээг олж харсан. Одоо байгаа 24 тэрбум ам.долларын өр дээр эрх баригч МАН таван тэрбум ам.долларын зээл нэмж авахаар төлөвлөж байгаа. Ингэвэл Монгол Улс 29 тэрбум ам.долларын өртэй болж байна. Хүн бүр, бүр шинээр төрж буй хүүхэд бүр 10 мянган ам.долларын өртэй болж байна гэсэн үг. Тусгаар тогтнолоо алдах аюулын ирмэгт тулж ирснийг харж байна. Ер нь зээл өгсөн байгууллага, улс орон тухайн орны дотоод хэрэгт оролцох бололцоотой болдог. Одоо бүр шууд оролцоод эхэллээ. Олон улсын валютын сан бидний өртэйг далимдуулан дотоод хэрэгт маань оролцоод эхэллээ. Монгол Улс тусгаар тогтносон эдийн засгийн бодлого явуулах боломжгүй байдалд орлоо. Яагаад гэвэл бид өртэй учраас. Бид алтан дээр суусан гуйлгачин учраас тэр. Алтаа зөв зохицуулж чадахгүй, цөөн хэдэн хүн нь "идэж”, олонхи нь ядуурч байгаа учраас. Гэтэл өр шир тавилгүй байгалийн баялаг, ард түмнийхээ оюуны баялгийг дайчлан сайхан амьдрах бололцоо байна.

-Та оффшор бүсэд данстай юу. Улстөрчид оффшор бүсэд данстай байхыг та юу гэж үзэж байна?

-Надад оффшор бүсэд данс байхгүй. Харин төр засгийн эрхэнд гарсан цөөхөн хэдэн албан тушаалтан байгалийн баялгаас тэвэр тэврээр нь авсныгаа оффшор дансанд нуучихаад байж байгааг мэдээд ард иргэд ихээхэн дургүйцэж байна. Нэгэнт барьцаанд орсон хүмүүс төр засагт байгаа учраас Олон улсын валютын сангийн тулгалтад орж байна. МАН-ынхан сонгуулийн амлалтаасаа буцаж байна. Ер нь сонгуулийн амлалтаасаа буцах юм бол сонгуульд ороод яах юм бэ? Сонгууль хийгээд яах юм бэ? Ийм байдалд хяналт тавих хэрэгтэй байна. Засах хэрэгтэй байна. Ард түмэн чи очиж засах хэрэгтэй гэж үзвэл би өөрийн зүрх сэтгэл, туршлага, мэдлэг боловсролоо бүрэн зориулахад бэлэн. Одоо ард түмнийхээ даалгаврыг биелүүлж ёсыг тогтоох цаг иржээ. Намуудаас хамгийн өндөр рейтингтэй байгаа, шударга ёсыг сэргээн тогтооё гэж бодсон хүнээ шударгаар гаргаад ир, шударга өрсөлдье. Ард түмэн дүнгээ тавина. Энэ бол ард түмний эрх ашгийг хүндэтгэсэн хамгийн зөв шударга шийдэл болно. Наадамтай адилтган зүйрлэвэл өрсөлдөөнтэй сайхан наадам болох гэж байтал хаанаас ч юм бэ нэг "цэргийн хүүхэд” авчирч барилдуулна, эхлээд МАН ба АН-ын аманд "цэргийн хүүхэд” өгнө, тэгээд энэ хоёр хэн хэндээ "унаж өгөхөв” гэдгээ ярьж тохирно, "өгөх авах юм тохирчихсон” гэвэл тийм наадам болохыг Монголын ард түмэн хүсэхгүй. Ийм балай "наадам”-д түрүүлсэн гэж нэр зүүх нь насан туршийн шившиг болно. Угаагаад угаагаад арилахааргүй хар толбо болж үлдэнэ.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн үед МАХН сонгуульд хэрхэн бэлдэж байна вэ. Ямар хүмүүсийг нэр дэвшүүлэхээр ярьж байна. Хэрэв таныг хуулийн тээгээс болж дэвшихгүйд хүрвэл гаднаас хэн нэгнийг оруулж ирэх таамаг дуулдаж байна?

-МАХН ард түмнийхээ дунд хамгийн өндөр рейтингтэй, итгэл хүлээж чадахуйц хүнээ дэвшүүлэн гаргах шударга зарчмыг баримтална. Намын хамт олон, гишүүдтэйгээ үргэлж цуг байсан хүмүүс дундаас итгэл даах чадвартайгаа тодруулна. "Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг биз дээ. Ард түмэн эх орондоо эзэн болох уу гэдэг амин чухал асуудлыг шийдэх гэж байна шүү дээ. Хяналт бий болгоё гэвэл олонхи биш цөөнх болсон Ардчилсан намтай бодлогоо уялдуулж болно, эсхүл сонгуулийн амлалтыг нь шахан биелүүлье гэвэл МАН-тай ярилцаж болно. Гэхдээ энэ хоёр нам хоёулаа ажил амжилт муутай ч арга заль ихтэй учир алинтай нь ч аливаа тохироонд хүрнэ гэхэд их хүндрэл, болгоомжлол байна. Хэлсэндээ хүрэх болов уу. Нөгөө л хууль, шүүхээрээ айлгадаг ганц "дархан” мэхээ хийх гэж оролдох болов уу. Намууд хамгийн түрүүн ард түмнийхээ эрх ашгийг бодож ард түмэндээ үйлчлэхийг зорин албан ёсоор хэлэлцээр хийхээс биш нэг нэгнийхээ дотоод хэрэгт шууд болон тойруу замаар хутгалдан оролцох хэрэггүй. Хөдөө орон нутгаар явж иргэдтэй уулзахад уур амьсгал "Нөхөр минь чи дэвш. Чамд хайр зарласандаа ч биш. Цаадуул чинь болохгүй байна. Алдааг нь зас, засуул. Чи бас урьд нь алдаж сургамж авсан, тэрийгээ зас. Алдаа хийсэн хүн алдаагаа өөрөө засахаас өөр арга байхгүй. Тэгж ярих юм бол М.Энхболдыг хэн гаргаж ирж намын дарга, Ерөнхий сайд болголоо. Хэн Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгож байлаа” гэх зэргээр ярьж байгааг олон удаа сонссон. Үүнийг ард түмний дэмжлэг гэхээс илүүтэй үүрэг хариуцлага үүрүүлж, захиа даалгавар өгч байна гэж ойлгосон.

-Намуудын дарга нартай уулзалдаж сонгуульд хэрхэн оролцохоо ярилцаж тохиролцож буй асуудал байна уу. Тухайлбал, МАХН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдтой хэзээ хамгийн сүүлд уулзалдав?

-М.Энхболдтой сар хагасын өмнө уулзсан. Манай намаас боловсруулсан Үндсэн хуулийн шинэ төслийг намуудын дарга нарт гардуулж өгөх үеэр уулзсан юм. Манай намын дэд дарга Ц.Оюунбаатар, намын даргын зөвлөх Ц.Шаравдорж бид гурав М.Энхболдтой уулзсан. Тэр үед М.Энхболд сонгууль ойртож байна, ярилцаж зөвлөлдөх зүйл байна гэж хэлж байсан. Тэр удаад бид сонгууль ярина гэж тооцоолоогүй байсан болохоор "Дахин уулзаж ярилцаж болно” гэдгийг хэлсэн. Ц.Оюунбаатар: "Хэрэв энэ тухай ярина гэж бодож байсан бол яагаад төр засгийн эрхэнд гармагцаа АН, МАХН-ынханд харгис хатуу хандав даа. Энэ нь цаашдын яриа хэлэлцээр өрнүүлэхэд тодорхой хэмжээний саад бэрхшээлийг учруулж байна” гэсэн үг хэлнэ лээ. Ц.Шаравдорж: "Сонгуулийн тухай ярилцаж болно” гэсэн үг хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй байна. Уулзаж санал бодлоо солилцъё гэвэл хойш суух юм алга. АН-ын дарга С.Эрдэнэтэй мөн л сар орчмын өмнө уулзаж ярилцсан. Бас л Үндсэн хуулийн төслөө гардуулж өгөх үеэр. Тэр уулзалтын үеэр МАН сонгуулиар амласан амлалтаасаа буцаж байна. Цалин, тэтгэврийг нэмэхгүй байна. Харин бүр татварыг нэмчихлээ. Энэ асуудалд танай, манай нам аль аль нь дуугарч байх ёстой гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн. Ингээд сонгууль дөхөх үед дахин уулзаж ярилцаж, санал бодлоо солилцож болох юм гэж ойлголцсон. Одоо сонгууль дөхчихлөө. Ардын намынхан маань хууль, шүүхийнхэн бидний гарт байгаа учраас Энхбаярын нэрийг дэвшүүлэхгүй гэж бодож байж магадгүй. Ний нуугүй хэлэхэд Ардчилсан намынхан надад сайндаа биш гэхдээ шударга сонгууль болоосой гэж бодож, Энхбаяр дэвшээсэй гэж хүсч байгаа байх. Яагаад гэвэл шударга сонгууль явуулах нь АН-д ашигтай, ард түмэнд ч ашигтай. Монгол Улсад ч ашигтай. Энэ удаагийн сонгуульд АН шударга байр суурь баримтлахаас өөр аргагүй гэж харж байна. Ардын намынхан болохоор Энхбаярыг л дэвшүүлж болохгүй, тэр манай намаас нэр дэвшиж магадгүй хүмүүсээс илүү өндөр рейтингтэй байгаа учир хууль, шүүхийн байгууллагаар дамжуулж нэрийг нь дэвшүүлүүлэхгүй байх бүхий л ажлыг хийнэ хэмээн бодож төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Шуудхан хэлэхэд хэрэв өмнө нь Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх ажлыг МАН ба АН-ын удирдлага болон удирдлагад ойрхон хүмүүс хамтдаа хуйвалдан хийдэг байсан бол энэ удаад дангаараа МАН-ын удирдлага болон удирдлагад нь ойрхон хүмүүс хийх гэж зүтгэж байгаа байх. Энэ бол зөвхөн энд бид хоёрын мэдээд ярьж байгаа нууц асуудал биш шүү дээ. Монголын ард түмэн энэ бүхнийг ярьж, эгдүүцэн дургүйцэж байна. Хэрэв МАН хууль, шүүхийн байгууллагыг ашиглаж намайг сонгуулиас хасах хууль бус ажиллагаагаа гүйцэлдүүлэх юм бол ингэх нь уналтынх нь эхлэл болно. Ингэж муу муухай арга замаар явбал ард түмэн "Одоо ёстой больё" гэнэ. Тэгээд ч одоо МАН надад өширхөнө гэвэл хэн ч ойлгохгүй. Өмнө нь намайг хэлмэгдүүлснийг хүмүүсийн ихэнх нь АН-ынхны хийсэн ажил юм шиг ойлгодог юм билээ. Ард түмэн МАН-д хангалттай итгэл үзүүлсэн. Одоо МАН-ынхан бүгдээрээ ажилтай болчихсон. Дор бүрнээ хариуцсан ажлаа сайн хийх хэрэгтэй. Одоохондоо сайн хийж байгаа юм харагдахгүй байна. Хяналтгүй учир "намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэсэн зарчмаар яваад байна.

-УИХ-ын өнгөрсөн сонгуулиар МАН 65 суудал авсан. Нэг нам дангаар эрх барьж буй үед Ерөнхийлөгчийг өөр намаас сонгож хяналт тавих тухай та хэлж байна. Ер нь Ерөнхийлөгчийн эрх үүрэг, нийгэмд хэр нөлөөтэй байдаг юм?

-Одооны сонгууль Монгол Улс цаашдаа биеэ даасан улс төр, нийгэм, эдийн засгийн бодлоготой улс байх уу үгүй юү гэдгийг шийдэх сонгууль болно гэж эх оронч хүн болгон харж байна. Яагаад гэвэл манай улсын өр хэрээс хэтэрлээ. Нийгэм, эдийн засгийн хямралт байдал гүнзгийрлээ. Хараа хяналтгүй төр засаг бий болж, ард түмэн ба төр засгийн хооронд үл итгэлцлийн гүн гүнзгий ан цав гарлаа. Одоо төр засаг ба ард түмнийг хооронд нь холбох зүйл бол хяналт байх болно. Ийм хяналт бий болбол төр засаг амласнаа хэрэгжүүлдэг хариуцлагатай төр засаг болно. Ер нь шуудхан хэлэхэд МАН Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан орох ч хэрэг байна уу даа. Сонгуулийн амлалтаа хэрэгжүүлж чадсангүйдээ ард түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй. "Ерөнхийлөгчийн сонгуульд АН, МАХН хоёр өрсөлд. Ялсан нь МАН-д хяналт тавьж ажилла” гэж хэлэх улс төрийн эр зориг, ёс суртахуунтай алхам хийвэл МАН-ыг ард түмэн улс орноо бодсон нам гэж харна, нэр хүнд нь сэргэж өсч нэмэгдэнэ.

-Амьдрал дээр албан тушаал ахих тусам улам сохорч, шунадаг болдог юм биш үү. Та төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж байсан хүний хувьд ямар алдаа гаргаж байсан гэж бодогддог вэ?

-Үнэн, үнэн. Өндөр албан тушаалд байхдаа олж харж чадаагүй зүйлийг тэндээс буугаад олж хардаг. Ер нь албан тушаал хашсан хүн болгон ард түмнээсээ уучлал хүсэх ёстой. Эргээд харахад алдаа ч байна, оноо ч байна. Тухайлбал, би уул уурхайн асуудлыг өргөн хүрээгээр харж чадсан байна, энэ тал дээр алдаагүй юм байна гэж бодож байгаа. "Ухаа худаг” хэсэг цөөн хэдэн хүний гарт очсон ч Таван толгойн ордыг төрд буцаах шийдвэрийг гаргахад нөлөөлж энэ их баялгийг төрд буцаан авч чадсан байна. Алдаа дутагдлын хувьд хэлэхэд хэтэрхий намчирхсан байж магадгүй гэж бодогддог. Хүссэн, хүсээгүй намчирхах байдал руу ордог л доо. Чадвар муутай хүмүүсийг намын шалгуураар гээд өндөр албан тушаалд томилдог. Гэтэл нөгөөдүүлийн дотор намаа, улсаа боддоггүй, хувиа боддог хүн олон байдаг. Албан тушаал авч байхдаа тэр дутагдал нь тэр болгон харагдахгүй шүү дээ. Намчирхах нь маш том алдаа Одоо МАН, АН гэсэн хоёр намыг харахад ээлжлэн намчирхах байдал гаргаж алдаа гаргаж байгаа нь харагддаг. Удирдах албан тушаалд байгаа хүмүүсийг вакумжуулж, худлаа мэдээллээр тархи толгойг нь угаадаг. Энэ ажлыг хамгийн түрүүнд намынхан нь хийдэг. Хувьд нь мөнгө төгрөг өгсөн хүмүүс хийдэг. Нэг ёсны тэднээс хараат байдалд ордог. М.Энхболд, Ц.Элбэгдорж нар ч гэсэн хөөрхий, тэгж вакумжиж байгаа, дэргэдэх хүмүүс нь худлаа мэдээлэл өгч байгаа.

-Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамгийн сүүлд хэзээ уулзав?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур өмнөх Ерөнхийлөгч нарыг урихад нь уулзсан. Түүнээс хойш уулзаагүй. Би өмнө нь тийм урилга өгөхөд нь очдоггүй байсан. Гэхдээ хүнийг ямар вакумд оруулдгийг мэддэг учир, тэгээд ч нэг хүнд өширхөж болохгүй, ер нь өширхөж болохгүй, ард түмнийхээ дэмжлэгээр Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүмүүс хааяа уулзаж байх нь зөв хэмээн бодож, тэгээд ч "Монголчууд бид эвтэй бол хүчтэй” гэж хэлж ярьдаг хүний хувьд урилгыг нь хүлээн авч уулзсан. Тэгээд ч вакумжуулж байгаа хүмүүс биднийг хоорондоо битгий уулзаасай гэж хүсэж байгаа нь ойлгомжтой учир энэ бүхнийг засах нь зүйтэй гэж бодсон. Би Элбэгдорж, ер нь хэн нэгэн хүн бүхэл бүтэн арваад жилийн турш өөр хүнийг зууж, түүнийг өширхөнө гэдэгт итгэдэггүй. Харин бид хоёрыг холдуулах гэсэн бүхэл бүтэн бүлэглэл тэнд ажиллаж байна гэдгийг мэдэж байна. Түүнчлэн Монголчуудыг хооронд нь муудалцуулах сонирхолтой гадаадынхны гар хөл болсон хүмүүс ч байна. Гадныхан Монголчуудыг эвдрэлцүүлж, Монголын төрд шуналтай хүмүүсийг олон байлгах тусам монголын төр хяналтгүй, сул дорой байна, тэгэх тусам монголын баялгийг авах нь амар болно гэдгийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа шүү дээ. Оюу толгойн гэрээг хийсэн шиг Монголын баялгийг Монголд нь үлдээлгүй авъя гэж зорьж хүсч байна. Оюу толгойн гэрээнд Монголын тал гэрээ байгуулагдсанаас хойш 38 жилийн дараагаас ногдол ашиг авч эхэлнэ гэж заасан. Ийм утгагүй гэрээ гэж байх уу.

-Оюу толгойн гэрээг хийсэн гэх С.Баярыг гадаадад их олон хаус, үл хөдлөх хөрөнгөтэй гэлцдэг. Түүнийг Элчин сайдаас нь эргүүлэн татах хэрэгтэй хэмээн эсэргүүцэл ойрноос гараад эхэлсэн байна?

-Баяр маань шившгээ тарьж суухаар өөрөө ажлаа өгчих хэрэгтэй ш дээ. Ер нь Оюу толгойн ордыг авсан "Рио Тинто”-гийн төв оффис нь байрладаг Лондон хотод Оюу толгойн ордын талаар гадныханд ашигтай гэрээ хийсэн хүн Элчин сайдаар сууна гэдэг бол өөрөө ёс суртахууны том алдаа. М.Энхболд надад хэлэхдээ Баяр өөрөө тийшээ Элчин сайдаар явъя гэсэн хүсэлт гаргасан гэнэ лээ. Би Баярыг сайн танина, мэднэ. Хойно Элчин сайдаар ажиллаж байгаад хугацаа нь дуусч ажлаа өгөөд явж байхад нь дэмжин МАХН-ын удирдлагад ороход нь, хожим Ерөнхий сайд болоход нь дэмжиж тусалсан. Оюу толгойн гэрээн дээр би анхнаасаа болохгүй гэдгийг нь хэлж, анхааруулж байсан. Худлаа гэвэл тэр үед АНУ-аас манай улсад Элчин сайдаар ажиллаж байсан Минтон сайдын захидлыг олж уншаарай. Намайг Ерөнхийлөгч, Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Канадын төрийн нарийн бичгийн дарга Монголд айлчилсан. Тэр хүн айлчлалынхаа үеэр Оюу толгойн асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үйлдвэр худалдааны сайд нартай уулзаж санал солилцсон. Үүний дараагаар гадаадын Элчин сайдууд уулзаж, Монгол Улсын эдийн засгийн бодлого ийм байна, тийм байна хэмээн хоорондоо мэдээлэл солилцсон юм байна билээ. Тэр тухайгаа Минтон сайд нууцын зэрэглэлтэй захидал бичиж АНУ-ын Төрийн департамент руу явуулсан байдаг. Хожим нь тэр захидал нь задарч хэвлэгдсэн. Тэр захидалдаа Энхбаяр Ерөнхийлөгч мэдээлэл сайтай, Оюу толгойн гэрээг ийм байдлаар байгуулахыг буруу, Монголын талын ашиг сонирхлыг илүү тусгах ёстой гэж үзэж байгаа юм байна. Харин Ерөнхий сайд Баяр нь гадныхны болгосон саналыг дэмжинэ гэдгээ хэллээ. Шуудхан хэлэхэд манай талд ашигтай шийдвэр гаргах хүн байна. Элчин сайд Минтон ийм утга санаа бүхий нууцын зэрэглэлтэй захидлыг бичиж АНУ-ын Төрийн департамент руугаа явуулсан. Тэр захидал нь "Wikileaks” сайтын шугамаар задарсан. Миний тэр үед баримталж байсан байр суурийг Минтон Элчин сайдын нууц захидал баталж байна. Тийм учир би одоо Оюу толгойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж байснаа хэлэхэд Баяр гайхах ёсгүй. Ингээд тухайн үед хамт ажиллаж байсан нөхдөдээ хандаж нэг юм хэлмээр байна. Одоо бүгдээрээ ард түмнээ бодъё. Өөрсдийгөө хангалттай бодлоо. Баяр минь одоо болно. Ингэж ард түмнээ элэг барьж болохгүй. Энхболд минь УИХ-ын даргынхаа ажлыг сайн хий. Ардчилсан намын нөхдүүддээ хандан хэлэхэд Монголынхоо төлөө зүтгэе. Бид эд хөрөнгө, албан тушаалд шунаж, намчирхан дээр дороо орсоор байгаад улс орноо тавиад туучихлаа. Түгшүүрийн харанга дэлдэж байгаа үед элдвийн шуналаас биеэ татацгаа. Монголоо хамтдаа хөгжүүлье. Үүнийг шийдэх үү, үгүй юү гэдэг сонгууль болох гээд байна. Сонгууль шударга болж баймааж сая сайн үр дүн гарна.

-Та бол өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд, сэтгэл санаагаараа багагүй хохирсон хүн. Танд бусдад, хэн нэгэн улстөрчид өс хонзон санах сэтгэл зүй бий юү. Энэ хугацаанд сэтгэл санааны ямар шинэчлэлт өөрчлөлтийг мэдрэв?

-Хүн л болсон хойно энэ намайг ингээд байхдаа яадаг юм, тэр намайг тэгээд байхдаа яадаг юм гэж бодож байсан үе бий. Биеэ эмчлүүлж байх хугацаандаа буддын шашны ном судрыг эргэн харах цаг зав гарсан. Тухайлбал, "Доржзодов” судрыг олон хэлнээс харьцуулан орчуулж, тайлбар сэлтийг нь бас орчуулж, хооронд нь тулгаж харлаа. Тэр их стресстэй байдлаас гарахад маш их тус болсон. Одоо надад бусдад өс хонзон санах ч юм уу, хэн нэгэнтэй тооцоо бодох өшөө хорсол байхгүй. "Доржзодов” сударт "би”, "бид” хэмээн хар амиа битгий бодож бай. Бүх хүн, бүх дэлхий хоорондоо шүтэн барилдаж баймааж бүтэн цогц болж бүрэлдэж тогтоно. Хоосон чанар бол үнэн хэрэгтээ хамгийн энгийнээр хэлбэл дүүрэн чанарын тухай буюу бүгдийг, ялангуяа бусдыг бодох тухай сургаал юм. Энэ бүхнээс бие биенээ хүндэтгэх, хэлсэн үгэндээ хүрэх, цаашлаад бурхан болох замд хүрнэ гэж зааж сургадаг. "Доржзодов” судрыг хэд дахин орчуулаад байхаар үнэхээр энэ бүхний тухай ойлголт, мэдрэмж төрдөг. Дөрвөн удаа орчуулчихаад өөрийгөө голоод гаргаж чадахгүй л байна. Бас л дутуу санагдаад байгаа. Би ном судар орчуулж байхдаа, өнгөрсөн амьдралаа эргэцүүлж байхдаа өс хонзон өөрийг хорлоно, том зорилгод хүргэхгүй гэдгийг ойлгосон учраас Ц.Элбэгдорж, М.Энхболд, Ц.Нямдорж, С.Баяр нарыг бүгдийг уучилсан гэж зоригтой хэлсэн юм. Бас бусдыг уучлах яахав. Өөрөө ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэдгээ маш сайн ойлгосон. Уучлал ч гуйсан.

-Та Их өр тэглэхээс эхлээд ард түмнийхээ төлөө зөндөө их ажил хийсэн. Одоо номоо орчуулаад ч юм уу, тайван амьдралыг сонгож болдоггүй юм уу?

-Буддын шашинд хоёр хандлага байна. Өөрийгөө бодох буюу өөрийнхөө гэгээрэхийг анхаарах. Үүнийг ухаантнууд, манай өвөг дээдэс хангалттай биш зорилго байна гэж үзээд бусдын төлөө явах нь дээд эрдэм мөн гэж заасан. Бусдын төлөө явна гэдэг өөрөө ном уншаад өөрөө гэгээрээд суухын нэр биш. Бусдын төлөө яваагүй бол гэгээрэх ч үгүй байх. Бусдын төлөө явахаас өөр эрхэм зорилго үгүй гэж боддог учраас Архимедын хэлснээр "Надад тулах цэг өгчих. Би дэлхийг эргүүлье” гэдэгтэй адил ард түмэн намайг дэмжиж байвал тэр тулах цэгийг олсон байна хэмээн ойлгож, тийм учир би бусдад тусалъя, Монголын ард түмэн улс орондоо эзэн болоход нь тусалъя гэж зорьдог юм. Хэрвээ ганцхан өөрийнхөө төлөө явъя гэвэл чиний хэлдгээр амиа бодоод явж болно л доо. Гэвч миний хүмүүжил, багш нарын хэлж байсан үг бол бусдын төлөө явж байж чи өөрийнхөө төлөө явна гэсэн ойлголт байгаа юм.

-Таны гол түшиг тулгуурын нэг болох тэргүүн хатагтай асан О.Цолмон юу хийж байна. Ард түмэндээ нээж болох хувийн шинжтэй мэдээллээ хүргээч?

-Цолмонтойгоо ханилснаа үнэхээр ховор тохиолдох аз завшаан гэж үздэг. Бид хоёр гэр бүл болоод яг 30 дахь жилтэйгээ золгож байна. Цолмон маань намайг хурцлах үедээ хурцалж, тайвшруулах үедээ тайвшруулж түшиг тулгуур минь болж ирсэн.Цолмон, хүү Батшугар, өндөр настай аав, ээж, хадам ээж, хүүхдүүд, дүү нар маань, хамтран зүтгэгчид маань миний дэргэд байсан учраас жижиг сажиг зовлонг давж чадсан. Цаашдаа ямар ч хүнд сорил тулгарахад ар гэрийнхэн маань, Монголын ард түмэн байхад би давж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Ар гэрийнхэн маань тусалж дэмжиж байхын зэрэгцээ тэд маш их хохирч байгаа. Энхбаярын гэргий учраас ажил хийж болдоггүй. Ажил хийе гэвэл надаас ч илүү мэдлэг боловсролтой хүн шүү дээ. Энхбаярын хүү учраас Монголбанкинд ажиллаж байсан хүү Батшугарыг маань төрийн албанаас үндэслэлгүйгээр халчихдаг. Манай гэр бүлийг томруулдаг шилэн дор найман жил байлгаж судалж байна. Муу муухай юм байсан бол бүгдийг нь гаргаад ирэх цаг хангалттай байсан. Гүжирдэхгүй л бол тийм юм байхгүй гэдгийг ард түмэн маань ойлгосон. Тийм болохоор надад айж эмээх, нууж хаах зүйл байхгүй. Улсаас идэж уучихсан зүйл надад байхгүй. Би ард түмэндээ ёс суртахууны өртэй учраас өрөө төлөхийн тулд шударга ёсны төлөө тэмцэж, энэ сайхан Монгол орондоо монгол хүн сэтгэл хангалуун амьдрахад нь өчүүхэн ч гэсэн тусалж, хувь нэмэр оруулахсан гэсэн сэтгэлийг тээж явна.

-Таны дүү Н.Энхтуяаг интерполоор эрэн сурвалжилж байгаа. Ямар үндэслэлээр шалгаж байгаа билээ?

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх