Х.Баттулгыг тойроод юу болоод байна аа?

Х.Баттулгыг тойроод юу болоод байна аа?


 

Б.БИЛЭГ

 

УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарт хэрэг үүсгэсэн, үүсгээгүй, гадаадад явах эрхийг нь хаасан, хаагаагүй гэх дуулиан өрнөөд багагүй хугацаа өнгөрч байна.

Төмөр замын 250 сая доллартай холбоотой хуурамч "Самсунг” компани руу мөнгө шилжүүлсэн, мөнгө угаасан гэдэг асуудалтай холбогдуулаад Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг бас нэгэн солонгос нөхрийг барьж хорьчихоод байгаа. Мөн энэ асуудалтай холбоотойгоор П.Бат-Эрдэнэ, Д.Ганбат гэдэг хоёрыг эрэн сурвалжилж байгаагаа хуулийнхан зарласан. Мөн "Ананд Партнер” гэдэг хуулийн компанийн захирал Б.Батзаяа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд саатуулагджээ.

Хууль хяналтын байгууллагынхан энэхүү хэрэгтэй холбоотой мэдээллийг өгөхгүй байгаагаа хуульд нийцүүлж гэх байдлаар хаацайлаад өнгөрч байна. Ингэж хаалттай байх тусам элдэв хардлага дагуулсан мэдээлэл их гарч байгаа билээ.

Х.Баттулга АН дотроо МоАХ гэдэг ардчиллын партизанууд давамгайлсан фракцынх. "Нүүрсчдийн нам” энэ улсыг авч явж байна гээд нэр заагаад эрх мэдэл, мөнгө бүхий улсыг шууд хэлчихдэг, баялгийн хуваарилалт шударга бус байгааг шударга шүүмжилдэг зэргээрээ олон нийтээс үнэлгээ авдаг нэгэн. Энэ утгаараа яг өнөөдөр сонгууль боллоо гэхэд Х.Баттулга сонгогдох магадлалтай хүмүүсийн нэрсийн жагсаалтын эхний аравт багтана. Энэ утгаараа өнөөдөр төмөр замын 250 сая доллартай холбоотойгоор түүний нэр хүндийг унагаж хэлмэгдүүлж байна гэж үзэж байгаа хүн олон байгаа билээ.

Нөгөө талаасаа эх оронч дүр эсгэж улс орны хөгжлийг боогдуулж байгаа популист гэж шүүмжлүүлдэг нэгэн. Сайн муу алинаар нь ч хэллээ гэсэн Х.Баттулга эрх барьж байгаа АН-ын нэгэн эд эс. Тэгэхдээ бүр нөлөө бүхий гишүүдийнх нь нэг. Тиймээс Х.Баттулгын эргэн тойронд болоод байгаа элдэв явдлыг АН-аас салгаж авч үзэх боломжгүй. АН-ын доторхи зөрчлийн нэгээхэн хэсэг гэж үзэх нь илүү бодитой болно гэдгийг тус намын зарим гишүүн хэлж байгаа нь оргүй зүйл биш. 2016 оны УИХ-ын сонгууль, улмаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор АН том "зодоон” өрнөж байгаа. Тэдгээрийн зарим нь Х.Баттулгын эргэн тойронд өрнөж байна. Х.Баттулга нам дотроо өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдын гэгддэг "Шонхор”-той ойрхон байгааг "Төмөр замын түмэн цэрэг” төсөл, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллах болсон А.Гансүхийн жишээнээс харж болно. Гэхдээ намын даргатай ойрхон байгаа гэдэг нь эрх мэдэл бүхий өөр бүлэглэлүүдээс хамгаалж чадахгүй байгаа бололтой.

 

Эх сурвалж: Долоо хоног тутмын "Улаанбаатарын сонин”

 


 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх