​​​​​​​Ардын Их Хурал хөдөлгөөн: Зөвлөлдөх санал асуулга болон холбогдох хуулийг Цэцэд өглөө

 

 

 

​​​​​​​Ардын Их Хурал хөдөлгөөн: Зөвлөлдөх санал асуулга болон холбогдох хуулийг Цэцэд өглөөЧ.ЗОТОЛ

Монгол Улсын Үндсэн хуулиа өөрчлөх, шинээр хуулийн төсөл боловсруулах, түүнчлэн нэмэлт өөрчлөлт оруулах талаар сүүлийн үед өргөн цар хүрээтэй яригдаж байна. Түүний эргэн тойронд олон янзын байр суурь, санал санаачилга гарч байгаа билээ. "Ардын Их Хурал” /АИХ/ хөдөлгөөнөөс   өнөөдөр "Үндэсний мэдээллийн төвд” хэвлэлийн хурал хийж, байр сууриа илэрхийлэв. Хэвлэлийн хуралд тус хөдөлгөөний гишүүн Д.Хархүү, Д.Нанзаддорж, Д.Батмөнх, Б.Пүрэвдорж, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга  Д.Ганхөлөг нар оролцов.

АИХ хөдөлгөөнөөс   өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль болон 2015 онд УИХ-аар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт  өөрчлөлт  оруулах  журмын тухай хуулийн дагуу явуулж  байна гэсэн тайлбартайгаар  УИХ-аас саяхан зохион байгуулсан  Зөвлөлдөх санал асуулга хууль зөрчсөн хэмээн үзэж байна. Мөн энэ асуудлаар  Ардчилсан хүчний анхдагчдын зөвлөл болон бусад хөдөлгөөн, ТББ-уудтай  хамтран Анхдугаар зөвлөлдөх зөвлөлийг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Н.Жанцанноров, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан нарт мэдэгдэл-шаардлага хүргүүлж,  Үндсэн хуулийн цэцэд нэхэмжлэл гаргасан байна.  Мэдэгдэл, шаардлагад "Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6.1.1, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 5.3.3 дахь заалт Үндсэн хуулийн агуулга, үзэл санааг зөрчсөн” гэж үзжээ. Мөн Ардчилсан хүчний анхдагчдын зөвлөлөөс  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд Нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу Нийтийн сонсгол явуулна уу гэсэн хүсэлт гаргасан гэв. Энэ талаарх АИХ хөдөлгөөний гишүүдийн байр суурийг хүргэе.

 

Д.Нанзаддорж: Хуулиа зөрчиж, амлалтаа биелүүлэхгүй ард түмнээ басамжиллаа 

-Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж, Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга гэсэн утгаар зөвлөлдөх санал асуулга явуулсан асуудлаар бид Цэцэд хандсан. АИХ хөдөлгөөнөөс дөрөвдүгээр сарын 14-нд Зөвлөлдөх зөвлөлийн ажлын хэсэг Д.Ламжав, Н.Жанцанноров, Д.Лүндээжанцан нарт мэдэгдэл хүргүүлсэн. Түүврийн аргаар 1570 иргэнийг хамруулан, түүнээсээ 750-ыг нь сонгох зарчмаар санал асуулга хийж байгаа нь ард түмний эрх мэдлийн суурь зарчмыг зөрччихөөд мэдэгдэл хүргүүлэхэд авч хэлэлцсэнгүй. Харин ч санал асуулга нь батлагдаж, хууль нь хэрэгжээд явж байна. Иймд арга буюу Үндсэн хуулийн манаач болох Цэцэд хандлаа. Өнөөгийн УИХ гаргасан хуулиудаа зөрчдөг, эсвэл хэрэгжүүлдэггүй ийм байдлыг тогтоож байна. Үүнийг болох хэрэгтэй. Нөгөө талаас, ард нийтэд  амласан амлалт нь хэрэгжихгүй байгаа нь ард түмнээ басамжилсан, тохуурхсан үйлдэл болж байна.

 

Д.Батмөнх: Хуулиар далдалж, үндэсний аюулгүй байдалд хадлаа

-Манай хөдөлгөөн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн талаар судалгаа хийсэн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль батлагдсан үйл явцын тухай сэтгүүлчдэд товч мэдээлэл өгье. 2016 оны есдүгээр сарын 9-нд УИХ-аас намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт, хуулийн төслүүдийг 43 дугаар тогтоолоороо баталсан байдаг. Энэ дотор 20 хууль байдаг. Түүнд Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль огт байхгүй. Байх ч нөхцөлгүй. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр буюу шинэ жилийн баярын үеэр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байдаг. Ингээд 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор эхний хэлэлцүүлгийг хийсэн.  Долоо хоногийн дараа сүүлчийн буюу эцсийн хэлэлцүүлгийг  2017 оны хоёрдугаар сарын 7-нд хийсэн байдаг. Үүнээс хоёр хоногийн дараа хоёрдугаар сарын 9-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, энэ хуулийн төсөл хуульчлагдаж батлагдсан.

Монголын түүхэнд ингэж гэрлийн хурдаар батлагдаж байсан хууль байхгүй. Өөрөөр хэлбэл,  иргэд байтугай мэргэжлийн хуульчдад  урьдчилж судлах, төсөлтэй танилцах боломж олголгүйгээр энэ хуулийг баталсан. Иргэд, сонгогчдод хуулийн талаар ямар ч судалгаа, мэдээлэл өгсөнгүй. УИХ 2017 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр тогтоол гаргаж, Зөвлөлдөх санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Үүнээсээ хойш долоо хоногийн дараа 12-ны өдөр Д.Лүндээжанцан тэргүүтэй УИХ-ын гишүүд, ажлын хэсгийнхэн хэвлэлийн бага хурал хийлгэснийг та бүхэн мэдэж байгаа. Тэр өдрийн 17.00 цагаас эхлэн улс орон даяар Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль тогтоомж хэрэгжиж эхэлсэн. Нэг сонирхолтой зүйл нь хууль хэрэгжиж эхлээд бараг долоо хоногийн дараа журмыг нь гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, ямар ч журамгүйгээр санал асуулгаа явуулсан. Тэгэхээр Зөвлөлдөх санал асуулга гээч нь алхам тутамдаа Үндсэн хууль болоод баталсан хуулиа өөрөө зөрчиж байгаа юм. Иймд Зөвлөлдөх санал асуулга болоод хууль тогтоомж нь  Үндсэн хууль зөрчөөд зогсохгүй үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна.

 

Д.Хархүү: Одоо байгаа засаглал хууль ёсных уу гэдгийг ч цаашид асуух ёстой

-Үүгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж хэлж байгаа юм биш. Үндсэн хуульд өөрчлөхөөр заалт зөндөө бий. Үндсэн хуулийн ерөнхий тунхаглал, үзэл баримтлал нь Монгол оронд хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулна гэж бий. Гэтэл үүндээ тохироогүй заалтууд хууль дотор бас байгаа. Тиймээс иргэний нийгэм дээр тогтсон  хууль ямар байх ёстой талаар судалгаа хийж байж өөрчлөхгүй бол хам хум, зөвлөлдөх санал асуулга нэртэй тодорхой хэсэг бүлэг хүний санаачилгаар хуулиа өөрчилж болохгүй. Үндсэн хуулийг өөрчилж, дордуулсан долоон өөрчлөлтөөс дээрдүүлсэн юм  байхгүй. Үндсэн хуульд 1999 онд оруулсан өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц 2000 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн хоёрдугаар тогтоолоороо хүчингүй болгосон байдаг. Гэтэл МАХН/МАН/ засгийн эрх авч, 2000 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Цэцийн дүгнэлтийг хүчингүй болгосон тогтоол гаргаад явсан. Дордуулсан долоон өөрчлөлт өнөөгийн  засгийн ойлгомжгүй байдал, эрх мэдлийн тэнцвэржилт алдагдсан, УИХ нь Засгийн газартаа хяналт тавьж чадахаа байсан зэрэг муу үр дагаврын эхийг тавьсан. Үндсэн хуулийг ингэж хам хум, яг тэр долоон өөрчлөлт шиг хийх юм бол цаашид Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн байдалд хор хохирол учруулна. Иргэдийн эрх  хязгаарлагдаж, нийгмийн эрх ашиг хөндөгдөнө.  Бид арав гаруй жил Үндсэн хуулийн судалгаан дээр ажилласан. Олон жил судалсны эцэст өнгөрсөн жилээс дүгнэлтүүдээ гаргасан. Үндсэн хуулийн дүгнэлтээр бол одоо байгаа засаглал хууль ёсных мөн үү гэдэг асуудлыг ч цаашдаа ярих шаардлагатай.

 

Б.Пүрэвдорж: Иргэдэд  тэгш мэдээлэл хүргэж байж   санал асуулга авах хэрэгтэй

-Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль батлагдаж, түүний дагуу Анхдугаар зөвлөлдөх санал асуулга нь  Улаанбаатар хотод хоёр өдөр явагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Төрийн ордонд 750 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Түүнд  ажиглагчаар оролцох боломж  надад олдсон. Оролцохыг  ч өөрөө хүсч байсан. Ингээд АИХ хөдөлгөөний нэрийн өмнөөс  хоёр өдөр сууж ажиглалт хийсэн. Маш их дутагдал, асар олон алдаатай үйл ажиллагаа тэнд явагдсан гэж би дүгнэж байгаа. Санал асуулгад оролцогчдын яриа, 15 бүлэг болон ажилласан байдал, экспертүүдийн хүмүүст өгч байгаа танилцуулга, мэдээлэлд дүгнэлт хийсний үндсэнд үүнийг хэлж байгаа юм. Жишээ нь, зургаан асуудлыг санал асуулгад оруулж ирж танилцуулсан. Ийм л асуудлын хүрээнд ярих юм байна, 1570 хүнээс санал авсан байна гэсэн ойлголт өгсөн. Тэр дотор нь Ардын Их хурал буюу Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай парламентын тухай асуудал байгаа юм. Анх хурал хийхдээ тэнцвэртэй мэдээлэл өгнө, аливаа орж байгаа асуудлын сайн, муу хоёр талыг ярина гэсэн. Миний хувьд зургадугаар асуудлыг сонирхож байсан. Яагаад гэвэл, Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөл, АИХ хөдөлгөөн   хамтран хоёр танхимтай парламентын засаглалын талаар олон жилийн өмнөөс ярьж ирсэн. Иймд тэр асуудлыг ихээхэн анхаарч байсан. Нөгөө талаас ард иргэд бас их сонирхож байгаа асуудал. Гэтэл энэ асуудалд дөрвөн шинжээс гарч ирээд хариулт өгөхдөө гурав нь шууд болохгүй талыг нь ярьж үгүйсгэсэн. Маш өрөөсгөл тэнцвэргүй мэдээллийг өгсөн. Ганц хүн хамгаалж ярих гээд бараагүй. Түүнээс юу ойлгогдов гэхээр тэнд  750 хүн  ямар ч мэдээлэлгүй  ирсэн. Эксперт гээд дөрвөн хүн, түүний гурав нь хоёр танхимтай парламент болохгүй, энэ бол хуучин социалист системтэй орнуудад байдаг, нөгөө талаас зардал өндөр гэхчлэн ярихаар тэр тал руу хэлбийж байгаа нь анзаарагдсан. Дараа нь санал авахад энэ асуудал 50 хувьд хүрсэнгүй гээд хэд хоногийн дараа хасагдлаа гэж байх жишээтэй. Бэлтгэгдсэн экспертүүд асуудлаас алийг нь дэмжих вэ,  алийг унагаах вэ  гэдгээ зөвлөлдөх санал асуулга нэрийн дор, ард түмнээс асуусан уу, асуусан.Тэд зөвшөөрөөгүй учраас бид хоёр танхимын талаар ярих шаардлагагүй. Энэ талаар ард иргэдэд хэлэлцүүлэг явуулах хэрэггүй. Төсөл санаачилга хэрэггүй гэх ойлголтыг нийгэмд өгч, өөрсдийн явуулсан дөрвөн асуудал буюу Ерөнхий сайдын эрх мэдлийг хязааргүй нэмэх, хяналтгүй эрх мэдэл олгох тал руугаа шийдвэрлэх тал руу явж байна. Миний хувьд юу гэж үзэж байна гэвэл, засаг төр соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах ёстой. Тэнцвэртэй мэдээллийг нийт ард иргэдэдээ өгөх ёстой. Нийт ард иргэд Үндсэн хууль буюу эцэг хуулийнхаа талаар нэг мөр ойлголттой болоогүй үед санал асуулга явуулж болохгүй. Мэдээлэлгүй иргэдээс санал асуулга авна гэдэг бол шинэ фашизм гэж олон нийт хэлж байна. түүнийгээ цааш баталгаажуулах гэсэн дур зоргын үйлдэл байж таарахгүй.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх