УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Францын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь БНФУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Францын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь өнөөдөр (2017.05.16) Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабэт Барсак болон Элчин сайдын яамны Хөдөө аж ахуй, уур амьсгалын атташе Орэлиа Талваз нартай уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Францын ерөнхийлөгчийн сонгууль болж ноён Эммануэл Макрон Франц Улсын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд өнгөрсөн 4 дүгээр сарын эхээр УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат, Ц.Даваасүрэн нарын гишүүдийн хамт Парис хотноо ажлын айлчлал хийснээ дуулгасан юм. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Франц Улс бол хөдөө аж ахуйгаа өндөр түвшинд хөгжүүлж чадсан улс орны нэг. Тийм ч учраас бидэнд Франц Улсаас судлах зүйл их бий. Танай улсад "Үүссэн газрын нэршлийг хамгаалах батламж” байдаг. Энэ батламж нь тухайн газар нутгийн нэрээр нэрлэгдсэн байдаг юм билээ. Энэ нь бүтээгдэхүүний чанар, стандарт, зохиогчийн эрхийг хамгаалах зорилготой батламж юм. Өнөөдөр таньтай уулзах болсон зорилго бол хөдөө аж ахуйн чиглэлээр та бүхэнтэй хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийн балыг "Үүссэн газрын нэршлийг хамгаалах батламж”-тай болгох асуудлаар туслалцаа, дэмжлэг авах хүсэлтэй байна" гэдгээ хэлэв.

Элчин сайд Элизабэт Барсак "Уулзаж байгаадаа баяртай байна. Юун түрүүнд "Үүссэн газрын нэршлийг хамгаалах батламж”-ийг авахын тулд маш өндөр шалгуур тавьдаг. Иймээс Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийн балыг экспортонд гаргах, чанарыг сайжруулахад нутгийн иргэдийн оролцоо маш чухал" гэлээ.

Францын "Үүссэн газрын нэршлийг хамгаалах батламж”-тай төстэй батламж бий болгоход Монголын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар анхаарч ажиллавал илүү үр дүнтэй болно хэмээн хариуллаа.

Төгсгөлд нь хатагтай Элизабэт Барсак Элчин сайдын яамны зүгээс дээрх асуудлаар техникийн туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах бололцоотойг тэмдэглэсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
 
 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх