Алдартай аавуудын алдартай охидын замнал

Алдартай аавуудынхаа замналаар явж, тэднийхээ тусламжтайгаар карьер хөөж яваа, басхүү авьяаслаг охид Холливудад олон. Тэдэн дундаас хамгийн эрэлттэй "аавын охид”-ын замналыг хүргэе.

Сталлонегийн үзэсгэлэнт охид

Жүжигчин Сильвестр Сталлонегийн гурван охин тун алдаршиж байгаа билээ. Тэднийг АНУ-ын "шинэ Кардашьянууд” гэж тодорхойлж буй. Алдарт Сильвестр Сталлоне болон модель Женнифер Флавин нарын охид өнгөрсөн жилээс олны өмнө илүү их гарах болж, алдаршсан. Том охин нь болох София Парист нэгэн арга хэмжээн дээр аавтайгаа вальс бүжиглэсэн нь олон хүнийг уяраасан билээ. Дунд охин Систиний хувцаслалтыг ер бусын мэдрэмжтэй гэж загварынхан дүгнэдэг. Бага охин Скарлет нь ч мөн өсвөр насныхны шүтээн болсон үзэсгэлэнт бүсгүй.

Эгч, дүү Хадид

"Victoria”s Secret”-ийн сахиусан тэнгэр эгч, дүү Жижи, Белла Хадидын талаар олон зүйл нурших хэрэггүй биз ээ. Эгч Жижи Хадид нь 1995 онд төрсөн бол дүү Белла Хадид нь 1996 оных. Алдартай, баян гэр бүлээс гаралтай тэд нэг салбарт өрсөлдөж яваа ч бие биенээ гэсэн халуун сэтгэл нь үргэлж харагддаг.

Пэрис Жексон

Майкл Жексон 50 насандаа таалал төгсөхөд охин Пэрис нь 11-хэн настай байсан билээ. Аавтайгаа ихэд дотно байсан охин Жексоны үхлийн дараа сэтгэл санааны гүн хямралд орж, амиа хорлохыг хүртэл оролдож байсан юм. Охин дөрвөн жилийн турш сэтгэл гутралтайгаа тэмцэж, өдгөө Холливудын үлгэр жишээ бүсгүйчүүдийн нэг болсон. Асуудлаасаа бүрэн ангижирсан Пэрис аавыгаа дурсан ярихдаа хөнгөн гунигтай харагддаг.

Гэхдээ саяхан түүнийг Майкл Жексоны хүүхэд биш гэсэн шуугиан гарсан. Гэсэн ч Пэрис түүнийг аавыгаа мөн гэдгийг хатуухан хэлсэн юм. Одоо 19 настай Пэрис Жексоны гоо үзэсгэлэнг биширсэн "IMG Models” агентлаг түүнтэй гэрээ байгуулжээ. Жижи болон Белла Хадид энэ агентлагийн моделиуд билээ.

Пэрис мөн алдарт Нэш Эдгертоны бүтээлд тоглож байгаа аж. Түүнтэй хамт Шарлиз Терон, Аманда Сайфред зэрэг Холливудын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчид ажиллаж байгаа гэнэ.

Хэйли Болдуин

Холливудын жүжигчин Болдуины гэр бүлээс олон алдартан төрсөн. Стивен Болдуины охин залуухан Хэйлигийн найз залуу нь Жастин Бибер. Хэйлигийн "Инстаграм”-ыг дагагчдын тоо 10 саяд хүрсэн билээ. АНУ-ын алдартай моделиудын нэгээр нэрлэгдэж буй тэрбээр гудамжны стилийн баатар, загварын гоо бүсгүй. Дэлхий даяар өсвөр үеийнхэн түүнийг дуурайн хувцаслаж байна.

Лили Роуз Депп

Жонни Депп, Ванесса Паради нарын охин Лили Роуз алдартай аав, ээжийнхээ ачаар оргилд хүрсэн гэвэл бас үгүй. Залуу охины гоо үзэсгэлэнг алдарт Карл Лагерфельд хүртэл гайхан биширч "Chanel”-ийн нүүр царай болгосон. 18 настай Лилигийн хувийн амьдралтай холбоотой олон шуугиан гардаг. Тухайлбал, ижил хүйстэн гэх яриа. Мөн Лили Роузын гадаад байдал, хэтэрхий туранхай биеийг нь эрүүл бус гэж хүмүүс үздэг билээ.

Кардашьяны охид

Кардашьяныхан гэр бүлийн реалити шоугаараа алдаршсан. Эдний бүх охин одоо алдартнуудын тоонд орж байна. Тэдэн дундаас топ моделийн карьер хөөж яваа Кендалл Женнер бол дэлхийд мода болж байгаа бүсгүй.

 О.Чанцаа

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх