Ц.Нарантуяа: Шинэтгэлийг цагдаа, прокурорт хийх шаардлага байна

 

Ц.Нарантуяа: Шинэтгэлийг цагдаа, прокурорт хийх шаардлага байна

 

  Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, "Бүс нутгийн хүний эрх, иргэний оролцоо, хөгжил” иргэний нийгмийн байгууллагын тэргүүн Ц.Нарантуяатай ярилцлаа. Тус байгууллага нь Ховд аймагт хүний эрхийг хангах, иргэний оролцоог бэхжүүлэх чиглэлээр ажилладаг аж. Иргэдэд хуулийн зөвлөгөө өгөхдөө шүүхийн үйл ажиллагааг ажиглаж, судалсан талаараа тэр ярьсан юм.

 

 

-Та өөрийгөө товч танилцуулаач. Ямар учраас шүүхийн үйл ажиллагааны талаар ярих болов?


      -Манайх Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл. Иргэний нийгмийн байгууллагууд хүний эрх, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын үйл ажиллагааг судалдаг. Тэр шугамаар өнгөрсөн хоёрдугаар сард Ховд аймгийн шүүхүүдийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг ажиглалаа. Монгол Улсын баруун хязгаар дахь шүүхийн үйл ажиллагаа, иргэдэд хүргэж байгаа үйлчилгээний талаар мэдээлэх нь зөв гэдэг үүднээс өөртэй чинь ярилцаж байна.


-Ховд аймагт шүүхийн үйл ажиллагаа ямар байна вэ?


      -Би 1995 онд Ховд аймгийн шүүхэд шүүх хуралдаанд сууж байсан. Хорь гаруй жилийн дараа дахин шүүхэд очиход байдал огт өөр болжээ. Тэс ондоо орчин, огт өөр харилцаа угтсан. Улаанбаатар хотын аль нэг дүүргийн шүүхэд очих, Монголын баруун хязгаарт байгаа Ховдын Булганы шүүхэд орох ямар ч ялгаагүй болсон. Иргэдийг тосч байгаа үйлчилгээнээс эхлээд орчин, нөхцөл адилхан болжээ. Иргэн хүний нүдээр харахад шинэчлэл маш их хийгдсэн байна.


 

-Та 1995 онд шүүхээр үйлчлүүлж байсан тухайгаа ярьсан. Тэр үед шүүх ямар байсан бэ?


      -Төрсөн дүү маань хэрэгт холбогдож Ховд аймгийн урьдчилан хорих төвд хоригдож, шүүхээр шүүгдсэн. Тэр үед шүүх гэдэг нэрнээс ч айдаг байлаа. Тийм л хаалттай байгууллага байсан. Шүүхээр орлоо л бол өнгөрлөө гэж боддог байсан үе. Шүүхийнхний харилцаа хандлага ч тийм байсан. Тухайн үед шүүгч яриад, прокурор, өмгөөлөгч яриад л шийдвэр гарч байсан санагддаг. Харин одоо шүүх хуралдаанд бодит мэтгэлцээн өрнөдөг болж.

 

 

-Та Ховд аймгийн шүүхэд ажиглалт хийж байхдаа шүүх хуралдаанд суусан биз дээ?


      -Иргэн хүнийхээ хувьд ч, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн хувьд ч шүүх хуралдаанд хэдэнтээ суусан. Шүүх хуралдаанд сууж амжаагүй үед "Нээлттэй шүүх” танхимаас харах боломжтой. Тэндээс хүссэн мэдээлэл авах боломж байна.

 

 

      Шүүхийн статистик мэдээллийг авч хөндлөнгийн үнэлгээ хийхэд ч нээлттэй болсон байна.


 

-Иргэний нийгмийн байгууллагын хувьд шүүхийн шинэтгэлийн талаар иргэдэд таниулж байгаа юу?


      -Бид иргэдэд хүний эрхийн төлөө зөвлөгөө өгдөг. Шүүгч ямар шийдвэр гаргах нь чухал биш. Харин шүүгч хийх ёстой ажлаа хуулийн дагуу хийж байгаа нь чухал. Тийм учраас шүүхийн шинэтгэл, үйлчилгээний талаар иргэдэд таниулж, мэдээллэх нь бидний үүрэг гэж ойлгож байгаа. Иргэд шүүхийн шинэтгэлийг хуулийн байгууллагын шинэтгэл. Тиймээс цагдаа, прокурор чинь шинэчлэгдэхгүй байна гэдэг. Тиймээс иргэдийн эрхийг бүрэн хамгаалахын тулд цагдаа, прокурор гээд хуулийн бусад байгууллагыг шинэтгэх нь чухал байна. Хүүхэд, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч байхад өмгөөлөгчийн ёс суртахуунтай холбоотой маш их гомдол ирдэг. Шүүх хуралдаан олон удаа хойшилдог нь ч өмгөөлөгчтэй холбоотой тухай ярьдаг. Тэгэхээр хуулийн байгууллагыг шүүх шиг шинэтгэж байж хүний эрх хангагдана.

 

 

-Та өмнө нь шүүх гэдэг нэр сонсохоос хүмүүс айдаг байсан тухай ярилаа. Харин одоо танай байгууллагаас зөвлөгөө авч байгаа иргэдэд тийм айдас байна уу?


      -Огт үгүй. Ховд аймгийн Булган сумын шүүхээр ороход л үүднээсээ хүлээж авч байгаа хандлагаас эхлээд үйлчилгээг жинхэнэ утгаар нь үзүүлж байна. Шүүх ийм байхад иргэд айдасгүй байх нь аргагүй. Шүүхийг шүүн тасалдаг биш үйлчилдэг байгууллага гэдэг ойлголт иргэдэд бий болсон.

 

 

 

 

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх