Хотын даргад автомат угаалгын газар, хог шатаах бага оврын зуухны төслийг танилцууллаа

 

Хотын даргад автомат угаалгын газар, хог шатаах бага оврын зуухны төслийг танилцууллаа

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын "Ilhae” компанийн ерөнхийлөгч Chung Yeong-Su,  "Kjl global” компанийн захирал Jo Ilsang нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд Улаанбаатар хотын бүх хороодод "Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-д автомат угаалгын газар байгуулах, Хог шатаах бага оврын зуух нэвтрүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар санал солилцов.

"Ilhae” компанийн ерөнхийлөгч Chung Yeong-Su "Бид энэ удаад Улаанбаатар хотод нэн шаардлагатай хоёр төслийг танилцуулж, хамтран ажиллах хүсэлтэй ирсэн. Нэгдүгээрт, гэр хорооллын "Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-д автомат угаалгын газар байгуулах саналтай байна. Улаанбаатар хотын дийлэнх хэсгийг гэр хороолол эзэлдэг юм билээ.. Манайх БНСУ-д энэ чиглэлээр 330 сүлжээ газартай, үйл ажиллагаагаа Зүүн Өмнөд Ази, Европт гаргаж ажиллаж байгаа. Өвөл гэр хорооллын иргэд хувцасаа угаахад хүндрэлтэй. Усаа зөөж, галаа түлээд, халаана, бас зарим нь гараараа угаах гэж цаг зав нэлээдгүй зардаг. Тиймээс бид судалж үзээд бүх хороонд нийтийн автомат угаалгын газар бий болговол иргэдийн цаг, мөнгийг хэмнэж, тав тухтай амьдрах боломж бүрдэнэ гэж бодож байна. Бидний хоёр дахь төсөл бол хог шатаах бага оврын зуух нэвтрүүлэх явдал юм. Хогоо асгаж булдаг технологийн хажууд шатаах нь илүү дээр гэж бид үзсэн. Бидний санал болгож буй бага оврын зуух 10 цагт 3 тонн хог шатаах хүчин чадалтай бөгөөд ямар ч утаа, химийн хор ялгаруулахгүй” хэмээн онцлон танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг судлаад шийдвэрлэх саналыг тавьж байгаад талархаж байна. Хогны асуудал өнөөдөр бидний хамгийн тулгамдаж буй зүйл болоод байгаа. Та бүхний танилцуулсан төсөл боломжийн санагдлаа. Гэхдээ төслийнхөө мэдээллийг дэлгэрэнгүй болгож, төсөв санхүүгээ тооцоолоод,  биднээс яг юу хүсээд байгаагаа тодорхойлоод явуулаарай. Бид судлаад эргэж холбогдох болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх