Б.Баатар: Н.Энхбаярын гэр бүл, хөтлөгч ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, П.Анужин нараас уучлал гуйж байна



 С.СЭРГЭЛЭН 

"Hero Entertainmment" студийн​ захирал, найруулагч Б.Баатар архиваас ньалдагдаж олон нийтэд цацагдсан бичлэгийн талаар даваа гариг буюу нэгдүгээр сарын 11-нд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өгсөн юм. Тэрээр "Би улстөрч биш улс төрд орохгүй. Телевиз, киноны салбарт насан туршдаа ажиллана. Энэ салбараас урвахгүй. Энэ бол миний ертөнц. Би насан туршдаа хийх гэж байгаа зүйлээ ганц эфир цацаж хийхгүй. Цаана нь 50 нэвтрүүлэг үлдсэн хүлээгдэж байгаа. Тэгээд ч би өөрөө тийм зүйл цацаж хүний итгэлийг эвдэхгүй. Тийм учраас манайхаас тэр бичлэгийг цацаагүй. Тэр утгаараа бичлэг алдагдсан үйлдлийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан. Цагдаа, Оюуны өмчийн байгууллагад хандсан” гэдгээ онцоллоо. Мөн хэр олон дүрс алдагдсан гэдгээ мэдэхгүй байгаагаа ч хэлсэн.

 

-Олон нийтэд цацагдсан бичлэгийн талаар та тайлбар өгнө үү?

-"Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн архивын бичлэгээс дүрс алдагдаж тэр нь сошиал ертөнцөөр цацагдлаа. Бид "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн 50-иад дугаарыг хийгээд дуусч байна. "Өвөрмонголын 100 эрхэм”-ийн зураг авалт эхэлсэн байгаа. Сайны хажуугаар саар мундахгүй юм. Нэвтрүүлгийн архиваас маш өндөр зохион байгуулалттайгаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон зарим бичлэг алдагдсан. Энэ бол маш нарийн зохион байгуулалттай тусгай ажиллагаа гэж бодож байна. Бичлэгийг цацсан процесс ч гэсэн мэргэжлийн ажиллагаа байсан. Бичлэг монтаж, тайлбар, тексттэй гарсан. Бичлэг алдагдсан явдал бол нарийн зохион байгуулалттай маш том ажиллагаа гэдгийг давтан хэлье.

-Танай серверийн аюулгүй байдал хэр баталгаатай вэ?

-Архивын газар файл хэлбэрээр хадгалах нөхцөл бүрдээгүй учраас манай дээр хадгалагдаж байсан. Манай сервер рүү хэр баргийн хүн нэвтэрч чадахгүй. Монголын хэмжээнд хамгийн баталгаатай сервер гэж хэлж болно. Тийм учраас надад дургүй ч юмуу "HERO entertainment” студийг хорлоё гэсэн гурав дөрвөн хүн цаашлаад компанийн хийх ажил биш. Маш том бүлэглэлийн хийсэн нарийн ажиллагаа. Нэвтрүүлэг хийхэд итгэл, сэтгэл гэж байдаг. Итгэлийг алдаж дүрсийг хулгайд алдсандаа "HERO entertainment”-ын хамт олны өмнөөс Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэр бүл, хөтлөгч ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, П.Анужин нараас уучлал гуйж байна. Энэ бол цэвэр найруулагч миний алдаа. Сэтгүүлзүйн байр суурьт нөлөөлсөн үйл ажиллагаа болсон учраас уран бүтээлч, сэтгүүлчдээс уучлал хүсч байна.

Ярилцлагын нэвтрүүлэг маш том процесс, хүнийг яриулах технологи байдаг. Тэр ярианы процессыг авч цацна гэдэг ярьж байгаа хүний биш, харин хулгайлж цацаж байгаа хүний ёс зүйн маш том алдаа. Бүдүүлэг оюуны хулгай болсон. "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг тухайн хүнийхээ сэтгэл рүү өнгийсөн уран сайхны тавилттай нэвтрүүлэг учраас маш удаан 20-30 цагийн зураг авалт хийдэг. Нэвтрүүлгийн явцад манай хөтлөгчдийн тал зассан байдалтай дүрслэл гарсан бол энэ цэвэр найруулагчтай хамаатай асуудал. Тэр хүмүүсийн үнэт зүйл гэхээсээ илүү найруулагчийн хэлснээр дүр бүтээх зүйл яригддаг учраас үзэгчдэд таагүй сэтгэл төрүүлсэн бол тэр бол найруулагчийн буруу юм.

-Хулгай яг хэзээ орсон бэ?

-Хулгайг яг хэзээ орсныг мэдэхгүй байна. Цахим ертөнцөөр хийгдсэн бүх зүйл илэрдэг. Ул мөрөө үлдээж байдаг учраас энэ бол илэрнэ. Монголын цагдаа, монголын төр тунгалаг байгаа гэдэгт итгэж байгаа. Улс төрийн хувьд бол нэвтрүүлгийг хуулж, хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр монтажилж гаргана гэдэг бол улс төрийн ертөнц хэр зэрэг доошоо орсныг харуулж байна

- Н.Энхбаярын ярианаас гадна өөр ямар файл алдагдсан бэ?

-Файлууд тусдаа хадгалагдаж байсан. Яагаад 2-3 төрлийн мэргэжлийн хүмүүс байсан гэж хэлээд байгаа юм гэхээр бичлэгийг нарийн мэргэжлийн түвшинд хуулсан байсан. Файлууд нэг серверт хэсэг хэсгээрээ тусдээ нэртэй хадгалсан. Тэгэхээр эртнээс манайхыг судалж хийсэн ажиллагаа гэж бодож байна. С.Зориг агсны талаар баримтат кино хийж байгаа. Тодорхой хэмжээгээр зураг авалт зогссон байсан. Тэр үед хард диск дээр хуулаад серверээс тусад нь хадгалсан байсан. Сонины хайчилбарууд, сканнердсан зүйлүүд байсан. Тэгэхээр хамт нэг дор алга болсон гэж хэлж мэдэхгүй байна. Хэр олон дүрс алдагдсаныг мэдэхгүй байна.

Ер нь бол Н.Энхбаярын талаарх нэвтрүүлгийг хийж эхлэхээс авахуулаад дуусах хүртэл бүх уран бүтээлчид тэрдундаа хоёр хөтлөгчид маш их дарамт ирж байсан. Над руу ч гэсэн тухайн үед нэлээд нэр бүхий хүмүүс ярьж дарамталж байсан тохиолдол цөөнгүй бий. Улс төрийн хэлбэртэй уран бүтээлийг хулгайлж улстөржүүлж цацаж байгаа нь гутамшигтай зүйл. Хулгайлагдсан дүрсэн дээр юу ярьж байгаа нь сонин биш гол нь хулгайлж цацаж байгаа хүмүүсийг шүүмжлэх нь илүү ёс зүйтэй байх. Бичлэг дээр ярьсан бүхий л ярианууд шийдлүүд бол зөвхөн найруулагчийн өнцгөөс бүтэж бий болсон зүйл гэдгийг хүмүүс ойлгоосой.

-Энэ үйлдлийг Х.Баттулгатай холбож тайлбарлах юм?

-Х.Баттулга гишүүн бид хоёр бол адилхан зураач нар. Багийн найз, ах дүүс. Баттулга гишүүнтэй ах дүүс, уран бүтээлчийн харилцаатай. Алдагдсан бичлэгийн тал дээр ч ямар нэг холбоо байхгүй. Манайд нөлөөлдөг байсан бол нэр бүхий хүмүүсийг оруулахгүй байсан биз гэсэн яриа бичлэг дээр байна лээ. Бизнесийн холбоо байхгүй.

 

Эх сурвалж: Долоо хоног тутмын "Улаанбаатарын сонин”


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх