Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж: Манай Улаанбаатар хаанахын хэн ч бууж тухлах зэргийн айл болжээ


Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж: Манай Улаанбаатар хаанахын хэн ч бууж тухлах зэргийн айл болжээ

  Ц.ТЭНГЭР

Төрийн хан хуурч, ардын жүжигчин Цэенгийн Цэрэндоржтой Улаанбаатар нийслэлийн тухай цөөн хором хөөрөлдөв. Та бүхэн болгоон уншина уу.

Би ер нь хэр азтай хүн юм

-Мөнгөн Туулыг эмжсэн

Ганган хотоо магтъя

Мөрөн голын ундраа шиг

Түүний хөгжлийг бахдъя... гэж таны "Улаанбаатарын магтаал” эхэлдэг. Өөрөө та өмнийн говийн хүн. Магтаалд гардаг "ганган хот”-доо анх хөл тавьсан үеэ санагалзвал ямар вэ?

-1966 оны их үеийн жил анх ирж байснаа тод санадаг. Тээврийн машины тэвшин дээр суугаад л олон хоног явж ирсэн юмдаг, Өмнөговиосоо. Хөдөлмөрийн баатар Ц.Даваасамбуу гэж манай нэг ах байв. Монголын барилгачдаас төрсөн анхны баатар. Ах нэг удаа нутагтаа очоод буцахдаа "Хотод очиж ахдаа золгож баймаар юм даа” гэсэн шүү юм хэлсэн байхгүй юу. Тэгээд л ахдаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор ирсэн нь тэр.

Бүтээн байгуулалт ид өрнөж байсан цаг. Дөрөв, таван давхар байшингууд бол байсан. Харин одоогийн Сансарын тэнд арван хэдэн давхар хоёр байшинг бариад дууссан, бусдыг нь барьж байсан. Арван хэдэн давхар байшинг анх хараад их л сүрдэж байж билээ. Дараа нь Монголын залуучууд, оюутны урлагийн наадам, энэ тэрд шалгараад нийслэлд нэг бус удаа ирээд буцаж байв.

-Хэзээнээс дөрвөн уулын дунд суурьшав?

-1975 онд юм. Их, дээд сургуульд суралцах хүүхдүүдийг шалгаж авах комисс Өмнөговьд очсон. Ер нь конкурсдээд үзье гэж бодоод бүртгэл хийж байсан аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Дарам гэдэг хүнд хэллээ. "Бололгүй дээ” гэж байна. Дотроо бол "Би ер нь хэр азтай хүн юм. Үзээд алдъя” л гэж бодоод байгаа. Ингээд шалгалтад орж явчихлаа. Монгол орны тухай зохион бичлэг хийлгэсэн.

Алтай таван Богдоос дорнын их говь хүртэл

Алтан говийн уудмаас хилийн хойд овоо хүртэл эх орон даяараа хөгжиж дэвжиж байгаа тухай бичсэн. Мөн гурван зүйл хувиргаж бичих үсгийн дүрмийн шалгалт авсан. Түүнийг нь хийлээ.

Шалгалтыг өглөө эрт авсан болохоор гайгүй бичсэндээ гэж бодохоос сэтгэл хөдлөөд тогтож сууж чаддаггүй. Сургууль дээр өдөр яваад очлоо. Дүн гараагүй байв. Орой дахиад очлоо. Байдаггүй.

Маргааш нь Гурвансайхан уулын оройгоор үүл суугаад, борооны ганц нэг дусал нүүрэн дээр дуссан өглөөгүүр яваад очлоо. Гурав дөрвөн хүн ирчихсэн сууж байна.

-Тантай адил сэтгэл нь хөдлөөд ирсэн хүмүүс үү?

-Тийм бололтой. Шалгалтын дүнтэй хуудсыг ханан дээр наасан харагдана. Очоод харлаа. Хамгийн дээд талд Цэрэндорж, хоёрт Охиноо, за тэгээд зөндөө нэр байна. Охиноо гэж арван жилийн сургуулийн онц сурлагатан охин л доо.

Цэрэндорж гэж би биш өөр хүн байх гэж эргэлзээд доош нь нэрээ хайлаа. Цэрэндорж гэсэн нэр өөр байдаггүй. Хамгийн өндөр оноо 15 оноо авах байв. Би 14 оноо авч. Хязгааргүй их баярлалаа. Олон хүүхэд 14 оноо авсан байсан ч хамгийн ахмад болохоор намайг хамгийн эхэнд бичсэн болов уу. Тэгж санадаг юм.

Ингээд л Их сургууль гэж сайхан сургуульд суралцах бололцоо олдсон доо.

-Та Их сургуульд хэдэн настайдаа элссэн юм бэ?

-35-тай. Тэгээд 40-тэй төгсч байгаа юм. Манай ангийнхан "Та дөчтэй төгсөөд юу хийх юм” гэж асууж байсан юм даа, сургуульд ирсний дараа.

-Ардын уран зохиолч Балжирын Догмид, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Загдын Түмэнжаргал агсан та хэдийг нэг анги байсан гэж сонссон...?

-Тийм ээ. Манай ангийнханд лут чадалтай хүүхэд олон байв. Догмид, Түмэнжаргал хоёр маань байна. Мөн Сэржээ гэж гавьяат багш байна. Ардын боловсролын тэргүүний ажилтан ч олон төрсөн, манай ангиас.

Чуулгын шинэ бүтээл болгоныг очиж үздэг

-Хотод ирээд хаана, яажшуухан амьдраа вэ?

-Мөнөөх хөдөлмөрийн баатар ахындаа нэг жил суусан. Төрийн ёслолын албаны дарга байсан даа, Ч.Батжаргал гэж.

-За тийм.

-Түүний аав Чулуун гуайнх Зуун айлын тэнд томоо хашаатай. Тэнд би Өмнөговиос үнхэлцэг шиг жижиг гэр авчирч бариад амьдрах болсон. Яаж таван жилийг ардаа хийнэ дээ гэж боддог байж билээ. Тэгтэл гуравдугаар курсээс хойш ёстой л "шааригдчих” шиг болсон. Манай ангиас сургуулиа хэд хэдэн хүүхэд онц, бас цөөнгүй хүүхэд сайн төгссөн юмдаг. Би ч яахав, дундтай л төгссөн. Болоо, болоо.

Дундуур явж байхад болно. Дундуур яваа хүн дээшээ л мацахыг бодно шүү дээ.

-Та төрийн хан хуураас гадна нийслэлийн сүлдэт хуурыг бас санаачлан залсан байх аа?

-Тийм ээ. Төрийн хан хуурыг 1992 оны дөрөвдүгээр сарын 20-нд залсан. Түүний дараа нийслэлийн сүлдэт хуур залъя гэж тухайн үеийн хотын дарга Ж.Наранцацралтад санал болгосон юм. Тэр зөвшөөрсөн.

Ингээд сүлдэт хуураа залах болоход Наранцацралт дарга дээшээ дэвшээд явчихсан, М.Энхболд хотын дарга болчихсон байв. Ингэж л хоёр даргыг дамжин сүлдэт хуураа залсан даа.

-Төрийн хан хуурыг цагаан сараар цэнгүүлдэг. Харин нийслэлийн сүлдэт хуурыг хэдийд цэнгүүлдэг вэ?

-Нийслэлийн өдрөөр. Өөрөөр хэлбэл, аравдугаар сарын 29-нд гэсэн үг.

-Цэнгүүлэхдээ "Улаанбаатарын магтаал”-аа уншдаг уу?

-Үгүй ээ. "Төр, түмэндээ өргөх айлтгал магтаал” гэж бий. Түүнийгээ уншдаг.

Эх орон тусгаар тогтнолоо

Эрхэм төр, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн дууллаа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүлдлэн дээдэлж барья аа... гээд. Цааш нь

Ханат Монгол

Хаан Чингисээ биширтүгэй

Өрхөт Монгол

Өрнөн дэгжсээр хөгжтүгэй

Эзэн түмэн

Эе эвтэй амгалан байтугай

Эрэлхэг Монгол

Мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадрах болтугай гээд явна даа.

-Улаанбаатар гэдэг нэрийг сонсох бүрт танд юун тухай бодогддог вэ?

-Өргөө, тэгээд Хүрээ, Да хүрээ, дараа нь Улаанбаатар нэрийг авсан байгаа юм. Улаанбаатар гэж хувьсгалын л үйл хэрэгтэйгээ холбож өгсөн нэр болов уу.

Улаан тугийг мандуулаад

Улсын сүрийг бадруулаад... гэж дуулдаг байсантай холбоотой биз. Тухайн цагийнхаа өнгөн дээр нэр сүрийг нь өндөрт өргөх тухай ч бодолцсон байх. Хувьсгалч нэр санагддаг. Энэ бол миний л бодол. Тухайн үеийнхэн юу гэж бодож бэлгэдэж өгснийг мэдэхгүй юм.

-Нийслэлд очих дуртай газар олон л байх. Зах зухаас нь онцолвол...?

-Үндэсний дуу, бүжгийн чуулга байна. Шинэ уран бүтээл хийх болгонд нь очиж үздэг. Мөн Төв номын сангаар орно. Ардын аман зохиол, тэр дундаа ерөөл магтаалын талаар судалгаа шинжилгээний ном бүтээл гарч уу, үгүй юу гэдгийг анирдана. Урлаг, соёлын судалгааны ном ховор гарах юм.

Сонин хэвлэлээр муу хэлэх л зүйл түлхүү харагдана уу гэхээс өөд нь татсан, үнэн зөвийг нь ялгаж хэлсэн зүйл хомс байгаад сэтгэл дундуур явдаг. Судлахгүй, мэдэхгүй, чадахгүй гурав нь нийлчихдэг бололтой.

Өрөөлийг муу хэлэх ньөөрөө муу явж байгаагийн шинж

-"Өнөр бүл” кинон дээр эхнэр нь нөхрөө "Юугаа хайгаа л ийш тийшээ сэлбэлзээд явдаг юм бэ дээ” гэхэд "Хотынхоо хөгжил дэвшлийг л харж явна” гэж хэлж байгаа нь гардаг. Түүн шиг гудамж зам талбайгаар хэр алхдаг вэ, та...?

-За даа, бараг алхахгүй юм даа. Их сургууль төгсөөд Монголын зохиолчдын хорооны Ардын үлгэрийн танхимд томилогдож очсон хүн, би. Олон сайхан уран бүтээлчтэй хамтарч ажиллаж, эх орныхоо уул талаар их явсан.

Тухайн үед манайх Телевизээс баруун тийш байсан. Хааяа ажлаасаа гэр рүүгээ алхах үе байсан. Бусдаар бол чиглэл чиглэлийн автобусанд суугаад жирийлгэнэ шүү дээ. Автобус хүлээж л зогсох ажил байна уу гэхээс өөр юмгүй.

Одоо унаатай голцуу явах юм. Хот маань аюулын сайхан хөгжиж байна. Уран сайхан барилгууд сүндэрлэн босч байна. Нэг л зүйлийг нь би их ажиглаж харж явдаг.

-Юуг нь тэр вэ?

-Карказыг нь. Монгол гэрээр бол яс модыг нь гэх юм уу даа. Нарийнхан карказтай барилга олноор баригдаж байх шиг. Тийм нарийнхан карказтай арван хэдэн давхар барилга газар хөдлөлт, салхи шуурга, энэ тэр гээд байгалийн шалгуур давах бат бөх чанараараа ямар байдаг юм бол. Санаа зовдог. Эргэлздэг. Харин өргөн карказтай баригдаж байгаа барилгыг хараад сэтгэл өегших жишээтэй.

Замаа сайхан өргөтгөн тэлж байна. Арван зүгт нь салаалуулан улам сайхан болгож байна. Манай нутаг Өмнөговь руу л гэхэд хотоос хонон өнжин явж хүрдэг байсан бол одоо өглөө гарч давхиад л орой очиж байгаа нь сайхан.

Улс эх орон минь улам л сайхан болж байна. Улс эх орон минь сайхан болж байхад зарим нь харааж зүхээд үргэлж л муу муухай зүйл яриад, аж амьдрал хэцүүдлээ гээд л. Амны билгээс ашдын билэг боддог ард түмний үр сад гэдгээ цаг үргэлж бодож баймаар санагддаг. Өрөөлийг муу хэлэх нь өөрөө л муу явж байгаагийн шинж шүү дээ.

Улаанбаатар хот маань дэгжиж хөгжиж дэлхийн хэмжээний хот боллоо. Ямар ч улс орны төрийн тэргүүнээс эхлээд аянчин жуулчин Улаанбаатар хотод л эхэлж бууж сууж, мордож байна. Энэ нь манайх хүн бууж тухлах зэргийн айл болжээ гэсэн үг.

-Улаанбаатарчууд дөрвөн уулын дунд аж төрж, амьдран сууж байна. Та дөрвөн ууландаа гарч оргилынх нь салхиар илбүүлж байв уу?

-Гарсаан, гарсан. Гэхдээ Чингэлтэй, Сонгинохайрханы чанх орой дээр гарч байгаагүй. Богд уулынхаа ар дээр очиж хуураа татдаг. Улаанбаатараа харж байгаад "Улаанбаатарын магтаал”-аа уншаад буудаг. Баянзүрх хайрхан дээрээ хэд хэд гарсан. Манайх хорооллоос нүүгээд одоо энэ байгаа Улаанхуаранд ирсэн. Голоо өгсөж буух сайн юм гэнэ лээ. Тэгээд Туул голоо өгсөөд Баянзүрх хайрханаа чиглэж энд ирсэн.

Баянзүрхээдээ чиглэвэл баяжина аа гэсэн үг байдаг. Баяжих гэж ч нүүгээгүй л дээ. Энд нэг байр аваад түүнээ бараадаж ирсэн хэрэг. Манайхыг энд нүүж ирж байхад эргэн тойрон эль хуль байв. Одоо олон сайхан барилга байшин баригдаад, хот зүүн тийшээ их хөгжих хандлагатай байх шиг байна.

Баянзүрхээдээ тэлж хөгжвөл баяжина аа, баяжина, Улаанбаатарынхан маань. /инээв/.

-Дөрвөн уулынхаа тухай магтаал танд байдаг биз дээ?

-Дөрвөн уулаа тус тусад нь магтсан магтаал надад байгаагүй. Тийм болохоор нэлээд зүйл, үүх түүхийг нь хайж үзлээ. Арслантай л гэнэ, нохойтой л гэнэ. Эзэн тахилга нь. Дөрвөн уул, хатан Туулынхаа тухай тус тусад нь магтаал хийхээр сууж байна.

-Таван магтаал гэсэн үг үү?

-Тийм. Одоо бол

"Үеийн үед дүнхийсэн

Богд уулын ард...” гээд л "Улаанбаатарын магтаал”-д маань гардаг. Нөгөө гурван хайрхан, Туул гол маань гомдох байх гэж бодоод магтаал бичихээр зэхээд сууна.

-Бодоход, та дэлхийн олон хотоор тоглолт хийгээд ч юм уу, аялж зугаалаад явсан нь мэдээж. Сэтгэлийг тань хамгийн ихээр соронздон татаж, хайлмагтуулсан ямар хот байна вэ?

-Хонгконг. Цэвэрхэн, их аятайхан хот. Францын Парист хальт очиж тоглоод. Эйфелийн цамхагийн дэргэд зураг хөргөө татуулж л явлаа. Баруухан талд нь буугаад нисчихсэн болохоор хотынх нь гүн рүү орж үзээгүй. Олон улсын тоглолтод оролцож "Улаанбаатарын магтаал”-аа уншиж байв. С.Дулам багш маань Францад байж байгаад ирсэн. Тэнд болох нэг арга хэмжээнд оролцоод ир гэснээр нь явсан юм.

-Улаанбаатар хот дэлхийн бусад хотоос ялгарч харагддаг ямар шинжтэй вэ, таныхаар...?

-Туул гол маань байна. Дундуураа голтой, голын эрэг дагуу байрласан хот цөөнгүй л дээ, дэлхийд. Цөөхний нэг нь манайх. Эх газрын улс гэхэд манайх голын хөвөөнөө байрласан нь содон.

Аа бас уулын дунд байдгаараа их онцлогтой, талын хотуудаас. Талд байгаа хотуудыг дөрвөн талаас нь харлаа гэхэд адилхан л хавтгай харагдана. Манайх бол өөр. Богд уулан дээрээсээ Улаанбаатараа өмнөөс нь бүтэн харж болно. Чингэлтэй хайрхан дээрээс хойноос нь бүтэн харж болно. Баруун талаас нь Сонгинохайрханаасаа, зүүн талаас нь Баянзүрх хайрханаасаа, дөрвөн талаас нь харах бүрэн боломжтой. Ийм хот дэлхийд маш ховор.

Манайхан уул усаа шүтдэг ард түмэн. Хатан Туулынхаа хөвөөг ханалж боссон Улаанбаатар минь өнөөдөр өлзий ивээлээ өргөн олон түмэндээ хайрласаар л байна шүү дээ. Голоо өгсөж уруудаад амьдраад байхад бидэнд хэнээс ч дутахгүй сайхан аж төрөх хувь байж л байгаа.

Дөрвөн талаасаа харах уултай, дөрвөн уулынхаа ивээлд хөгжиж дэвжих нь бидний л хувь заяаны хэрэг. Би тэгж л боддог.

-Ерөөлч, магтаалч, хуурч хүн, та. Улаанбаатарын тухай ямар дуунд сэтгэл тань илүүтэй хөглөгддөг вэ?

-Самбуу ардын жүжигчний дуулдаг "Үйлсийн сайхан Улаанбаатар” байна. Нэр нь хүртэл сайхан. Самбуу гуайг дуулахад "Үгүй, энэ дахиад л нөгөө Улаанбаатараа дууллаа” гэж цөх ядах хүн байхгүй байх. Тэгж боддог хүн байвал тэнэг л хүн байна гэж хэлэхээс яахав.

Би ч "Улаанбаатарын магтаал”-аа нэг их уншаад байхгүй юм. Телевизийнхэн бичье л гэдэг юм. "Энэ нэг юм, ганц "Улаанбаатарын магтаал”-тай юм уу гэх юм болов уу гээд өнгөрдөг.

-Та найр хуриман дээр "Улаанбаатарын магтаал”-аа уншиж байгаа харагддаг. Хүмүүсийн ярьж байгаа дуулддаг шүү дээ...?

-Хааяа уншдаг. Ялангуяа хотод болж байгаа хурим дээр. Аз жаргалтай та бүхний амьдарч байгаа Уулаанбаатар нийслэлийнхээ тухай уншья аа гээд.

Энэ бол заавал радио, телевизээр хангинуулаад байхдаа гол нь биш юм. Хотод хуримлаж байгаа, хойшид яах аргагүй амьдрах газар нь хот болохоор "Сайхан хотоо хайрлаж хүндэтгэж яваарай, хүүхдүүд минь” гэж хэлж байгаа нь л тэр.

Гадаадад хөөмийгөө магтаалаар,

дотооддоо магтаалаа хөөмийгөөр чимэглээд тоглож болох

-Дэлгүүр их хэсдэг үү?

-За даа, үгүй дээ. Номын дэлгүүрээр л хааяа орно. Урлагийн тухай ном, ерөөл магтаалын тухай ном гарч уу гэж л ажиглаж, хайж явдаг.

Гомбын Оргой гэж цуутай ерөөлч байв. Саяхан өөд болчихлоо, хөөрхий. Тэр хүний ерөөлийн ном Өмнөговьд хэвлэгдсэн байна билээ. Сайхан ерөөлүүд орсон байна билээ.

Агваанжамбал гэж хан Хэнтий нутгийн сайхан ерөөл магтаалч, дуучин байв. Тэр хүний ном өнөө хэр улсын хэмжээнд гараагүй байна. "Галшарын магтаал”, "Жонон хонгор”, "Хилэн хар” гээд маш олон сайхан бүтээл туурвисан хүн.

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн хийгээд судлаач шүүмжлэгчид энэ тухай ер дуугарахгүй юм. Монголынхоо ерөөлч, магтаалчдын хэлсэн ерөөл магтаалыг өөрийн чадах чинээгээр гурван боть болгон хэвлүүлсэн. Одоо ч бас бус зүйлийг эмхэлж цэгцлээд л сууж байна.

-Их дээд сургуулиуд дуулдаг, хөгжимддөг хүмүүсийг өчнөөн төчнөөнөөр нь бэлтгэн гаргах юм. Ерөөлч магтаалчдыг тусгайлан бэлтгэж байгаа дуулдахгүй л байх шиг?

-Манай энэ СУИС-д хөөрхөн ерөөлчид байна шүү, байна. Оюутнууд л даа. Ерөөл цээжлүүлдэг юм байна. Сургалтын хөтөлбөрт нь оруулсан байдаг юм байна. Урлагийн сургуулийнханд баярлаж байгаа. Хүүхдүүд дуртай ч байна гэнэ. Сайхан яралзтал уншдаг хүүхдүүд олон байна гэсэн. Би хэрэг болгон очиж сонсдог болж байгаа. Их аятайхан уншиж байгаа залуус байна лээ.

-Ерөөл өөр юм. Магтаалыг ардын урлагийн олон хамтлаг янз бүрээр уншин гадаад дотоодод гайхуулж байна. Гэхдээ хөөмийн дайварт л их хэрэглэж байгаа юм шиг санагдах юм. Та юу гэж харж байна вэ?

-Хууртай магтаал хэлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ магтаалынхаа үгийг сайхан тод хэлэхгүй хархираа л, хөөмийтэйгээ холиод хоолой хийгээд л.

Хөөмийн дундаа "Богд нь уулын ардаа...” гээд байгаа юм уу "урдаа” ч гээд байгаа юм уу болгож байна л даа. Уран сайхны аргаар биш үгнийх нь аргаар хүмүүст хүргэвэл илүү л байх. Яахав, гадаадад явахад хэлж байгаа монгол үгийг хүмүүс ойлгоо ч уу, үгүй юу гэдэг өөр. Юм хэлээд дуугардаг нэг ийм сонин юм байна гэж хошууран дагаж, биширч болно. Дотоодын хэрэгцээнд бол үг л хэрэгтэй.

Гадаадад хөөмийгөө магтаалаар чимэглээд тоглож болно. Монголынхоо ард түмэнд магтаалаа хөөмийгөөр чимэглээд тоглож болно шүү дээ. Үгээ тод сайхан хэлээд тоглоход хүмүүс их л сайхан хүлээж авна даа.

-Улаанбаатараас өөр газарт амьдаръя гэж боддог уу?

-Үгүй дээ. Бусад газрыг голж шилж байгаа юм биш шүү. Аймгууд сайхан хөгжиж байна. Бүр сайхан болно оо гэж удирдаж байгаа хүмүүс, амьдарч байгаа улс нь хэлж байна. Улс орон өөрийн хөгжлийн дагуу явж байна.

Саруул сайхан ирээдүй биднийг хүлээж байгаад би эргэлздэггүй.

 

УЛААНБААТАРЫН МАГТААЛ

 

Мөнгөн Туулыг эмжсэн

Ганган хотоо магтъя

Мөрөн голын ундраа

Түүний хөгжлийг бахдъя

Yеийн үед дүнхийсэн

Бoгд уулын ард

Yрийн үрд сүндэрлэх

Улаанбаатар хот минь

 

Өндөр барилга нь жигдэрсэн

Өргөн сайхан чөлөөтэй

Зуун түмээр жирийсэн

Зулзган ногоон модтой

Ажилч түмнээ баясуулсан

Амралт цэнгээний газартай

Мянган бээрийг товчилдог

Хурдан хүлгийн зогсоолтой

Түмэн үед мөнхрөх

Түүх шастир ихтэй

Ази тивийн цээжинд

Oд болж ярайсан

Арвин дэлхийн хаана ч

Тод нэр нь дуурссан

Уужим сэтгэлт түмний

Итгэл зоригийг бадраасан

Улаанбаатар хот минь

Сэтгэл зүрхэнд уяатай

 

Уудам талаар зурайсан

Мөнгөн шугамын харилцаатай

Улаан одон Москватай

Мөнхийн бат холбоотой

Ухаант жанжин Сүхийн

Уужим цэлгэр талбайтай

Хүний жаргалант ирээдүй

Хүүхэд багачууд баясаатай

 

Хөлгийн хурдаар дүүлсэн

Хүслийн сайхан тэмүүлэлтэй

Ийм сайхан орны

Их хөгжлийн төвд минь

Анд Зөвлөлтийн байгуулсан

Алаг барилгууд өндөрлөөстэй

Ариун хөдөлмөр оргилсон

Аж үйлдвэрүүд сүндэрлээстэй

 

Улаанбаатар нийслэлээ

Магтаад магтаад ханашгүй

Учралт сайхан нөхдөө

Бахдаад бахдаад баршгүй ээ.

1986 он

 

Эх сурвалж: Долоо хоног тутмын "Улаанбаатарын сонин”

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх