“Төрөө бодож, төрлөө тэвчсэн” Модун

Манай өмнөд хөршийн бичмэл түүхнээ анх МЭӨ 318 он орчмоос нэр нь гарах болсон хүннү бол монголчуудын дээд өвөг. Монголын өмнөд хөршийн түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн умард талын их нүүдэлчдийн төр улс болох Хүннүгийн Түмэн шаньюйн үед улс орон нь хүнд байдалд ороод байсан цаг.

Өмнөдөөс нь Цинь Улс довтолж, МЭӨ 214 онд Хүннү нарын төвлөж асан Ордосыг булааж авчээ. Зүүнээс нь дорнод Ху буюу Дунху аймаг довтолж, Хүннүгээс албан татвар авах болов.

Баруунаас Юэчжи аймаг довтлон, Хүннү нараас өөрсдийг нь довтлохгүй байхын баталгаа болгож, өөрийн залгамжлагчаа барьцаанд өгөхийг Түмэн шаньюйгаас шаарджээ.

Энэ нь том хүүгийнхээ хууль ёсны суудал болох шаньюйн суудлыг Модунд өгөлгүй бага яньчжигийнхаа /хатан/ хүүд өгөхийг санаархаж байсан Түмэнд бөөн "олз” болж.

Ингээд Түмэн шаньюй Модуныг зайлуулахын тулд түүнийг Юэчжи нарт барьцаанд өгсөн тухай Хятадын эртний сурвалж болох "Ши цзи”-д бичсэн байдгийг эрдэмтэд иш татдаг. /Энэ сурвалжийг Сыма Цинь хэмээгч бичсэн гэдэг./

Тэгмэгцээ Түмэн өөрийн цэргийг Юэчжи нарын эсрэг хөдөлгөжээ. Үүний цаад зорилго нь Модуныг Юэчжи нар гарцаагүй хөнөөнө гэсэн итгэлтэй нь холбоотой байсан гэдэг.

Гэвч Модун Юэчжигийн хааны хамгийн сайн морийг нь хулгайлж унаад барьцаанаас оргож, Хүннүд эргэж ирсэн. Ингэж шаньюйн ор залгамжлах ёсыг зөрчсөн Түмэнгийн мэх бүтэлгүйтжээ.

Эцгээ болон хамаатан садан, төрсөн дүүгээ хөнөөж шаньюйн суудалд заларсан Модун уг хэргийнхээ тухайд "Төрөө бодож, төрлөө тэвчсэн” хэмээн зүгээр ч нэг хэлчихээгүй хэрэг биз.

Модун шаньюй нь /Хятадын сурвалжуудад Модун шаньюйн нэрийг Маодунь хэмээн бичсэн/ МЭӨ 234 онд төрсөн. МЭӨ 209 онд эцэг Түмэн шаньюйг алсны дараа Хүннү улсаа удирдан хүчирхэгжүүлж, гүрэн байгуулсан. МЭӨ 209 - МЭӨ 174 онд тэр Хүннү улс, гүрнээ удирдсан.

Модун нь Хүннүгийн Сюйляньти овгийн хүн юм. Энэ овгоос Хүннүгийн шаньюйг өргөмжилдөг заншилтай байжээ. Түүнтэй холбоотой хэд хэдэн домог хятад сурвалжуудад хадгалагдан үлдсэн юм. Тухайлбал дуут сум бүтээсэн, түүгээрээ морь, хатан, эцэст нь эцэг шаньюйг харван алсан тухай.

Мөн "Газар бол улсын үндэс" гэдэг үгийг хэлсэн гэдэг. Манай их мэдэгчид сүүлийн үед энэ үгийг нь хожмын Ойрадын Галдан Бошигт хэлсэн мэтээр андуурах нь бий. Энэ мэтээр Модун шаньюйтай холбоотой мэдээлэл бүхэн сонирхолтой байдаг.

О.Хуяг
gereg.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх