Д.Эрдэнэбат: Гэрээ байгуулж зээл авсан компаниудаас 98 хувь нь зээлээ эргэн төлсөн

ХАНШИЙН ЗӨРҮҮГ ТӨЛҮҮЛНЭ ГЭВЭЛ ШАТАХУУНЫ КОМПАНИУД ҮНЭЭ НЭМЖ Л ТААРНА-

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Т.Аюурсайхан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлтээ гаргасан байна. Дүгнэлтэд дээрх хугацаанд төв банк гурван их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн гэж гарсан нь олон нийтийн анхаарлыг татаад буй юм. Эл дүгнэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг "улс төрийн агуулгатай, Монголбанкны бодлогыг арилжааны банк мэтээр ойлгож тайлбарласан, мөнгөний бодлогын хэмжээнд хэрэгжүүлж байсан арга хэмжээг хэдхэн хүнд тохсон, Төв банкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд халдсан, ажлын хэсэгт цөөнхийн бүлгийн төлөөллийг оролцуулаагүй, тайлбар мэдээллийг холбогдох хүмүүсээс аваагүй, Монголбанкны хяналтын зөвлөлтэй санал солилцоогүй” зэрэг дутагдал гаргасан гэж дүгнэжээ. Тиймээс уг асуудлаар бүх намын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, ажиллуулах, шалгалтын дүнг нээлттэй хэлэлцэх гэсэн зарчмын байр суурь тавихаар болсон байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эдийн засгийн хүндрэлтэй үед Монголбанкны мөнгөний бодлогын арга хэмжээний хүрээнд олон эрсдлийг давж гарсан. Ажлын хэсгийн дүгнэлт нь Төв банкны ханшийг тогтвортой барих үйлдлийг буруутгаж, хүүнээс гарсан алдагдлыг хохирол гэж үзэж байгаа бол ипотекийн зээл авсан 80 мянган хүний 8 хувийн зээлийг болохгүй гэж үзээд 25-30 хувийн хүүтэй болгох. "Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд 50 мянган малчин өрхөд олгогдсон зээлийг маш бага хүүтэй тавигдсан учраас зөрүүг нь эргүүлж төл гэсэн агуулгаар  ойлгогдож байгаа. Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн Мөнгөний бодлого нь тухайн үедээ УИХ-аар батлуулсан арга хэмжээ байсан” гэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Ажлын хэсэг Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж дүгнэсэн. Монголбанкны тайлангаас үзэх юм бол гурван их наяд төгрөг нь Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан зардал байгаа. Бүрэн эрхийнхээ хүрээнд Мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр заасан. Энэ хүрээнд "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Төв банкны валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах, ипотекийн зээл хэрэгжүүлэхтэй холбоотой хийсэн үйл ажиллагааны зардлыг алдагдал мэтээр ойлгуулж байгаа нь маш буруу.

Хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 4.8 их наяд төгрөгийг эдийн засагт гаргасан байна. Үүний гурван их наяд нь орон сууны хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулагдсан.

Хөтөлбөрүүд хэрэгжээд дууссан. Тухайлбал, орон сууцны ипотекийн зээлийн багц хэрэгжиж дууссан. Энэ хүрээнд Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн дагуу Төв банкны балансаас салгагдаад Засгийн газар руу дараачийн Ирээдүйн тэтгэврийн сангийн зөв тогтолцоо руу шилжихээр шийдвэрлэгдсэн байсан. Харамсалтай нь, энэ УИХ буцааж Төв банкны баланс руу авчирсанаар ипотекийн зээлийн үлдэгдэл байгаа юм шиг харагдаж байгаа.

1.8 их наядын "Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжээд дууссан. Энэ хөтөлбөрийн хүрээнд төв банк зээл олгоогүй, арилжааны банкууд Засгийн газартай хамтарсан гэрээ хэлэлцээр байгуулж, аль салбарын ямар компанийг энэ хөтөлбөрийн хүрээнд дэмжих ёстой вэ гэдгийг тодорхойлж, арилжааны банк эрсдэлийг дааж зээл олгосон. 1.8 их наядаас одоо 24 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа. Үр дүнгээ өгөөд дууссан хөтөлбөрийг алдагдал гэж ярьж байгаа нь мэгэжлийн бус байна гэж дүгнэхээс аргагүй байна” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-"Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд олгогдсон зээлээс 360 гаруй тэрбумыг зориулалтын дагуу ашиглаагүй байна гэдэг асуудлыг ажлын хэсгээс тавьсан. Зээлийг маш бага хүүтэй олгосон гээд байгаа шүү дээ?

-Д.Эрдэнэбат: "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдсэн схем нь УИХ-аас  шийдвэр гаргаад Монголбанк, Засгийн газар хоёр санамж бичиг зураад Монголбанкнаас тухайн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад хүү багатай зээл олгосон. Хөтөлбөрт оролцох хүсэлтэй, зээлийн шаардлага хангасан компанитай арилжааны банкууд гэрээ байгуулсан. Гэрээ байгуулж зээл авсан компаниудаас 98 хувь нь зээлээ эргэн төлсөн.  Ажлын хэсэг бага хүүтэй зээл өгсөн байна, хүүгийн алдагдлаас тэдэн төгрөгийн алдагдал үүссэн учраас хохирол гэж үзнэ гээд байгаа. Үүнийгээ хэдхэн хүнд тохох гээд байгаа. Хэрвээ ханшийн зөрүүг төлүүлнэ гэвэл тухайн гэрээ байгуулсан шатахууны компани нефтийн үнээ нэмж л таарна. Монгол Улсын Мөнгөний бодлого гэдэг хатуу дэг жаягтай, эрх зүйн орчинтой. Зарим нэг мэдээлийг гадаадад мэдэгдэхгүй нууцалж эдийн засгийг тогтвортой авч явах нөхцөл бололцоог үүсгэсэн тусгай эрх зүйн орчинтой.  Үүн рүү халдаж худал мэдээлэл тараасан нь маш буруу.

-УИХ-ын гишүүн З.Нарантуяа: "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд олгосон зээлийг Монголбанкны бодлогын хүүгийн төвшинтэй харьцуулж, хүүгийн зөрүүг эргүүлж төлүүл гэж байгаа. Ипотекийн зээл хэрэгжсэний дүнд иргэд ипотекийн зээлийг 8 хувийн хүүтэй авсан. Эргэж төлүүлье гэвэл Монголбанкны бодлогын хүүгээр 15 хувийн хүүтэй олгох нь. Сайн хөтөлбөрүүд байгаа. Тухайн үед зээлийн хүүг буруулахын тулд хэрэгжиж байсан.  55 мянган малчин 10 хувийн малчны зээл авсан. Тэр хүмүүсийн аваад хаацан зээлийг хүүг буцааж 15 хувиар тогтоогоод зөрүүг нь авахтай агаар нэг сонсогдож байгаа. Шатахууны үнийн өсөлтийг зогсоохын тулд 14 компанид ханш өндөр үед ханшийн алдагдлыг нь төр хүлээгээд импортлогчдыг дэмжсэн. Ханшийн зөрүүний алдагдалд 300 гаруй тэрбумыг буцааж төлөх ёстой гэж шаардаж байна. Ингэх юм бол шатахууны компаниудаас хүүгийн зөрүүг нэхэх болно. Ийм л энгийн дүгнэлтийг ажлын хэсэг гаргаж тавиад байна.

Ж.ГАНАА

WWW.MEDEE.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх