Х.БАТТУЛГА: АРХИНЫ БИЗНЕС ЭРХЭЛДЭГ ХҮМҮҮСИЙГ УИХ-Д НЭР ДЭВШИХИЙГ БОЛИУЛАХ ХУУЛЬ САНААЧИЛСАН

 

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нийслэлийн Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ үеэр Налайх дүүргийн уугуул иргэн Х.Баярсайхан монголчууд архинд живж байгааг сануулж, Ерөнхийлөгч болбол энэ бүхэнтэй тэмцээрэй гэдгийг сануулсан юм.

Тэрбээр "Х.Баттулга нэр дэвшигчдээ Путин, Барак Обама шиг мундаг Ерөнхийлөгч болоорой, заавал ялаарай гэж амжилт хүсье. Амжилт хүсэхийн сацуу хэдэн санал хэлэх гэсэн юм. Би Налайхад төрсөн, одоо амьдардаг. Гэтэл Налайхын иргэд орон нутагтаа газраа авч чадахгүй байна. Гэтэл хот хүрээний томчууд нь олон арван га газар авчихаж байна шүү дээ. Энэ асуудлыг шийдэх цаг болсон. Дээрээс нь нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Монголчууд архинд живж дууслаа. Гэтэл УИХ-ын гишүүдээс Ардчилсан нам, МАН гэлтгүй олон хүн архины бизнес эрхэлж байна. Монголчуудыг архиндаа живж дуусахаас өмнө энэ байдлыг цэцглэх цаг болжээ. Та Ерөнхийлөгч болоод энэ ажлыг хийгээрэй” хэмээн захилаа.

Харин АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Х.Баттулга иргэд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа "Налайхчууддаа баярлалаа. Бүгд дэмжсэн, амжилт хүссэн сайхан үг хэллээ. Тэр дундаас Х.Баярсайхан архины асуудлыг ярилаа. Үнэхээр тийм байгаа. Ирээдүйдээ итгэлгүй, ажилгүй байхаараа хүмүүс гашуун усанд толгойгоо мэдүүлдэг нь үнэн. Тийм болохоор үүнийг өөрчлөх цаг болсон. Та бүхэн санаж байгаа байх. 5, 6 жилийн өмнө би архины бизнес эрхэлдэг хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхийг нь болиулъя гэдэг хууль санаачилж байсан. Архи үйлдвэрлэдэг байж УИХ-д очиж сууна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хэдийгээр би хууль санаачилсан боловч газар дээр нь нам дарсан даа. Хэрвээ би Ерөнхийлөгч болбол архины эсрэг хатуу зогсоно. Архи үйлдвэрлэдэг хүн архиа л үйлдвэрлээд яв, хор чинь багадаагүй гэж хэлнэ би” хэмээн хэллээ.

 

 эх сурвалж:battulga.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх