Дорнод аймагт "Шүүхийн үйлчилгээний төв” нээгдлээ

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар өнөөдөр буюу 2017 оны 06 сарын 05-ны өдөр "Шүүхийн үйлчилгээний төв”-өө нээлээ.

    Шүүхийн тамгын газруудын дунд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан шүүхийн үйлчилгээг сайжруулах төслийн уралдаанд тус шүүхийн тамгын газар амжилттай оролцож "Шүүхийн үйлчилгээг сайжруулах төсөл” хэрэгжүүлэх эрхийг авсан юм.

Энэхүү төслийн хүрээнд иргэд шүүхээр ая тухтай орчинд түргэн шуурхай үйлчлүүлэх, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох, хэрэг маргааны талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр авах орчинг бүрдүүлсэн "Шүүхийн үйлчилгээний төв”-ийг шинээр байгууллаа.

    Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан "Шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлсэн энэхүү төв нь шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлж, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой” хэмээн нээлтийн үеэр танилцууллаа.

Дорнод аймагт

    Мөн Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Наранбаяр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зарласан төслийн уралдаанд амжилттай оролцож, шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд ая тухтай орчинг бүрдүүлэх энэхүү ажлыг эхлүүлсэн Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга болон түүний баг бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, тус төв нь цаг үеэ олсон оновчтой ажил болж чадсаныг онцоллоо.

Түүнчлэн тус төвийн нээлттийн арга хэмжээнд оролцсон Хэрлэн сумын иргэн н.Чимэдрэгзэн "Шүүх шинэчлэгдэж өөрчлөгдөж байгаад баярлаж байна. Миний залуу үед шүүх хаалттай байлаа. Ардчиллын буянаар шүүх нээлттэй болсон. Өнөөдөр аймгийнхаа шүүхээр үйлчлүүлэхээр ирээд иргэд бидэнд үйлчлэх ийм сайхан төв нээгдсэнийг хараад сэтгэл их сайхан байна” гэв.

    Нээлтийн үеэр Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн С.Батбаатар иргэдэд "Шүүхийн үйлчилгээний төв”-ийг танилцууллаа. Тус төв нь иргэд нэхэмжлэл, өргөдөл гомдол гаргах зориулалтын ширээ сандал бүхий хэсэгт хэрэг маргааны төрлөөр нэхэмжлэлийн загварыг байршуулсан бөгөөд шүүгчийн туслахтай уулзах, нэхэмжлэл, өргөдөл гомдол хүлээн авах хэсгийн хүлээлгийн танхимд мэдээллийн самбар, дэлгэц байрлуулж, иргэдэд шүүхэд хандах талаар болон хууль эрх зүйн бусад мэдээллийг түгээж байна.

 

 

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх