Ямар хуулиар сонгууль өгөх нь вэ?

Ямар хуулиар сонгууль өгөх нь вэ?


Д.БАЯРБИЛЭГ

 

Шинэ жилийн баярын арга хэмжээнүүд хөвөрсөн цагаар УИХ хэд хэдэн чухал хуулийг хэлэлцэн батласан дотор Сонгуулийн хууль багтаж, 2016 оны сонгууль шинэ хуулиар явагдахаар боллоо. Баярын өмнө батласан болохоор хуулийг ёсчлох ажил хүлээгдэж, нэгдүгээр сарын 8-ны баасан гаригт УИХ-аас эцэслэн гарч ирлээ. Олны анхаарал баярт төвлөрчихсөн байсан үед батласан болохоор ямар хуулиар сонгууль явахаар болчихов гэдэг асуулт амнаас ам дамжин өртөөлөв. Сонгуулийн хуулийг энэ удаагийнх шиг эрж сураглаж, уншиж судлаж байсан нь бараг үгүй гэдгийг улс төрийн тогоонд 10 гаруй жил явсан УИХ-ын экс гишүүн эрхэм хэлж байна. Хуулийн онцлог, анхаарал татсан заалтуудын талаар мэдээллийг уншигчдадаа тоймлон хүргэж байна.

 

Хамрах хүрээ

УИХ-ын болон Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гэж тус тусдаа хуультай байсан нь энэ удаад нэг болжээ. Тодруулбал:

-Улсын Их Хурлын;

-Ерөнхийлөгчийн;

-аймаг, нийслэлийн Хурлын;

-сум, дүүргийн Хурлын гэсэн сонгуультай холбоотой бүх асуудал энэ хуулиар зохицуулагдана. нэг ерөнхий хуультай болсон гэсэн үг. Ямар ч сонгууль боллоо гэхэд энэ хуулиа барина. Тиймээс хэмжээний хувьд ихээхэн том болжээ. Бүх хуулийг ингэж нэгтгэсэн нь Сонгуулийн ерөнхий хорооны ажлыг ч ихээхэн хөнгөвчилж байгаа гэдгийг УИХ-ын чуулганы үеэр ч ярьж байсан билээ.

Энэ 2016 онд УИХ-ын болон аймаг, дүүргийн сонгууль хамтдаа нэг өдөр явах бол, сум, дүүргийн хурлын сонгууль дараа нь тусдаа болно гэж хуульчилжээ. Энэ талаараа өнгөрсөн 2012 оны сонгуулийнхтай адилхан байгаа билээ.

Нэр дэвших

УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь "Хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн” байх ёстой.

"Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй”.

"Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн Хуралд сонгогдох эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Нэр дэвшүүлэх

Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй гэж заажээ. Түүнчлэн намууд эвсэл байгуулах нь нээлттэйгээс гадна бие даан нэрээ дэвшүүлэх боломжтой. Намууд эвсэхийн тухайд "Эвсэлд нэгдсэн бүх намууд санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна” гэж заажээ.

Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх тухайд "Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан байна.

УИХ-ын болон аймаг, дүүргийн сонгууль хамт нэг өдөр явагдахтай холбоотойгоор "Улсын Их Хурал, орон нутгийн Хуралд давхар нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтыг оруулж өгсөн байна. Давхар нэр дэвшихгүй гэдэг энэ зарчим өнгөрсөн сонгуулийн үеэр ч хуульд байсан бөгөөд өдгөөгийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ зарлан шууд Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд оролцож байсан билээ.

 

Сонгуулийн хугацааг товлох

Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана. Тэгэхдээ "Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж зааж өгчээ. Түүнчлэн сонгууль өгөх өдөр бүх нийтээрээ амарна.

Сонгуулийн зардал

Сонгуулийн зардал нь хандив; намын өөрийн хөрөнгө; нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гэсэн гурван эх үүсвэрээс бүрдэх ёстой бөгөөд Улсын Их Хурлын гишүүн болон Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээлгэсэн өдрөөс хойш 5 хоногийн дотор дансны дугаар, банкны нэрийг сонгуулийн төв байгууллага; татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага; төрийн аудитын дээд байгууллага гэсэн гурван байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Харин аймаг, нийслэлийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээлгэсэн өдрөөс хойш 5 хоногийн дотор аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд дансны дугаар, банкны нэрийг мэдэгдэж бүртгүүлнэ. Сум, дүүргийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээлгэсэн бол ийнхүү нээлгэсэн өдрөөс хойш 5 хоногийн дотор сум, дүүргийн сонгуулийн хороонд дансны дугаар, банкны нэрийг мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй гэж заажээ.

Хандивын хэмжээ

Сонгуульд нэр дэвшигч иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн; хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн хандив өгч болно. Хандив өгч байгаа иргэн компанийн хаяг тодорхой байх ёстой бөгөөд буцах хаяггүй мөнгийг улсын орлого болгоно.

Монгол Улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг. Тэгэхээр Сонгуульд нэр дэвшигч иргэний нэг хүнээс аюах хандивын хэмжээ 1,536,000-аас давахгүй гэсэн үг аж.

 

Мөрийн хөтөлбөрт тусгаж болохгүй зүйлүүд

Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно гэжээ. Үүнд:

-мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох;

-уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;

-зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;

-үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ иргэдэд үзүүлэх;

-ажлын байранд зуучлах, ажилд оруулах;

-улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал;

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн тухайд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй асуудал.

 

Техникийнтооллогын журмыг тусгайлж батална

Сонгуулийн саналын хуудсыг автоматаар буюу машинаар уншуулахгүй гэж МАН тэргүүтэй улс төрийн хүчин эсэргүүцээд түүнийгээ хар машин шатааж илэрхийлсэн. Тэд өөрсдийнхөө тэмцлийн дүнд гараар хяналтын тооллого хийхээр болсон хэмээн тайлбарлаж байгаа. Сонгуулийн хуульд "Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна” гэж заасан байна. Харин санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд тухайн төхөөрөмжид байгаа саналын хуудсыг хоёр дахь, эсхүл нөөц төхөөрөмжид уншуулж тоолох ба санал авах, тоолох төхөөрөмж байхгүй тохиолдолд сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу гар аргаар тоолно гэжээ Түүнээс гадна "Техникийнтооллого хийх журмыг сонгуулийн төв байгууллага батална” гэсэн байна. Тэгэхээр энэ талаар тусгайлсан журам Сонгуулийн ерөнхий хорооноос гаргана гэж ойлгож болох нь.

 

Эмэгтэйчүүдийн квот 30 хувь

Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна гэж Сонгуулийн хуульд заажээ. Хуульд ингэж заасан учраас нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх ёстой болж таарч байна. Товчхондоо бол сонгууль нэр дэвшүүлж байгаа 76 хүний багаар бодоход 25 нь эмэгтэй хүн байна гэж тооцож нэр дэвшигчдээ тодруулах үүргийг намууд хүлээж байна.

 

Жижиг намуудыг жийсэн заалт буюу "Б”, "Г” жагсаалт

УИХ-д суудалгүй жижиг намууд хийгээд бие даагчдыг Сонгуулийн хуулийн 135 дугаар зүйл заалт. Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 134.1-д заасан нам, эвслийн авсан саналын дүнг улсын хэмжээгээр дараах байдлаар нэгтгэн гаргаж, нам, эвсэлд суудлыг хуваарилна гэсэн бөгөөд түүнээс улбаалан Б жагсаалт, Г жагсаалт гэж гаргана гэсэн нь ихээхэн ойлгомжгүй. Гол нь тойрогт нэр дэвшигч нь ялалт байгуулаагүй бол намын нэрээр авсан саналыг хүчингүй болгож байгаа нь маргаан дагуулж байгаа юм.

Хуульд "Б” жагсаалт яаж гарч ирэх тухай "нам, эвсэл тус бүрийн авсан нийт саналын тоог гаргаж, бүх нам, эвслийн авсан нийт саналын таваас доошгүй хувийн санал авсан, олонхын сонгуулиар нэгээс доошгүй суудал авсан нам, эвслийг авсан саналын хувиар нь дараалалд оруулан жагсаалт /цаашид ""Б” жагсаалт” гэх/-ыг гаргах” гэж заажээ. Тэгээд цааш нь 135.1.2-т "энэ хуулийн 135.1.1-д заасан таван хувийн босгыг даваагүй, олонхын сонгуулиар нэгээс доошгүй суудал авсан нам, эвслийн авсан нийт саналын хувийг "Б” жагсаалтад орсон нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр хувь тэнцүүлэн нэмж тооцох”

135.1.3."Б” жагсаалтад орсон нам, эвслийн энэ хуулийн 135.1.2-т заасан саналын хувиудын нийлбэрийг 28-д хувааж нэг суудалд ногдох хувийг тооцох;

135.1.4."Б” жагсаалтад орсон нам, эвсэл тус бүрийн энэ хуулийн 135.1.2-т заасан саналын хувийг энэ хуулийн 135.1.3-т заасан нэг суудалд ногдох хувьд хувааж Улсын Их Хурлын гишүүний 28 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилах гэж тус тус заажээ.

Хардлага дагуулаад байгаа энэхүү заалттай холбоотойгоор Сонгуулийн хуулийг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэдгээ УИХ-ын бие даагч гишүүд мэдэгдээд амжсан байгаа, парламентад суудалгүй жижиг намууд ч бас тэдэнтэй адил байр суурьтай байгаагаас харвал шинэ хуулийн зарим заалтуудтай холбоотой Үндсэн хуулийн маргаан өрнөж магадгүй дүр зураг харагдаж байна. УИХ-аас батлан гаргасан олон хууль Үндсэн хуулийн цэц дээр очоод унаж, улмаар Цэцийн тухай хуулийн өөрчлөлт, Цэцийн гишүүдийн насны хязгаар гэхчлэн асуудал хөндөгдөөд байгаа ийм үед Сонгуулийн хууль Үндсэн хуулийн шүүхэд очих нь тийм ч таатай бус байх болов уу.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх