Каннын кино наадам 2017 - Хамгийн их хүлээлт үүсгэсэн бүтээлүүд

Дэлхийн хамгийн нэр хүндтэй, хамгийн тансаг кино наадам болох Каннын кино наадам 70 дахь жилийн ойгоо тэмдэглэх аж. Италийн домогт жүжигчин Клаудиа Кардиналегийн дүрээр постероо чимсэн Каннын кино наадам 2017 оны 5 сарын 17-нд эхэлж 28-нд дуусах юм. Хамгаас их өрсөлдөөнтэй энэ кино наадмын уралдаант хэсэг болон бусад хэсгийн сонгосон бүтээлүүд чанараараа гайхагдахаас аргагүй. Энэ жил уг наадмын гол хоёр хэсэг болох уралдаант хэсэгт 18 бүтээл, Ан Сертэн регар хэсэгт 19 бүтээл өрсөлдөж байгаа юм байна. Үүн дотор Ази тивээс гэвэл Өмнөд Солонгосын 2, Японы 2, Хятадын 1 кино сонгогдсон байна.

Кино ертөнцөд хамгаас хүлээлт үүсгэдэг энэ жилийн кино наадам сүүлийн хэдэн жилүүдтэй харьцуулахад бүр илүү олон лут бүтээлүүдээр дүүрэн байх төлөвтэй. Наадмын гол хэсгүүдэд сонгогдсон бүтээлүүдэс хамгаас их хүлээлт үүсгэж, яриа өрнүүлж буй бүтээлүүдийг онцолж байна. Хэдий Каннын кино наадамд очиж чадахгүй байлаа ч энэ жилдээ эдгээр бүтээлүүдээс үзэх боломж тохиох нь мадаггүйтэй адил энэ жил кино урлагийн хувьд сонирхолтой жил болох нь гарцаагүй.

Михаэль Ханеке - Аз жаргалтай төгсгөл (Happy End)

Ханеке 2009 онд Цагаан тууз, ердөө 3 жилийн дараа 2012 онд Хайр киногоороо тус бүр Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэн юм. Тэрээр ийнхүү дээд шагналыг 2 удаа хүртсэн 9 найруулагчийн нэг болсон ба энэ жил Ханеке 3 удаа шагнал авсан анхны найруулагч болж чадах болов уу? Европын дүрвэгчдийн хямралыг хөндсөн энэ кинонд лут Изабель Юппер тоглосон гэдгийг санахад л киног үзэхээс тэсэж ядах вий.

Йоргос Лантимос - Ариун бугыг хороосон нь (The Killing of a Sacred Deer)

Лантимосын Хавч бүтээл 2015 оны Каннаас шүүгчдийн шагнал хүртэж улмаар артхаус хит болж байлаа. Харин энэ удаад дахин Колин Фаррелтай ажиллахдаа тэрээр сэтгэлзүйн триллер жанрыг сонгожээ. 

Софиа Коппола - Мэхлэгдсэн нь (The Beguiled)

Орчуулгын алдаа бүтээлээс хойш Софиа Копполагийн бүтээлийн чанар аажмаар суларсаар ирсэн тул хүлээлт үүсгэх кино энэ мөн үү гэдэг эргэлзээтэй. Гэхдээ хэрвээ найруулагч формондоо эргэж орсон бол Кирстен Данст, Эль Фаннинг, Николь Кидман, Колин Фаррелл нарын ансамбл түүнд нь төгс зохицох нь гарцаагүй. Энэ жил Кидман, Фарреллаар нэг амьсгалах бололтой. Дашрамд сонирхуулахад энэ киноны эх роман Томас Куллинаны бүтээл дээр сэдэвлэн 1971 онд Клинт Иствүдийг тоглуулж Дон Сигел мөн кино хийж байжээ.

Сергей Лозница - Даруу эмэгтэй (A Gentle Creature)

Лозница бол хэд хэдэн лут баримтат киногоороо дэлхийн шүүмжлэгчдээс хүндлэл хүлээсэн нэгэн ба өмнөх хоёр уран сайхны бүтээл нь хоёулаа Каннын Уралдаант хэсэгт сонгогдож байсан юм. Достоевскийн ижил нэрт богино өгүүллэг дээр сэдэвлэн Брессон сод бүтээл туурвиж байлаа. Энэ удаад харин Украин эр маань хэрхэн Достоевскийг дэлгэцнээ буулгасныг үзэх боломж гарах нь.

Андрей Звягинцев - Хайр үгүй (Loveless)

Салах дээрээ тулсан гэр бүлийн хоёр маргалдаж байх үеэр хүүхэд нь зугтаж одно. Хүүхдээ олохын тулд хэсэг эвлэрэхээс аргагүй болж буй хосын тухай өгүүлэх энэ кино нь Цөллөг болон Эргэж ирэхүй бүтээлүүдийнх нь адил гэр бүлийн сэтгэлзүйн драм байгаа тул бид Звягинцевийн киног сайн гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байж болно гэмээр байна. Ялангуяа 2014 онд Каннаас шилдэг зохиолын шагналыг Левиафан бүтээлээрээ авсан түүний дараачийн бүтээлийг тэсэн ядан хүлээж байсан үзэгчид олон биз ээ.

Бон жүн-о - Окжа (Okja)

Каннын уралдаант хэсэгт иймэрхүү адал явдалт, тулаант, зөгнөлт кино тэр бүр сонгогдоод байдаггүй. Гэхдээ Солонгос найруулагч Бон Жүн-о Аллагын дурсамжМангас зэрэг киногоороо шүүмжлэгчид болон олонх үзэгчдийн аль алинд таалагдахуйц кино хийж чаддагаа баталсан нэгэн. Бас Netflix-ийн хийсэн 2 кино анх удаа Каннд сонгогдож байгаа нь энэ. Канн киног хүргэх загвар дээр санал үл нийлэн Netflix-тэй зөрчилдөөд авсан байдаг.

Ной Баумбах - Майеровицийн хүүрнэлүүд (The Meyerowitz Stories)

Мөн Netflix-ийн санхүүжүүлсэн бүтээл. Баумбахын Нью-Йоркт үйл явдал нь өрнөх содон инээдмийн кинонууд нь амьдралын гашуун мөчүүд хүний мөн чанарт хэрхэн нөлөөлж буйг хөндөх нь элбэг. Дастин Хоффман, Эмма Томпсоноос гадна хэд хэдэн драматик дүр сайн бүтээж чадахаа баталж байсан Адам Сэндлер, Бен Стиллер нар үзэгчдийн урмыг хугалахгүй нь лавтай.

Бусад онцлох бүтээлүүд

Линн Рэмси - Чи энд хэзээ ч байгаагүй (You Were Never Really Here)

Тодд Хэйнс - Гайхамшигт мэдрэмж (Wonderstruck)

Рүбен Өстлүнд - Дөрвөлжин (The Square),  

Хон Сан-сү - Дараачийн өдөр (The Day After)

Киоши Күросава - Устахаасаа өмнө (Before We Vanish)

Мөн Дэвид Линчийн Твин Пикс, Жейн Кэмпионы Нуурын дээр (Бас л Николь Кидман тоглосон) олон ангит цувралын эхний ангиуд болон Алехандро Гонсалес Инньяритугийн VR төсөл энэ жилийн Каннын кино наадмаар толилуулагдах болно.

ЭХ СУРВАЛЖ: artfilm.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх