Онцлох зохиол: Хунгийн төгөл

 

Онцлох зохиол: Хунгийн төгөл

 

зохиолч яруу найрагч Д.Баатаржавын "Намайг тосож аваарай” уянгын тууж өгүүллэгийн номноос дээжлэн "Хунгийн төгөл” бүтээлийг нь хүргэж байна.

...Сүүдэр хоргодуулсан тэр ангархай хар уулыг эрт үед «Хүйтэн» гэж нэрлэдэг байв. Түүний ам өгсөхөөр чонын үүр оромж ихтэй. Цөлх хонхор газар. "Хүйтэний хонхор" гэдэг юм. Ерөөс нар үздэггүй газар. Нэлээд өгсөж байж очдог юм шүү!...

...Аав нь хөхөөн дуу сонслоо. Газар дэлхий дэлэгнэж, хэвлий зулай нь зөөлөрчээ. Энэ жилийн зун урт үргэлжлэх юм байна даа. Нар хур тэгширсэн сайхан зун болно... Миний муу сэгсгэр хүү эр хүн болжээ... Аав нь одоо юундаа хоргодно билээ. Голомтын гурван чулуу шиг чандмань заяатай орчлонд эжийгээсээ л бүү холдоорой. Муу эжий нь ч гэсэн дээ! Нас нь элж, чалх тамир нь өдрөөс өдөрт барагдаж яваа л амьтан шүү дээ... Дотроо гэрэлтэй хүнд бусад хүмүүний сэтгэл өөрөө л ирдэг юм даа, хүү минь... Аав нь хүүдээ их баярласан шүү... Миний хүү нэг их ганцаардаж, газардаад байхгүй л болов уу... Насыг минь аваарай... Аавыгаа унтчихвал уйлж унжиж, хүн амьтан дуудаж, үймж бужигнаад юу хийх вэ!

Олны газарт аваачиж сүр бараа болоод ч хэрэггүй, нэг муу халтар өвгөн над хүндэднэ. Зэв мэс хангичуулж, газрын элэг цөмлөж ер хэрэггүй, "Хүйтэний хонхор” - т аваачаад ил орхичих. Энэ нь л дээр. Аавыгаа гээж байгаа нь л тэр. Тийм учиртай юм. Яг тэр үед тэнгэрт шувуу бөөрөх, газарт боохой шинших, үнэг хуцах сайн. Тэгээд л аав нь тэд нартай цуг бие хувилан явчихаж байгаа нь тэр. Харин түргэхэн шиг буцаарай... Эргэж хардаггүй юм шүү...

Хэвтэрт байхдаа аав нь нэг өдөр нар дагаж суугаад, хатингар хөх цээжээ үрчилзүүлэн, амьсгаадан байж хэлж байсан энэ үгс нь нэгд нэгэнгүй бодогдсоор нэг мэдэхнээ Цогт нөгөө ангархай хар уулын аараг дотор орж явчихсан байв. Аараг ч гэж дээ, наанаас нь өгсөж цаад ругаа тонгорсон цовдон хадтай, буйд уулын буруу харсан ам байлаа. Эхлээд л нүдэнд туссан гурван хясаа хадны бэлчирт хүрээд цагаан эсгийд ороож үүрсэн амирлаач эцгийгээ зөөлхөн буулгаж, хоёр шанаагаа даган урсах хөлсөө салбархай ханцуйгаараа ээлжлэн шудраад түгдчин амьсгаадаж хэсэг зогсов. Хувхай бут шаваг, хөх хомоол, аргал түүж гал дэгжээв. Ер гэгээн өдрийн анир чимээ бүгд дайжин, гагц биед зориг чадал мөхөсдөвч, хажууд ямар нэгэн тулахтай, түшигтэй хань бараа байгаа юм шиг Цогтод санагдан, айж эмээх нь бага байв. Галын дөл өөдөө цоролзоно. Хээрийн голомтны сүүмэн гэгээ, халуун амьсгал Цоггыг бас үл ганцаардуулах ажаам. Дээр тэнгэрт тас шувуу бөөрөх авай...

Цогт бүсэндаа хавчуулсан бөхөнгийн ээтгэр эврээ суга татан газар зурав. Өвөр заамаа тэмтчин, бас бус юм хүм гаргаж, зурсан газраа тойруулан сүү дусааж, тариа булаахан цацлаа.Тэгээд эсгийтэй шарилыг ихэл хичээнгүйлэн өргөж зөөлхөн тавиад задаллаа. Цагаан цуу ямбуугаар битүү тунтарсан энэ амьгүй бие сая л нэг санаа амрав гэлтэй амьсгаа тарчлаа ч үгуй гулдайн хэвтэнэ...

-Босоод ирэх биш дээ, та минь! Буцаад үүрээд харих биш дээ, хүү нь!... Цогт нусаа шорхийлгэн татаад шуухтнан ингэж шивнэлээ. Ийн зогсохуйяа өөрийнх нь нөмөрлөж, нарлаж явсан нэг их сайхан сүмбэр уул нурж унаад Цогт, орчлонгийн цэвдэг салхинд шавхуурдуулан гав ганцаараа өнчрөн үлдсэнээ ухаарлаа.

Өрөөсөн муу хяларт нь нулимс хурлаж, юу юугүй л үүл шиг давхарлаад ирэх нь тэр. Нэг нь юу ч хардаггүй юм чинь, гэгээтэй нөгөөгий нь нулимс хуччихлаар нэг хэсэгтээ л таг сохор юм шиг харанхуйлав. Халуун нулимс холцруутсан хацрыг нь хорсгон туучиж, хагарсан уруул нойтолж давах нь шорвог мэдэгдэнэ. Цогт ийн шуухтнан чимээгүйхэн мэгшсээр эцгийнхээ цогцосыг нар зөв гурав тойрч, хөлд нь ирээд хормойгоо дэвсэн гурвантаа мөргөн адислав аа. Гэтэл хаа нэгтээ ямар нэгэн шиншүүл амьтны "чов-чов-чов-чов" хийн хуцах этгээд луу сонсогдож, гол руу нь хүйт оргин бие нь зараагаад хөшчих шиг болов.

...Газрын элэг цөмлөж хэрэггүй... ил орхичих... шувуу эргэх... үнэг хуцах сайн... аав нь тэд нартай цуг...

...Цогт чичирсэн гараараа шарилыг цугласан даавууны үзүүрээс бат атган, нөгөө гараараа нулимсанд живэн харанхуйлах өрөөсөн нүдээ шудран буруу эргээд тэр чигтээ гүйчихлээ. Нэгэнтээ зогтуссан боловч... Түргэхэн шиг буцаарай... эргэж хардаггүй юм шүү... гэж хажуунаас нь шивнэх ч шиг, хойноос нь дагаад хэлээд ч байгаа юм шиг санагдахаар нь даавуугаа чирсэн чигээрээ л гүйсээр...

Ашгүй, сүүдэр үмхсэн уулын хүйтэн ам дуусаж, нарны бүлээн туяа зулай илбэхийг мэдрэв. Цогт жаахан амсхийх аядаад, чирч яваа даавуугаа хумин базаж, нэгэн том хадны ёроолд аваачиж шатаав. Тэгээд ирсэн замаа буруулсан чигээрээ, сүүдрээ чирэн сүглийсээр эгц доошоо бууж, модтой тохой руу орлоо...

”Хунгийн төгөл”... Уулын мөрөгцөгт тулан эргэж, тогоо шиг дугуйран ногоорох их дөлгөөн усанд хоёр цагаан хун амгалан сайхан сэлж явсанаа сүр сархийн гарч ирсэн Цогтоос үргэн дайжлаа. Жил жилийн намар аав хүү хоёр энд л ирж өвс хадлангаа базаадагсан. Хаварт, яг өдийд, очиж нэг эргэдэгсэн. Өт хорхойг ч болов хайрлахын тулд төрсөн гэмээр торгон зөөлөн сэтгэлтэй тэр өвгөн энэ л нэг модны

оёорт суугаад ус ургамалтайгаа хуучилдаг ч байсан уу даа, хөөрхий!

"...Хунгийн төгөл...хунгийн төгөл...” гэж шивнэн шивширч....”Хунгийг нь бүү үргээ, хүү минь! Гол ус боловч гомдоно шүү дээ! Хун хоёр биендээ үнэнч жигүүртэн гэдэг...” гэдэгсэн... Цогт аавынхаа суух дуртай нөгөө модных нь оёорт очиж суугаад ус гөлрөв. Гүн толионоос нь эцгийнх нь тамирдаж ядарсан дүр тодров. Хүйтэн хар ууланд ил орхисон өвгөний цогцос ус даган ирж, хүүтэйгээ уулзаж байгаа ч юм шиг түүнд санагдан дандаж нөмөгдсөн сэтгэл нь улам эвдэрч, нүдний угт дахиад л бүлээн нулимс чийгтэнэ...

...Өөдсөн чинээ хоёр биеийг минь өргөн орчлонд орхичихоод амьсгалаа татсан эцэг минь та уул усандаа амирлажээ. Энэ нэгэн буйд, үзэсгэлэнт төглийг хэзээ ч үл мартана. Дандаа л ирж байх болно. Тэр бүхэнд аав минь энэ л тохойнхоо гүн хөх мандлаасаа хүүтэйгээ уулзаж байгаарай даа... Хүү чинь одоо сургуульдаа эргэж сурна аа... Бас эжийгээ өргөхийн дээдээр өргөж, асрахын дээдээр асарна аа, аав аа! Бүх юм одоо таны захиж хэлсэний дагуу над, нүдний минь өмнө ив илхэн харагдаж байна. Тандаа хэзээ ч ямар ч үед үнэнч шүү! Над итгээрэй, аав аа?... Цогт бүлээн нулимсаа чимээгүйхэн урсган аав, уул устайгаа ийн хүүрнэв ээ. Мөн төдийд эцгийгээ эсгийнд боож үүрэн, өглөө нарны гэрэл булаацалдан гэрээс гарахад араас нь нэгэнтээ чаргуулдсанаа шүдгүй амаа бумалзуулан мэгшиж, наманчлан хоцорсон атигар муу эжийнх нь сэгсгэр дүр бас зэрэгцэн гарч ирэв... Ийн гэрэлтэй, сүүдэртэй олон дүр зураг түүний гөлрөн буй усны мандалд тээгдэн ирээд туугдан замхарч одно...

Лолий Цогт хэнээс төрснөө эс мэднэ. Хоёр настайд нь л гэсэн байх. Балжингийн арлын шигүү бургасан дотор, урссан зомголтой хөөцөлдөн үерлэсэн гол руу ордгийн даваан дээр энэ эцэг нь таарч, үл голон, нойтон сормуустай хүний үр юм болохлоор нь бэлэгшээж, хормойгоо дэвсэн дүүрээд духыг нь үнэрлэн гэртээ авч ирсэн гэдэг. Бодвол, гэр оронгүй, үг хэл, үйл хөдлөл нь орон гаран, зөөлөн харсан айл амьтны хатавч бараадаж, гарын үзүүрт зарагдан хоол хороож явдаг байсан гагц бие эх нь хүүхдээ саатуулмар болж яваад усанд эндсэн байхаас зайлахгүй...

Цогт энэ тухай гадны хүнээс ийн сонссон авай. Түүнээс хойш өөрсдөөсөө үүсэх үр буяны заяагүй энэ айлын бор халтар хойморт өөрийн зөнгөөр эрх дураараа торнижээ...

Чийгийн хар дэлэнч хамар аманд часхийтэл шигдэвч Цогт эс тоон суусаар байлаа. Тийн орь гагцаар тааваараа суусаар байх ахул нэг мэдэхнээ айдас түгшүүр, гашуудал гомдлыг нь гэрэл гэгээ наадуулсан

энэ тунамал цэнхэр ус мандалдаа шингээн урсган одсон мэт ээ.

Энэхэн мөчид яагаад ч юм нэг их гавьяа байгуулчихсан ч юм шиг, нуруу зооноосоо ямар нэгэн хүнд ачаа буулгаад амар тайваи болчихсон ч юм шиг Цогтод санагдан сэтгэл санаа нь нэг л өегшин тайвширч, өөрөө өөртөө баярламаар ч бодогдов. Тэгсэн бас "хүн хүний дээд, тэр сайхан нөмөрлөг буурлаа хүйтэн ууланд ил хаячихаад баярлахдаа ч яахав дээ! Тэнэг толгой...” хэмээн өөрийгөө зэмлэх ч баалах ч гэх үү бас нэгэн эсэргэн бодол орж ирнэ. Цогт гэнэт л санасан юм шиг "Муу ээж минь ганцаараа...” гэж шивнээд бослоо. Гэтэл хойно нь ямар нэгэн хөлийн чимээ гарах шиг дуулдахаар нь тогтнон эргэж харав.

Бүжмаа ирж явна. Хөлөө турь муутайхан удаан зөөж, үл мэдэг ганхасхийн нэлээд ядарсан байртай алхах авай...

...Энэ охин бас л зовлонд уначихаа юу даа? Энэ хүртэл ингэж явах!... гэсэн шиг бодогдож, Цогт алмайран зогссоор байв. Бүсэлхий давах урт хар үс нь задарч, тэгш шулуун хондлой ташааг нь бүрхээд, суган доогуур нь намиран, нэг хэсэг нь мөрөн дээр нь гогоиоорч энгэр лүү нь хийсэх нь үнэхээр нүдэнд чимэгтэй харагдана...

Нэг тохойн урд хойно хоёрт хаваржиж намарждаг болохоор морьтой явган ч хамтдаа сургуульд явдаг байсан.

Долир сохор гэхгүй, тоож үерхэн, тоглож наадаж, ер гэмгүй л сайхан явдагт нь Цогт, Бүжмааг дороо бороо сайн охин л гэж бодож өдий хүрсэн. Харин ахлах ангийн сүүлийн жилүүдэд Бүжмаагийн нөгөөх харьцаа хандлага, ааль араншин хэвээрээ ч Цогт түүнийг дагуулж, дагаж явахаасаа үнэхээр санаа зовж ичин, өөрөө аль болох хөндий байхыг л эрмэлздэг болсон. Аавыгаа хэвтэрт орж, сургуулиасаа чөлөө авсан ноднингоос хойш огт уулзаагүйгээ ч саналаа. Энэ голын хэдэн харцуул, үеийнх нь банди нар Бүжмааг ээрч хоргоон, эргүүлдэж, захиа занаа атгуулах гэж оролдон, зүгээр байлгадаггүйг Цогт сайн мэдэх билээ. Тэр бүү хэл Балсангийн Гангаа "Хэрэвзээ чи надтай суухгүй гэвэл би өөрийгөө ч чамайг ч хорлож санаагаа амраана даа! ” гэж аав ээжийнх нь нүүрэн дээр хэлж, Бүжмааг айлгаж ичээсэн сураг ч дуулдсан. Нумарсан өтгөн хар хөмсөгтэй, цайвар нүүрэндээ зохицсон битүү хар үстэй. янцага шиг эрвэлзсэн алаг нүдтэй, бие хаа тэнцүүхэн Гангаа саяхан цэрэгт явна гэж нэг ирэхдээ дөрвөн талтай жанжин малгай тавьж, саарал цэмбэн дээлэн дээр өргөн шар дурдан бүс ороосон нь үнэхээр л зураг шиг харагдаж байсан даа. Жаахан дэврүүн, нүүрмэг дүүрмэг зантайгаас биш Бүжмаа шиг тунсаг бүсгүйд Гангаа гологдохооргүй ээ! Энэ Бүжмаа Гангаатай л суучихаасай... Цогт ийн бодож эргэлзэн зогссоор Бүжмаа тийн түүн рүү наашлан ойртсоор юу юугүй л Цогтын өмнө хормой шүргэм тулж ирэв ээ. Цогт дэмий л хойшоо ухрах гэсэн боловч нуруугаараа модонд тулаад эргэх боломж олдсонгүй. Бүжмаа дүрлэгэр алаг нүдэндээ нулимс мэлтрүүлэн Цогтын мөрөнд нүүрээ наан чимээгүйхэн мэгших нь тэр ээ! Цогт бүр ч балмагдаж, яах ч учраа эс олон ээрч түгдэчсээр

-Үгг-үй ээ, Чи...чи...яа...ав аа..! Тан..та..н...айх зүг...зүг... ээр...үү...? хэмээн тасалдуулан асуув. Цогт биеэ эгцлэн, тэврээд авах гэсэн боловч гар хөл нь зориглож хөдөлж өгсөнгүй. Бүжмаагийн сул асгарсан торгон хар үс, нөмгөн энгэр заамнаас хэлж мэдэхгүй нэг л дотно үнэр ургана. Бүжмаа нойтон сормуус дэвсэн зөөлөн хар нүдээр Цогтыг эгцлэн харав. Төдийд л Цогт сэхээ авах шиг хажуу тийш зайцаад "Танайх сайн уу? Чи яасан бэ? Энэ хүртэл ганцаараа уйлж унжаад юу хийж явна вэ? Эсвэл хээр гадаа хүн амьтан айлгаа юу?” гэж сандчин давхцуулан асуув.

Бүжмаа гунигтай ч юм шиг хөнгөн шүүрс алдсанаа харцаа доошлуулан "Чам... чамайг... өрөвдөөд... бас муу аав чинь бод... бодогдоод...” гэх нь тэр. Цогт баярласан боловч хариу дуугарч эс чадав. Тэгээд "-А-аа-н” гэж хайхрамжгүйхэн сулхан дуугараад долир нүдээ Бүжмаагаас салгаж, намуухан туналзах голын мандал руу ширтэв. Их дөлгөөн, гүн цэнхэр уснаа хоёр цагаан хун эргэн бууж, гэрэл дагуулан бас гэгээ цацруулан эрх дураараа хөвсөөр авай... Энэ хоёр үзэсгэлэнт амьтан яг л Бүжмаа, Гангаа хоёр баймаар санагдаад Цогт өөрөөсөө ичиж, Бүжмаагаас зовохдоо түүнээс бушуухан буруулмаар байвч мөнхүү хос цагаан хунг үргээчихгүйг бодон Хунгийн төгөл дотор зогссоор байв аа.

Хун зүс шигээ л гэрэл гэгээтэй сайхан жигүүртэн ажгуу...

1992 он. Ховд хот - "Өргөн ширэг"


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх