Н.Номтойбаяр: Хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлаа хамтдаа шийдье

 

Н.Номтойбаяр: Хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлаа хамтдаа шийдье

 

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд "Эрх ашгаа хамгаалъя” уриатай тайван жагсаал зохион байгууллаа. Жагсаалын үеэр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо иргэд, гишүүдийнхээ өмнөөс тэтгэврийн насны нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл болоод татварын нэмэгдлийн талаар санал бодлоо илэрхийлж байлаа.

Тухайлбал, "250 хоног ар гэрээсээ хол хүнд хортой нөхцөлд илүү цагаар ажилладаг”, "Идэж уух нь дутаад ирэхээр эдийн засгаа үүрч яваа ажилчдынхаа халаасыг хоослох боловсон дээрмийг эсэргүүцэж байна”, "Эрчим хүчний салбарын ажилтан бид татвар нэмэхийг эсэргүүцэж байна” "УИХ-аас гаргасан шийдвэрээ буцаахгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно” зэрэг уриа лоозон барьсан иргэд ийнхүү эрх ашгаа хамгааллаа. Энэхүү жагсаалд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр оролцож байр сууриа илэрхийллээ. Түүнийг хүрэлцэн ирж иргэдийн шаардлагыг хүлээж авсанд жагсаалд оролцож байсан үйлдвэрчний эвлэлийн гишүүд талархалтай хандаж байсан бөгөөд шаардлагуудыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа.

Тэрбээр "Монголын Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж байгаа жагсаал цуглаан дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг хариуцаж байгаа хүнийхээ хувьд та бүхний санал бодлыг сонсохоор ирлээ. Та бүгдийн тавьж байгаа шаардлагыг шийдэх ёстой нь Засгийн газрын үүрэг юм. Өнөөдөр та бүхэн хэд хэдэн асуудлаар шаардлага тавьсан. Энэ бүгдийг шийдэх арга зам нь байгаа юм шүү. Та бүхний тавьж байгаа шаардлагыг Засгийн газар болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам үүрч байгаа учраас өнөөдөр та бүхнийг хүндэтгэн хүрэлцэн ирлээ. Цалин, тэтгэвэр тэтгэмж амьдралд хүрэлцэхгүй хэцүү байгааг би мэдэж байна. Тэр ч үүднээс тэтгэвэр, цалингийн зээл авагчдад 60 орчим хувь нь хамрагдаж байна. Хуримтлал хадгаламж гэдэг үг мөрөөдөл болсон нь үнэн. Хоёрдугаарт тэтгэврийн насыг шатлалтай нэмэх зайлшгүй шаардлага гарсан. Энэ бүхнийг хувь хүнд өгөөжтэй байх үүднээс эдийн засгийн арга замаар энэ намрын чуулганаар шийдье гэж байгаа юм. Хуульд заасан тэтгэврийн нас, түүнээс хойш тэтгэврээ тогтоолгоход өндөр хувиар тогтоогддог байх, хийж байсан ажил мэргэжлээс нь шалтгаалж тогтоодог байх, хөдөлгөөнт хөдөлмөр эрхэлж байсан оффисын ажил эрхэлж байсан хүмүүсийн тэтгэврийг заагтай тогтоодог байх ажлуудыг хийхээр ажиллаж байна. Засгийн газар байгуулагдснаас хойш 56 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр даатгалтай холбоотой өрийг илрүүлсэн. Та бүхэнд загнуулах зүйл хийсэн гэдгээ сайн ойлгож байна.

Хамгийн гол нь соёлтой шаардахыг хүсье. Орилж хашгирахаас илүүтэй хамтдаа шийдэх гарц гаргалгааг олъё. Түүнээс биш энэ жагсаалыг үймүүлэх хэрэггүй юм шүү. Та нарын бухимдалтай байгааг ойлгож байна. Амьдралд нь болж бүтэхгүй байгаа бүхэн та бүхнийг өнөөдөр Сүхбаатарын талбайд хөтөлж авчирсныг маш сайн ойлгож байгаа шүү. Тиймээс гурван талт хамтын хэлэлцээрээр асуудлыг шийдвэрлэхээс өөр гарц гэж байхгүй ээ. Жагсаал цуглаанаас үүдэлтэй шаардлагыг би гардаж авна. Харин нөгөөдөр өглөө ширээний ард сууя. Юу нь болохгүй байгаа, юу нь болж байгаагаа нээлттэй ярилцъя. Энэ бол хэн нэгэн хүний хувийн асуудал биш, улс орон нийгэмд тулгарсан нийгэм эдийн засгийн санхүүгийн асуудал гэдгийг сайн ойлгож байгаа байх. Тиймээс нөгөөдөр өглөө яаманд дээр 09.00 цагаас МҮЭ-ийн ерөнхийлөгчийг та бүгдийн төлөөлөл болгож хамтдаа ширээний ард сууж асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар ярилцъя. Ажил хэрэгч байдлаар тулгамдаж байгаа асуудлыг хамтдаа шийдвэрлэхийг хүсье” гэлээ.

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх