Ц.Оюунгэрэл улс төрөөс завсарлага авна, гэхдээ...


 

 УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрийн твитер хуудсаараа дамжуулан шинэ  оны босгон дээр илэрхийлсэн. Төрийн алба хашиж байгаа олон хүн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд ажлаа хүлээлгэж  өгч байхтай зэрэгцэн "өрсөлдөхгүй” гэж хэлсэн түүний үг содон байлаа.

 Улс төрөөс завсарлага авч байгаагаа эрхэм гишүүн уран бүтээлтэйгээ холбон тайлбарлажээ. Тодруулбал, Монголын зохиолчдын бүтээлийг олон улсад гаргаж ирэх том ажил хийхээр шийдсэн байна.

Ц.Оюунгэрэл гишүүн "Ногоон нүдэн лам” романыхаа нэгдүгээр ботийг англи хэлээр хэвлүүлэхээр бэлтгээд байгаа аж. Гэхдээ англиас түрүүлээд франц хэлээр хэвлэн гаргах боломжийн санал түүнд ирсэн сурагтай. Түүнчлэн номынхоо хоёрдугаар ботийг бичихэд хэрэгтэй судалгааныхаа ажлыг хийж дуусгажээ. УИХ-ын гишүүний ажлын хажуугаар уран бүтээл дээрээ суух цаг гарахгүй байгаа учраас хоёрдугаар боть нь хүлээгдэж байгаа тул ийнхүү улс төрөөс завсарлага авах шийдвэр гаргажээ. Гэхдээ эрхэм гишүүн зүгээр ч нэг зохиолоо бичээд суухгүй, гадаадын аль нэгэн улсад элчин сайдаар одох магадлалтайг ойрын эх сурвалж нь хэллээ. АН-ын бүсгүйчүүд сүүлийн үед Элчин сайдын албан эрчимтэйгээр томилогдож байгаа, энэ буухиаг Ц.Оюунгэрэл үргэлжлүүлэх бололтой.

 

Эх сурвалж: Долоо хоног тутмын "Улаанбаатарын сонин”

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх