Орост согтуу эр 9 хүнийг буудан хөнөөжээ

Оросын нийслэл Москва хотоос баруун хойд зүгт 150 км зайтай орших нэгэн тосгонд есөн хүнийг буудан хөнөөсөн этгээдийг цагдаа нар байцаан шалгаж байна.

Тус улсын Тверь хотоос холгүй орших Редкино тосгонд зуслангийн модон байшингаас таван эрэгтэй ба дөрвөн эмэгтэй хүний цогцос олджээ.

Сэжигтэн нь цахилгаанчин гэсэн мэдээлэл байна. Тэрбээр үдэшлэгт  ирсэн урилгагүй зочин аж.
Нэгэн залуу эмэгтэй хөнжил дор нуугдан амь гарч, цагдаа дуудсан гэнэ.

Сэжигтэн болох 45 настай Сергей  Егеров нь хохирогчдыг "Сайга” хагас автомат буугаар буудан хөнөөсөн байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "цагтаа би Оросын зэвсэгт хүчинд шүхэрчин байлаа” гэж ярихад нь үдэшлэгт ирсэн зочдын зарим нь итгэхгүй, тохуурхан инээхэд архинд согтсон байсан Сергей  Егеров уурлан гарч явсан аж.

Хэсэг хугацааны дараа тэрбээр буу барин орж ирээд, гал нээж эхэлсэн байна. Гэмт этгээд нь зуслангийн байшинд байсан хүмүүсийг сайн таньдаг байсан гэсэн мэдээлэл байна.

Хохирогчдын дунд зуслангийн байшингийн эзэн 92 настай хөгшин байжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх