Д.Оюунхорол сайдын асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандлаа


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Танаа

Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг

БОАЖ-ын сайд Дуламсүрэнгийн Оюунхоролоор

хэрэгжүүлэх тал дээр дэмжлэг хүсэх тухай

 

Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн харьяа Богдуул сувиллын газрын хашаа руу өчигдөр /2017.07.20/ Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын нэр барьсан, сувиллын хашаанд газрын зөвшөөрөл авсан гэх хүмүүс дайрч, сувиллын хашааг эвдэлсэн хэрэг гарлаа.

Сувиллын хашаанд Байгаль орчны яамны зарим сайд нар хууль зөрчин газар олгосноос болж, эмнэлэг сувиллын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэйгээр сүүлийн жилүүдийг үдэж байгаа бөгөөд тус сувиллын хашаанд нэр бүхий иргэн болон компаниудад газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон нь хууль бус гэдгийг Монгол Улсын анхан, нийслэлийн болон Улсын дээд шүүхээр тогтоосон. Шүүхийн шийдвэрийг Байгаль орчны сайдаар ажиллаж байсан С.Оюун, Н.Батцэрэг нар хэрэгжүүлэхгүй арга саам хийж, бүр Дээд шүүхээс хууль бус гэдгийг тогтоосоор байхад нэр бүхий иргэн аж ахуйн нэгжид олгосон газар эзэмших гэрчилгээг сунгах гэх мэтээр хуулийг завхруулсан. Өнгөрсөн засгийн үед хуулийг үл хэрэгсдэг явдал газар авч, хууль шударга ёс алдагдсанд олон түмний зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж, 2016 оны сонгуулиар тэдэнд зохих ёсны дүнг нь тавин явуулж, оронд нь МАН-д итгэл найдвар өгч гаргаж ирсэн. Шударга ёсыг тогтоож, хуулийг хэрэгжүүлж, Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдэг итгэл найдвартайгаар бид Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролыг угтаж авсан. Сайдад асуудлаа танилцуулж, уулзах гэж эмч эмнэлгийг ажилтнууд БОАЖЯаман дээр өдөр бүр ирж суун 44 хоног тэвчээртэйгээр хүлээсэн. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д удаа дараа сонгогдсон, хууль батлах үйл явцад биечлэн оролцдог хүний хувьд Д.Оюунхорол сайд хуулийг хэрэгжүүлэх, хуулийн дагуу гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх тал дээр санал санаачилгатай ажиллах болов уу гэсэн хүлээлт талаар болж байгаа нь үнэхээр харамсалтай. Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар сайд Д.Оюунхорол тодорхой алхам бодитой үйлдэл хийсэнгүй. Манай сувиллын хажууд байрлах "Энигма” төвийн эзэмшиж байгаа газрыг төрийн мэдэлд авах гэж байгаа талаараа Сайд Д.Оюунхорол удаа дараалан хэвлэлээр мэдэгдэж байсан. Гэтэл үүнтэй нь зэрэгцэн сувиллын хашаанд газар авсан гэх нэр бүхий 7-8 компани хүмүүс тус яамны албаны хүмүүстэй хамт "Энигма” компанийн хашааг эвдэн зам тавьж, манай хашаа руу нэвтрэхээр дайрсаар байгаа нь зохион байгуулалттай гэмээр балмад ажиллагаа болж байна. Мөн эдгээр компаний хашаа барьж, зам тавьж байгаа хүмүүс бид хувийн хөрөнгөөрөө хувийн эзэмшилдээ нэвтрэх гэж байхад саад боллоогэж занан зүхэж, улсын заан Батзоригоор толгойлуулсан 30-аад хүнийг авчирч урьд шөнөжингөө танхайрлаа. Үүнээс харахад сайдын хаваржингаа ярьсан 230 машины граж хийх асуудал биш болж, харин Оюунхорол сайдаар бамбай хийсэн эдгээр компанийн хүмүүс Энигмагийн хашаагаар дамжин Эмнэлэг сувиллын хашаанд нэвтрэн орохыг зорьж байгаа нь тодорхой боллоо. Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэндийг үнэлж үзэхгүйгээр, хууль бус газар олголт хийгдсэн нь Улсын Дээд Шүүхээр тогтоогдсоор байтал, сувиллын хашааг эвдэн дайрч орох боломжийг олгож байгаа нь Д.Оюунхорол сайдын хувьд ч, хууль тогтоох дээд байгууллага, их хурлын гишүүний хувьд ч тун зохисгүй үйлдэл гэдгийг хэлэх хэрэгтэй.

Ард түмний итгэлийн гал дээр ус хийж байгаатай адил ийм үйлдэл энэ салбарт олон гарах нь эрх барьж байгаа МАН, цаашлаад Засгийн газрын үйл ажиллагаанд ч сөргөөх нөлөөлөх нь дамжиггүй.

Бид чухам юуг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайд танаас дэмжлэг хүсээд байгаа юм бэ гэдгээ тодорхой болгохын тулд шат шатны шүүхийн олон тогтоол шийдвэрийг нуршихын оронд ганцхан шийдвэрийг энд дурдъя.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас 2012.9.24-ны өдрийн 125 дугаар тогтоолд:

"...Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын мэдээллийн сангийн кадастрын зургаар дээрх иргэд, аж ахуйн нэгжид ашиглуулах эрх олгосон газар нь "Элэг судлалын клиник төв”-ийн эмчилгээ сувилгааны зориулалтаар эзэмшиж байгаа газрын эргэн тойрны болон орчны газарт хамаарч байгаа ба орц, гарц давхардсан болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Түүнчлэн Төрийн захиргааны төв байгууллага дээрх иргэд, аж ахуйн нэгжид газар ашиглуулах шийдвэр гаргахдаа Монгол Улсын "Рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагаа” MNS-25232:2003 Стандартын 16.1.4-т "Рашаан сувиллын барилга байгууламж нь үйлчлэх хүрээ, ажиллах хүчин чадлаас хамаарч 8 га-гаас багагүй эдэлбэр газартай байна” гэснийг, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө” гэснийг зөрчжээ.

Иймд Улсын тусгай хамгаалалттай газарт нутагт энэ хэргийн гуравдагч этгээд нарт газар ашиглуулсан Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулсан, хуулийн дээрх заалтыг зөрчсөн тул анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-т заалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна” гэсэн байгаа билээ.

Монгол Улс шүүхийн шаталсан тогтолцоотой улс. Анхан, дунд, дээд гэсэн гурван шатны шүүх бий. Улсын Дээд шүүхийн шийдвэр гэдэг шүүх засаглалын дээд шат. Шүүх засаглалын дээд шатнаас эцэслэн гаргасан шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага яамыг толгойлж байгаа сайд нар хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрөө хууль зөрчсөн гэмт хэрэг. Хуулийг хэрэгжүүлэхийг үлгэрлэн харуулж байх ёстой сайд нь эсрэгээрээ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргаад сууж байна гэдэг ноцтой асуудал гэдэгтэй Ерөнхий сайд Та санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс Улсын Дээд шүүхээс гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр та дэмжлэг үзүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв, түүний харьяа Богд уул сувилал нь хүн ардынхаа эрүүл энхийн манаанд 30 шахам жил зүтгэж, өргөсөн тангаргаа биелүүлэн ажиллаж байгаа хамт олон. Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, өвчтөнүүдийн тав тухыг ханган ажиллахад хүндрэл учруулсан сайдаас сайд дамжсан энэ хууль бус үйл ажиллагааг таслах зогсооход Ерөнхий сайд таныг дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.

Хуулийг хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг л Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас хүсэж байгаагаа дахин хэлье.

Хэрэгжүүлэх гэж хууль батладаг. Хуулийн дагуу Шүүхийн шийдвэр гарсан л бол эгэл жирийн иргэнээс эхлүүлээд төрийн яамны сайд ч адилхан бүгд биелүүлэх үүрэгтэй.

 

Сувиллын эмч, ажилтнууд

УБ хот 2017.07.20

 

Description: C:UsersotgooDownloads20170720_234821.jpg

 

Description: C:UsersotgooDownloads20170720_234821.jpg


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *