Сандагаа гуайгаа дурсахад...

Сандагаа гуайгаа дурсахад...

Монголын орчин үеийн зураасан зураг болон номын чимэглэл зургийн нэрт төлөөлөгч Д.Сандагдорж гуайг би 1970 оноос уран бүтээлээр нь мэдэх юм. Бид түүнийг Сандагаа гуай л гэдэгсэн. ЗХУ-ын Москва хотод Хэвлэлийн дээд сургуулийн номын зураг чимэглэлийн ангийг төгсч ирсэн цагаасаа хойш олон арван номын чимэглэл зураг бүтээж 1971 онд БНАГУ-д болсон олон улсын номын үзэсгэлэнгээс "Монгол ардын үлгэр” цаасан цоолбор зургаараа мөнгөн медаль хүртэж, 1969 оноос Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид ерөнхий зураач, уран сайхны редактораар ажиллахын зэрэгцээ олон арван номын чимэглэл зураг хийж байсан юм. 1960 онд Монголд анх зураач Д.Сандагдорж, Д.Нацагдорж, Л.Батсүх нар уран бүтээлийн хамтлаг байгуулж "Саналбат” гэж нэр өгчээ. Тэд уран бүтээлдээ эх орныхоо хөгжил цэцэглэлт, шинэ нийгэм өөд уриалан дуудсан "Найрамдлын Дархан”, "Миний эх орны нийслэл”, "Манай тээвэр”, "Эрин үеийнхэн”, "Миний Монгол”, "Намрын мөнгөн өглөө” зэрэг хулдаасан барын цуврал зургууд, зурагт хуудас, номын чимэглэл зэрэг олон бүтээл туурвиж байсныг манай үеийн үзэгчид уран зургийн галерейн сан хөмрөгөөс одоо ч сонирхон үзсээр байдаг юм. Энэ хамтлагийнхан 1972 онд "Найрамдлын Дархан” цуврал зураасан зургаараа МУЭ-ийн нэрэмжит шагнал хүртэж байсныг би тодхон санадагаа.

 

1974 онд би Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгсөхдөө "Усны эргүүлэг буюу Борзооны явдал” номоор дипломын ажлаа хийсэн ба энэ үеэс эхлэн номын чимэглэл зурагтай амьдралаа холбосон билээ. Энэ үед Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид уран сайхны редактораар ажиллаж байсан Сандагдорж гуай олон сайхан номын чимэглэл зураг зуруулах захиалга надад өгдөг байв. 1980 онд би Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуулиа төгсч ирсэн цагаас хойш бид хоёр уран бүтээлийн сайхан харилцаа холбоотой олон он жилийг үдсэн билээ. Манай гэр хүнсний нэгдүгээр дэлгүүртэй байранд байхад Хэвлэлийн нэгдсэн редакци хуучнаар Ялалтын талбайд байрлах худалдааны өндөр байранд байв. 1980-1990 оны үед би мөн ч олон номын чимэглэл зураг хийсэн дээ. Нэг өдөр Сандагаа гуай утсаар "Миний дүү ороод ирдээ, нэг яаралтай номын чимэглэл хийлгэх хэрэг гарлаа ” гэв. Гүйгээд ортол өрөөнийх нь хэд инээлдээд сүйд, юу болов? гэсэн чинь Сандагдорж гуай зөндөө олон хүн рүү ярьсан юм, хийх хүн олдохгүй хамгийн сүүлд чам руу яриад, тэгээд бид шууд л Төгсөө рүү ярихгүй дээ гэж шоолж суугаа юм гэдэг байгаа. Редакцын хэд нэг том танхимд олуулаа суудаг байв. Тэр үед Монгол улсын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа гуай, зураач Төмөрпүрэв, редактор Сүхбаатар, эдийн засагч Эрдэнэчулуун, гэрэл зурагчин Төрбат, Баатар, орчуулагч Амар ,Төмөртогоо гуай гээд л сайхан хамт олон байсансан. Яагаад ч юм бэ хэвлэлийн нэгдсэн редакци дандаа л нүүдэл хийнэ. Зураач бид шинэ газар луу нь очоод л номын чимэглэл хийх захиалга авдаг байв. Манай зураачдын хийсэн маш олон номын уран сайхны редактораар ажилласан даа. 1988 оны намар би зураач нөхдийн хамт уран бүтээлийн судалбар хийн Өмнөговь аймгийн нутгаар 1800 км аяласны дараа аймгийн төвийн Орон нутгийг судлах музей-д бид үзэсгэлэн гаргах үеэр МУЭХорооны нарийн бичгийн дарга байсан Сандагдорж гуай, гэрэл зурагчин Тэрбиш, урлаг судлаач, доктор Д.Баярсайхан нар Улаанбаатараас ирж дүрслэх урлагийн өдрүүд хамтран зохион байгуулж, тэд аймгийн иргэдэд лекц уншиж, слайд үзүүлэн хэд хоног хамтдаа хөгжилтэй өнгөрүүлсэн сайхан дурсамж надад бий. Олон жил би Сандагдорж гуайг багш шигээ санаж, үг сургаалийг нь сонсож, хүндэлж явдаг байлаа. Сандагдорж гуайн олон сайхан үр хүүхдийг Гавъяатын найран дээр нь харсан юм. Мөнхбурам гэж уушигны нэртэй сайн эмч хүүг нь сайн мэдэх юм. Одоо ч манай зураачдаас "Сандагаагийн хүүд бие ээ үзүүлээд” гэж ярих хүмүүс таардаг л юм. Харин зураач хүү Төрбурам бид хоёр ойр дотно явдаг билээ. Аавынхаа авъяасыг өвлөн, хайчилбарын урлагийг нь улам хөгжүүлэн гадаад дотоодын үзэгч олонд хүргэж яваа билээ. Одоо Америкт гэр бүлийн хамт уран бүтээлээ туурвисаар яваа нэгэн. 2005 онд би Америкт үзэсгэлэн гаргаж хэд хонохдоо Төрбурамтай утсаар хэдэнтээ ярьж уран бүтээл, аж амьдрал, зураач нөхдийнхөө тухай хуучилсан юм. Тэр үед тэднийх шинэ хүнтэй болсон баяртай үе нь байлаа. Монголын уншигчид Төрбурамыг 1990 онд хэвлэгдсэн "Монголын нууц товчоо” номын цаасан хайчилбар чимэглэл зургаар нь сайн мэддэг билээ. Сандагаа гуай хэдий бурханы оронд заларсан ч гэлээ уран бүтээл нь ном хэвлэлийн хуудсаар дамжин өнөөг хүртэл өргөн олонд хүрч бүтээл туурвил нь МУЗ Галерейн сан хөмрөгт хадгалагдан үзэгч олны мэлмийг мялааж байгааг харахад бахархах сэтгэл эрхгүй төрсөөр явдаг юм.

Зураач С.Төгсоюун

 


Сандагаа гуайгаа дурсахад...

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх