Ч.Ганхуяг: Миний дэлгэсэн мэдээлэл баримттай

Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, эдийн засагч Ч.Ганхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшигч Х.Баттулгын монголын баялаг, уул уурхайн лицензийг оффшор компаниар дамжуулан худалдсан мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Харин уг мэдээллийг  эдийн засагч Х.Батсуурь үгүйсгэсэн юм. Үүнтэй холбогдуулан эдийн засагч Ч.Ганхуяг, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр нар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын оффшор компанийн талаар мэдээлэл хийлээ. Эдийн засагч Ч.Ганхуяг "Эдийн засагч Х.Батсуурь 1.1 тэрбум ам.доллар буюу 2.5 их наяд төгрөгийг Х.Баттулга хуримтлуулсан болохыг хүлээн зөвшөөрч байна. Гэтэл энэ баялгийг хуримтлуулахдаа хэчнээн хэмжээний татварыг улсдаа төлсөн бэ гэдэг асуулт надад байна. 2.5 их наяд гэхээр дор хаяж нэг их наяд төгрөгийг улсдаа төлсөн байх учиртай. Үүнд би эргэлзсэн учраас үүнийг асуудал болгон дэлгэж тавьсан юм” гэв. 

Түүнчлэн эдийн засагч Х.Батсуурь уул уурхайн олборлолтын "CAMEX” (Central Asian Mineral Exploration) компани Х.Баттулгатай  ямар ч холбоогүй гэж мэдээлжээ. Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаанд ”CAMEX”  компанийг 2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулсан тухайн хүний регистрийн дугаар, хаягтай бүртгэл, мөн 2007 оны гуравдугаар сарын 15-нд шилжүүлж авсан бүртгэл байна. Энэ компанийг 2006 онд Х.Баттулга гэдэг хүн үүсгэн байгуулсан гэдгийг энэхүү баримт нотолж байгааг Ч.Ганхуяг мэдээллээ. Мөн тэрбээр "Х.Баттулга зам тээврийн хөгжлийн сайд байхдаа  БНСУ-ын компанитай төмөр замын гэрээг хийсэн байдаг. Энэ компанийн захирал нь Вэн Лян Ван гэх хятад нэртэй хүн байсан. Ингээд дээрх гэрээг хийснээс хэдхэн хоногийн дараа данс руу нь хоёр сая ам.доллар шилжиж орсон бөгөөд энэхүү мөнгийг иргэн Батсүх рүү "Либертэй паспорт” компаниас "Их майдар” ХХК, "Түмэн хишигтэн” ХХК руу шилжүүлсэн байна. Энэ зүгээр нэг банкны гүйлгээ биш, гэрээнд гарын үсэг зурсны дараа дансанд нь орж, цаашлаад нэр дэвшигчидтэй Х.Баттулгатай холбоотой хүн болон компани данс руу дамжсан. Үүнд Х.Баттулга олон аргаар няцаалт хийж байгаа ч миний дэлгэсэн мэдээлэл баримттай гэдгийг онцолмоор байна” гэлээ. 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр "Х.Баттулга БНХАУ-ын талтай нууц гэрээ байгуулсан байдаг. Ингээд гэрээ  байгуулсан хүний дүүгийнх нь Хонконгийн компаниас өөрийнх нь мэдлийн компаниуд руу хоёр сая ам.долларын гүйлгээ орж ирсэн. Үүнийг авч ашигласан асуудал  ноцтой хардлага төрүүлж байгаа юм. "CAMEX” компанийг Х.Баттулга 2006 оноос 90 хувийг нь өмчилж авсан. Энэ нь бүртгэлийн байгууллагын баримт бичгээр ил болсон. Энэ компани 2006-2007 онд Монгол Улсад бүртгэлээс хасагдаж Хонконгийн бүртгэлд шилжсэн байдаг. Учир нь, 2006 онд УИХ авлигын эсрэг хуулийг шинэчлэн батлаад ХОМ гаргадаг болсон. Энэ хуулийг 2007 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Тиймээс энэ хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс гурван сарын өмнө Монгол Улсад бүртгэлтэй "CAMEX” компанийн хувь эзэмшилтэй холбоотой асуудлыг Хонконгод шилжүүлж, өөр улсын иргэн эзэмшигч болсон дүр зураг, 250 сая ам.доллараар зарагдсан асуудал ингэж гарч ирсэн. "CAMEX” гэх  Төгрөг нуурын ордтой холбоотой компанийг Монгол Улсын иргэн эзэмшдэг эсэх, жинхэнэ эзэн нь хэн бэ гэдэг асуултад хариулах шаардлага гарч ирээд байна” гэв.

Э.Цэцэг

Эх сурвалж:zaluu.com

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх