ДОМГООС ӨӨРИЙГӨӨ ОЛСОН ЭРДЭМТЭН


Ц.Энхмаа

"Үлгэр сонсвол үлийсэн сохор болно” гэсэн хэлц үг байдгийг монгол хүн бүр мэднэ. Чухам юуны учир ийм хэлц үг гарсныг хэн ч үл таана. Монгол малчдын, монгол үлгэрч туульчдын зохиосон оюуны сан дахь нууц код, дотоод мэдрэмж, далд ухамсар гэвүүштэй. Эрдэмтэн Ж.Энэбиш үлгэр домог сонсох дуртай хүүхэд байжээ.

ДОМГООС ӨӨРИЙГӨӨ ОЛСОН ЭРДЭМТЭН

 

Хадам ах Жалцавын аав Аюурзана буюу Хуваа өвөө нь үлгэр домог ярих дуртай нэгэн байсан гэнэ. Хачирхалтай нь Хуваа өвөө нь хоёр нүдгүй юмсанж. "Хуваа үлгэр домог олныг мэддэг болохоор хоёр нүдгүй болсон юм болов уу гэж тэрбээр балчирхан оюундаа бодож үлгэрийн үнэнд итгэдэг байж. Үлгэрт дуртай хургачин Ж.Энэбиш хожим хойноо байшингийн ханаар дүүрэн ном өрж үлгэр домгийн мөрөөр мөшгөж "үлийсэн сохор”-ын учрыг тайлахаар эрдмийн эрэлд гарна гэдгээ, тэрхэн үедээ яахан мэдэх билээ. Эрдэмтэн Жамбалын Энэбиш шинжлэх ухааны төв байгууллагад 40 жил ажиллаж хөгжим судлалаар 200 хол давсан бүтээл туурвисан аталаа мөнөөх "үлийсэн сохор”-ын учрыг олохоор үзэг цааснаас салаагүй л явна. Монгол туургатны язгуур хөгжмийн түүх, соёлын биет бус өвийн судлалаар бичсэн түүний бүтээлүүдийн хуудас сөхөж, сэтгэхүйн ертөнц рүү нь өнгийвэл домгийн үнэн, баримтын үнэн, шинжлэх ухааны үнэний талаарх судалгаа бие биесээсээ алсран холдсон холын зүйл биш, харин хичээнгүйлэн сонсож, уншиж, ойлгож судалж чадваас нэгэн эхлэл угшилтай, нэгэн цэгт уулзан учрах тавилантай ойрхоны ойлголт юмсанж. Үлгэр домгоос улбаатай ийм сонирхолтой судлагдахуундаа эрдэмтэн Ж.Энэбиш үндэсний язгуур хөгжмийн зэмсэг морин хуурын үүсэл гарвалыг хуурын татлагаас (хөгжмийн бүтээлийн) эрэн сурвалжилж, сурвалж бичгийн баримтаар баталгаажуулахыг зорьжээ.Энэхүү судлагдахуундаа тэрбээр "Хөхөө Намжилын домог”, "Сүхээгийн цагаан морины домог”, "Алаг дааганы домог”, "Аргасун хуурчийн домог”, "Жороо морины татлагын домог”-уудыг сонгожээ. Тэгэхдээ зохиогч моринхуур хөгжмийн зэмсэг, хуурын татлагын домог нэгэн зэрэг үүссэн үү, аль нэг нь түрүүлж үүдэл санаа төрүүлсэн үү, үгүй бол тусгай тэмдэг дохио, зөн совингоор үүссэн үү, ер нь тэгээд "Тэнгэрийн хүлэг”, "Ажнай хүлэг”-ийг заавал ч үгүй үхүүлж байж хуур болон хуурын татлага үүссэн гэж үү гэсэн асуултад анхаарлаа төвлөрүүлж, эрлийн үзүүрээ тэр зүг хандуулсан байна. Тухайбал тэрээр "Хөхөө Намжилын домог”-т утга тайлал хийхдээ: Хөхөө Намжил бодит хүн үү, домгийн баатар уу гэсэн асуулт тавиад Хөхөө Намжил бол XVIII-XIXзуунд Хангай нутагт төрсөн бодит хүн, түүний удмынхан "дуучийнхан” гэсэн ургийн овгоо уламжлуулсаар явааг дурдаад "Хөхөө Намжилын” домог болон "Жонон харын” татлага нь домогших шатандаа яваа хожуу үеийн бүтээл юм гэж үзжээ. "Сүхээгийн цагаан морь”-ны домог үүссэн тухай гурван аман хувилбар Дорнот Монголын их хээр тал нутаг дахь малчдын дунд өнөө хэр яригдсаар байгааг зохиогч дурдаад тэдгээр домгуудын үүтгэл санаа, өгүүлэмжид нь ажиглалт хийгж агуулгыг нь ABCD гэсэн томъёонд багцлан хураангуйлжээ. Өөрөөр хэлбэл, "А” хэсэгт: ядуу хүү Сүхээ унах унаатай болох мөрөөдөлд хөтлөгдөж зүүд нойрондоо дүрслэн бодож байна. Аз болоход Сүхээд эхээсээ өнчирч хоцорсон унага олдож түүнийг тэжээж өсгөсөөр хүсэл мөрөөдөл нь биелэж байна. "B” хэсэгт: Сүхээ тэжээж өсгөсөн ганц морио хошууны наадамд түрүүлүүлж хотол олны талархлыг хүлээж байна. "С” хэсэгт: Ноёд баячуулын хурдан хүлэгүүдийг ардаа орхиж тоосоороо булсан ганц морьтой ядуу хүү Сүхээд атаархсан хорон санаатнууд, ховдог шунахай сэтгэлтнүүд сэм хуйвалдаж ядуу хүүгийн хурдан хүлэгийг нь харван шархдуулж байна. "D” хэсэгт нь: Шархадсан хүлэг тэнхээ мэдэн давхисаар эзнийхээ гар дээр ирж амьсгаа хурааж байна. Сүхээ хүү уй гашуудалд унаж өдөржин шөнөжин уйлсаар суухад шөнийн цагаар "Шувуун саарал морь (цагаан морь)” зүүдэнд нь ирж: Чи миний сүүлээр хялгасыг нь, хавиргаар татах нумыг хийж хуур бүтээгээрээ гэж хэлж зөвлөснөөр хуур үүссэн домог өндөрлөж байна. Ойрад монголчуудын дунд түгээмэл тархсан экил хуурт зориулсан олон домогт татлага байдгийн нэг нь "Алаг дааганы домог” буюу "Дөрвөн ойрадын ураа” татлага юм. Алаг дааганы домогт үйл явдал, өгүүлэмжийн хэд хэдэн шугам зэрэгцэн оршиж байгааг зохиогч тодруулжээ. Ойрад монголчууд манжийн ноёрхолд автан тусгаар тогтнолоо алдаж тал тал тийш сарнин бутарсан их нүүдлийг, ард олны сэтгэхүйн хямрахыг үгийн урлагт буулгасан нь "Алаг дааганы домог” юм. Харин ойрад монгочууд шөнийн цагаар алаг дааганд ачсан нүүрсэнд гал авалцаж даага булгиж, галтай нүүрс цацагдаж түймэр гарсныг "алагдах дайсан довтоллоо” хэмээн андуу сонсож энэ үймээнт үйл явдлыг хөгжмийн хэлээр буулгасан нь дөрвөн "ойрадын ураа татлага” юм. Дөрвөн ойрадын ураа татлагаас хонь малын майлиан, ингэ ботгоны буулиан , хүүхэд хөгшидийн уйлаан, хөгжмийн гуниг харууслын аялга, хэмнэл, өнгө аяс тод сонсогддог ажээ. Эрдэмтэн Ж.Энэбиш морин хуурын үүслийг монгол туургатны дунд дэлгэрсэн хуурын татлагын олон хувилбарыг харьцуулж судалснаар уншигч Таныг эртний судрын шарласан хуудсан дээр учран золгуулж байна. Энэ бол эртний Хятад хэлээр бичиглэж үлдээсэн "Жороо морины татлага” юм.

 

Домгийн өгүүлэмжээс дараах тайлбар, тайлал, таамнал дэвшүүлжээ. Нэгдүгээрт: эдүүгээгээс 2000 жилийн өмнөх монголчуудын гоо сайхны сэтгэлгээнд морь шүтэх үзэл нэгэнт төлөвшиж тогтсон байжээ. Хоёрдугаарт: хялгасан чавхдаст хөгжмийн зэмсэг-хуур, товшуурын төрлийн хөгжмийн зэмсгүүд аль эрт урлагдан бүтээгдсэн байжээ. Гуравдугаарт: монгол хуурчид (хөгжимчид) үүдэн бүтээсэн хөгжмийн зэмсэгтээ зориулж морины сэдэвт олон төрлийн татлагуудыг (хөгжмийн бүтээлүүдийг) зохион хуурдаж түгээн дэлгэрүүлж байжээ гэж үзүүштэй. Энэ мэт сэдэл санаа дэвшүүлэхийн уг сурвалж нь эртний хятадын сурвалж бичиг дэх домгийн өгүүлэмжид морин хуурын үүслийн тухай, хуурын татлагуудын тухай өнөөгийн бидний мэддэг домгуудын зарим үйл явдал, аялгуу эгшиглэл давхцаж байгаад оршино.

"Жороо морины татлага”-д өгүүлсэнээр "Жороо морины татлага”-ын зохиогч нь Хориод Мухгун юмсанж. Хориод Мухгун хилс хэрэгт шийтгэгдсэн эцгийнхээ өшөөг өшиж хүн хороогоод оргон зайлж ууланд нуугджээ. Тийнхүү Тэнгэрийн хүлэг доод ертөнцөд бууж гэрийг нь тойрон янцгаажээ. Шөнөөр сэрж дуугий нь дуулаад ноёд түшмэд нэхэхээр ирсэн буйзаа хэмээн бодоод үтэр түргэн дутаан оджээ. Маргааш нь эртээр тэнгэрийн хүлэгийн мөрийг (туурайн мөрийг Ж.Э) харжээ. Тийнхүү сэрсэн мэт өгүүлрүүн: "Миний оршсон орон могой болох буюу хэмээн хүнс юугаан үүрч одоод усны эхний шалбааг дотор ороод хуур авч товшихуйд тэнгэрийн хүлэгийн дуу гарчээ”.

Зохиогч домгийн өгүүлэмжид онцолж үзмээр гурван сэдэл санаа байгааг тодруулжээ. Үүний нэгдэх нь Хориод Мухгуны зүүд, хоёр дахь нь тэнгэрийн хүлэгийн янцгаах дуу, гурав дахь нь хуур бүтээж тэнгэрийн хүлгийн янцгаах дууг оруулсан гэх санаа юм. Өөрөөр хэлбэл, энэ домогт домгийн эзэн , тэнгэрийн хүлэг, хөгжмийн зэмсэг-хуур гэсэн гурвал санаа агуулгын цөмийг бүрдүүлж байна гэж зохиогч дүгнэжээ. Тэнгэрийн хүлэгийн тухайд гэвэл Хориод Мухгуны домогт хоёр тохиол тэмдэглэгдсэн байна. Үүний нэг нь Хориод Мухгун ууланд нуугдаж байхдаа зүүдэндээ тэнгэрийн хүлэгийн янцгаах дуу сонсоод түүнээс дохио авч тэр газраас зугтан одож байна. Хоёр дахь тохиол нь Хориод Мухгун гэрийнхээ эргэн тойронд тэнгэрийн хүлгийн мөр байсныг олж үзээд найдваргүй хорлолтой газар болохыг мэдэж байна. Энэ хоёр тохиолдолд тэнгэрийн хүлэг туурайн мөрөөр тэмдэг дохио өгч учрах аюулаас уугуул эзнээ хамгаалж байна. Домгийн баатарын зүүдний ийм зөн совин монголын үлгэр, туульсын зохиолд ч, хуурын домгуудад ч байдаг ажээ. Жишээлбэл "Шувуун саарал”-ын домогт "Сүхээ хонио хариулж яваад ядраад унтаж орхижээ. Сэрээд хартал голын эрэг дээр саарал унага зогсож байхыг үзээд очиж авчээ”, "Сүхээ нэг өдөр хонио хариулж яваад шаварт унажээ. Шавар намгаас гарч чавахгүй ядаж байтал "Шувуун саарал” ирж эзнийхээ ханцуйнаас нь татаж намгаас гаргажээ”. "Сүхээ шөнө гэртээ ирээд унтаж байтал гэнэт "шувуун саарал” уртаар янцгаахад цочин сэржээ”.

Ийнхүү "Жороо морины татлага”-д тэнгэрийн хүлгийн янцгаах дуу буюу хуурын сэдэвт хөгжмийн бүтээл үүсэхийн үүдэл санаа тов тодорхой тэмдэглэгджээ. Энэ нь "Хөхөө Намжилын домог” буюу жонон харын татлагаас аль эрт хэдэн зуун, мянган жилийн өмнө моринхуур буюу хуурын төрлийн чавхдаст хөгжмийн зэмсэг (хуур, товшуур) нэгэнт бүтээгдэж тэдгээрт зориулсан хөгжмийн бүтээлүүд (татлагууд) түгэн дэлгэрч домгийн эхлэл тавигджээ гэж дүгнэхэд хүргэж байна.

XXI зууны морин хуурын урын сангийн тухай эрэгцүүлье. Энэ нь морин хуурын үүслийн эрдмийн эрлийн гурван цагийн уулзвар, морин хуурын хөгжимдөх урлагийн хөгжлийн оргил үе байж болох юм. ХХ зууны монголын морин хуурын хөгжимдөх урлагийн хөгжлийн гол онцлог бол ардын (гэрийн) уламжлалт сургалтаас орчин цагийн тэнхмийн /олныг хамарсан академик сургалт/ сургалтанд шилжсэн үйл явц юм.

Тэнхмийн сургалтын үр дүнд манай оронд үндэсний хөгжмийн их, дээд, анхан шатны сургуулиуд байгуулагдаж хэдэн зуун моринхуурчийг хүмүүжүүлэв. Морин хуурын алдарт багш нар төрж морин хуурын сургалтын агуулга, стандартыг дэлхийн хөгжмийн сургуулиудын сургалтын түвшинд хүртэл боловсруулж хэрэгжүүлэв. Сургалтын урын сан нь ардын хөгжмийн ая татлага, үндэсний хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээл, дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын сор дээж бүтээлүүдээр баяжив. Морин хуураар хөгжимдөх эдгээр баялаг урын сангийн дунд 2000 жилийн өмнөх Хориод Мухгуны "жороо морины татлага”, ХХ зууны Хөхөө Намжилын "жонон харын татлага” эн зэрэгцэн эгшиглэсээр байна.

Морин хуурын хуурдах урлагийн энэхүү ховор үзэгдлийг зөн совин бэлгэдлийн утгаар, домгийн өгүүлэмжээр, шинжлэх ухааны үнэн, баримтын үнэнд тулгуурлан дүгнэхдээ эрдэмтэн Ж.Энэбиш өнөөгийн бидний мэддэг, ярьдаг, домоглодог, хуурддаг "Хөхөө Намжилын домог” буюу "Жонон харын татлага” түүний зан үйлийн уламжлалыг 2000 жилээс цааш улируулан судлах түүхэн боломж нээгдэж байна гээд <<түүний хөдлөшгүй баримт бол дорнын сурвалж бичиг дэх "жороо морины татлага” юм>> гэжээ. Үлгэр домгийн дүрслэгдэхүүн бичгийн зохиолд, бичгийн зохиолын өгүүлэмж аман зохиолд урлалдан нэгдэж улмаар уран сайхны дүрээр амилж мөнхийн бүтээл болдгийн учир тохиол энэ бөлгөө. Эцэст тэмдэглэхэд, исээгийн эхэнд дурдсан "Үлгэр сонсвол үлийсэн сохор болно” гэсэн хэлц үгийн тайлал нь хүмүүний биед заяасан хоёр нүдийг хэлсэн биш харин бодлын цаана нуугдаж, үлгэрийн өгүүлэмжид шингэсэн билигийн мэлмийг хэлсэн юмсанжээ. Монголын Нууц Товцооны Дува сохорч ч гурван нүүдлийн цаадахыг нэвт харах билигийн мэлмийтэй нэгэн байжээ.

Эх сурвалж: Долоо хоног тутмын "Улаанбаатрын" сонин

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх