Р.Надаль Францын нээлттэй тэмцээнд 10 дахь түүхэн ялалтаа байгууллаа

Ням гарагт болсон Францын нээлттэй тэмцээний финалын тоглолтонд Испанийн шилдэг теннисчин Рафаэль Надаль Швейцарийн теннисчин Стэн Вавринкаг хожиж 10 дахь ялалтаа байгууллаа.
 
"Маш гайхалтай байна. Ла Десимаг хожино гэдэг үнэхээр онцгой зүйл боллоо” гэж 31 настай испани залуу томоохон гол тэмцээнүүдэд 10 удаа түрүүлсэн цорын ганц тамирчин болсныхоо дараа хэлсэн байна.

"Талбайн хаан” гэж нэрлэгддэг Р. Надаль, Францын нээлттэй тэмцээний талбай дээр өөрийн илт давуу байдлаа харуулж Швейцарийн теннисчин  С.Вавринкаг 6-2, 6-3, 6-1 харьцаагаар хожсон байна.

Тэрбээр "Энэ талбай дээр тоглож байх үедээ ямар их сэтгэл хөдөлж, адреналин ялгарч байсныг юутай ч зүйрлүүлэхийн аргагүй байх. Энэ бол миний амьдралд маш чухал үйл явдал боллоо. Энд дахин ялалт байгуулж чадсан маань үнэхээр итгэмээргүй, дүрсэлж хэлэхийн аргагүй зүйл боллоо” гэжээ. 

Үүнээс ганцхан өдрийн өмнө, мөн түүхэнд тэмдэглэхээр үйл явдал болж эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Латвийн тамирчин 20 настай Желена Остапенко түрүүлсэн байна. Тэрбээр чансаагаараа доор бичигдсэн хэдий ч аваргын тэмцээнд түрүүлж чадсан анхны тамирчин болжээ. ”Би энэ тэмцээнд түрүүлсэндээ маш баяртай байна. Одоо хүртэл үүндээ итгэж чадахгүй л байна. Энэ бол миний мөрөөдөл байсан. Ингээд миний мөрөөдөл биеллээ” гэж чансааны 3-т бичигдэж байсан Симона Халепийг ялсныхаа дараа тэрбээр ярьсан байна.

Францын нээлттэй тэмцээнд 1933 оноос хойш шилдэг тамирчдын жагсаалтанд ороогүй тамирчин түрүүлж байгаагүй ажээ.

Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх