Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо: Би дэд сайд болохгүй

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өөрийн хүү Э.Золбоог дэд сайд болгохоор намынхаа удирдлагуудыг шантаачилсан гэх мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо. Саяхан түүний намынхаа удирдлагуудад хаягласан ил захидлыг үндэслэж улс төрийн хүрээнийнхэн дунд ийм яриа гарчээ. Бодит байдлыг тодруулахаар Э.Золбоотой уулзаж, дараах тодруулгыг авлаа.

-Таныг дэд сайд болох гэж байгаа тухай мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Би хувийн хэвшилд ажилладаг. Энэ чиглэлээр тогтвортой олон зүйлийг хийж бүтээе гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Тиймээс гадуур яригдаад байгаа шиг дэд сайд болно гэсэн мэдээлэл ор үндэслэлгүй болохыг албан ёсоор хэлье. Ер нь дэд сайд гэдэг бол төрийн өндөр удирдах албан тушаал. Үүнд тухайн чиглэлд мэргэжлээрээ, дадлага  туршлагаараа олонд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн тийм л хүн томилогдох ёстой. Энэ том шалгууруудыг одоогоор миний бие давж чадахгүй.

-Тэгвэл таныг дэд сайд болох тухай мэдээллийг хэн, хаанаас, ямар зорилгоор түгээсэн юм бол. Танд ямар таамаг байна?


-Гурван хоногийн өмнө манай аав намын дарга М.Энхболдод хандан захидал илгээсэн. Энэ захидлын нарийн учрыг өөр чиглэл рүү хандуулах гэсэн, үнэ цэнийг нь багасгах гэсэн зорилготойгоор хийсэн хэсэг бүлэг хүмүүсийн хиймэл яриа л байна. Уул нь ямар нэгэн хардалт байхгүйгээр нэг уншаад дүгнэлт хийвэл төр улсад маш хэрэгтэй л санагдсан.  

-Ө.Энхтүвшин гишүүн хүүгээ сайд болгох гэж намын удирдлагууддаа захидал бичээгүй хэрэг үү?


-Тийм зүйл хэзээ ч болоогүй. Миний хувьд, ааваараа төрийн өндөр албан тушаалд очих гэж яриулж, хөөцөлдүүлэх нь тун ёс зүйгүй асуудал гэж бодож байна. Иймэрхүү зүйл хол явахгүй гэдгийг ч би сайн мэднэ.

-Танд улс төрд орох бодол бий юу?


-Би МАН-ын Залуучуудын байгууллагад ажилладаг л даа. Энэ утгаараа залуучуудтай санал бодлоо солилцдог л юм. Надад баримталдаг зарчим бий. Залуучуудтай өөрийн баримталдаг зарчмаасаа хуваалцахдаа  "Залуучууд бид юуны түрүүнд, төрийн ямар нэгэн албан тушаалд очих гэж яаралгүй даруухан байж, өөрсдийнхөө мэдлэг боловсорлыг дээшлүүлж, ямарч бэрхшээлтэй ажлын ард гарах чадварыг олж авах ёстой. Тэгсэн цагт бид салбар бүрт амжилт гаргаж, улс эх орноо хөгжүүлнэ шүү” гэдэг.

М.МӨНХ
- See more at: http://review.time.mn/content/52063.shtml#sthash.r050Iq15.dpuf

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх