Ж.Жанлав-Ойдов: Оюутолгой компани миний бэлтгэлийн бүх зардлыг хариуцдаг

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болох "Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – "Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд гагнуурт Ж.Жанлав-Ойдов, сантехникт Ц.Долгормаа, өрлөг угсралтад Ц.Мягмарсүрэн, цахилгаанд Л.Төгөлдөр, мужаанд Н.Эрдэнэмөнх нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг Монгол улсын шилдэг залуу гагнуурч, сантехникч хэмээн нэрлэж болно. Учир нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-ийн 43 мянган суралцагчаас шилдгээр шалгарсан таван тамирчин бол эд юм. Ингээд тэдний төлөөлөл болгож, Монгол улсын шилдэг залуу гагнуурч Ж.Жанлав-Ойдовын ярилцлагыг та бүхэндээ хүргэе.

-Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу? 

-Намайг Ж.Жанлав-Ойдов гэдэг. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул. Техник технологийн дээд сургуулийг 2016 онд төгссөн. Гагнуурын мэргэжлийг өөрийн сонирхлоор сонгож байсан. Гагнуурчин бол амьдралд маш их хэрэгтэй мэргэжил гэж боддог. Гагнуурын цагаан толгойг С.Баяраа багш маань анх зааж өгсөн. Одоо ч заасаар байна. 

-Гагнуурын уралдаан тэмцээнд олон удаа оролцож байсан уу. Амжилтын нууц гэвэл? 

-Сургуулийн аварга шалгаруулах гагнуурын тэмцээнд хоёр удаа оролцож, хоёуланд нь түрүүлж байсан. Орос-Монголын багуудын хоорондын тэмцээнд бас  түрүүлж байсан. Сая гурван шаттай явагдсан "Монгол ур чадвар” тэмцээнд түрүүлж, эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд орох эрхээ авлаа. Тэмцээнүүдэд оёоны залгаа, жигд, жигд бус, дотор талын нүхжилт зэргийг нь шүүгч нар хардаг. Багш нар маань онол болон практик тал дээр надад маш их зүйлийг хэлж өгдөг. Гагнуур хийхэд хувь хүний хичээл зүтгэл, хувь хүний гарын эв дүй шаарддаг. Сургууль, гэр бүлээс намайг сайн дэмждэг нь амжилтад хүргэдэг болов уу гэж боддог. 

-Оюутолгой компани дээр тэмцээний бэлтгэл хийж байгаа. Хэр их зүйл сурч мэдэж авч байна? 

-Энэ жилийн дөрөвдүгээр сараас Оюутолгой компани дээр бэлтгэл хийж байна. Миний бэлтгэлийн бүх зардлыг хариуцдаг Оюутолгой компанидаа энэ дашрамд баярлаж, талархаж буйгаа илэрхийлмээр байна. Багаж тоног төхөөрөмж, материал гээд бүгдийг бэлдэж өгдөг. Алтантулга, Нанзаддорж багш нар маань ихийг зааж сургадаг. Том машин механизмын зөвлөхүүд ч ирж зааж сургадаг. Оюутолгой дээр өглөө 08 цагаас орой 17 цаг хүртэл бэлтгэл хийдэг. Дундаа хоёр цагийн цайны завсарлагатай. Чөлөөт цагаараа англи хэл сурч байна, гагнуурын чадахгүй байгаа зүйлсээ нэтээс үздэг. Хэтдээ Оюутолгой компанид ажиллахсан гэж мөрөөддөг. 

-Шанхай руу тэмцээнд оролцохоор явах гэж байгаа гэж дуулсан? 

-6 сарын 5-нд /өнөөдөр/ Шанхай руу тэмцээнд явна. Арабын тэмцээний өмнөх сорилго болж байгаагаараа онцлогтой. 2015 оны Бразилд болсон олон улсын тэмцээний гагнуурын төрөлд түрүүлсэн хүүхэд гэхэд дөрвөн жил бэлтгэл хийсэн гэсэн. Бид хэдийгээр ингэж олон жил бэлдэж чадахгүй ч боломжийн хэмжээнд бэлтгэл хийдэг гэж боддог. 

-Ирээдүйгээ хэрхэн өөдрөгөөр харж байна? 

-Мэргэжлээрээ ажиллана даа. Мэргэжлийн олон тэмцээн урд маань байна. Улсын аваргад түрүүлэх юм бол Олон улсын аварга шалгаруулах гэх мэт олон тэмцээн хүлээж байгаа. 

-Үеийнхэндээ хандаж юу хэлмээр байна? 

-Их, дээд сургуулийн дипломтой ч мэргэжлийн ажлаа хийж чадахгүй хүн олон байна. МСҮТ-д сурахад ямар ч байсан ажлын байртай, юм хийж бүтээж чаддаг болоод төгсөнө. Иймээс МСҮТ-д сурч ирээдүйгээ илүү утга учиртай болгоорой гэж хэлмээр байна. 

-Тэмцээнүүдэд нь амжилт хүсье. 

Д.Төв


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх