Морин хуурын чуулгынхан ширэн цартай хуураар жигдэрчээ

Морин хуурын чуулгынхан фэйсбүүк хуудсандаа манай орны өвлийн байгалийн сайхныг илтгэх сайхан зургууд тавьжээ. Цав цагаан талд цэв цэнхэр тэнгэрийн дор морин хуурын чуулгынхан эгнэн суусан нь анхаарал татав. Шинэ уран бүтээлийн зураг авалт байх гэсэн сэтгэл төрж, тодруулахаар Морин хуурын чуулгын морин хуурч, Рэнчингийн Амарбаяртай холбогдлоо.

 

-Та нарын фэйсбүүк хуудсанд сайхан зургууд оржээ. Тэр шинэ уран бүтээлийн талаар тодруулах гэсэн юм?

-Албан ёсны зураг биш, энэ тухай өнөөдөр дэлгэрүүлж хэлмээргүй байна аа.

-Таны "Жингийн цуваа” нэртэй тоглолт болох гэж байгаа, энэ тоглолттой холбоотой зураг авалт биш үү?

-Үгүй ээ, тийм биш.

-Тоглолт нь хэзээ болно гэлээ дээ?

-Энэ сарын 28-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Өнөөдрөөс тасалбар борлуулалтад гарсан.

-Амарбаяр нэлээд хэдэн жилийн өмнө бие даасан тоглолтоо хийж байсан санагдана?

-2007 онд бие даасан анхны тоглолтоо хийж байлаа. "Жингийн цуваа” хоёр дахь нь.

-Энэ тоглолт өмнөхөөс минь ийм онцлогтой гэж тодотгож юу хэлэх вэ?

-Тоглолтод чуулгын хуурчид маань бүгд ширэн цартай хуураар тоглоно. Ардын голдуу уран бүтээл эгшиглэнэ. Ширэн цартай хуурын дуугаралт их өвөрмөц, чихэнд илүү наалдацтай сайхан сонсогдоно.

-Анхны тоглолтын хуурыг ямар хуур гэх вэ, модон гэх үү?

-(инээгээд) Энгийн буюу орчин цагийн хуур гэнэ л дээ. Монголчууд 1960-аад он хүртэл ширэн хуураар тоглосон. Ширэн цартай хуурын ая дан нь өөрчлөгддөг зэрэг шалтгаанаар орчин цагийн хуураар тоглож эхэлсэн. Сүүлийн таван жил би ширэн цартай хуураар тоглож туршилт хийсэн. Хөгжмийн том бүтээлүүд, дэлхийн сонгодгуудыг ширэн цартай хуураар тоглоход өөрчлөлт гарахгүй. Хувь хүмүүс ингэж тоглож байсан л даа. Харин чуулгаараа ширэн цартай хуураар тоглох гэж буй нь анхных юм. Манай чуулгынхан өчигдөр л шинэ хуураа авцгаалаа. Өнөөдрөөс бэлтгэлд гарсан. Сэтгэл их өндөр байна.

-Монголчууд хуураа дээдэлж хоймортоо залдаг, ганц нэг ая эгшиглүүлдэг болсоон. Ингээд асуухад ширэн цартай хуур энгийн хуураас илүү үнэтэй байх даа?

-Одоохондоо илүү үнэтэй л байна. Энэ нь урлаач цөөхөн байгаатай холбоотой байх даа.

-Морин хуурын чуулгынхан тус бүртээ хоёр хоёр хууртай болчихлоо, тийм үү?

-Тэглээ.

-За амжилт хүсье. Нэгдүгээр сарын 28-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт уулзъя.

-Баярлалаа.

-Аан тийн… тоглолтын тасалбар ямар үнэтэй билээ хө?

-Партерын суудал 30 мянга, бэльтажных 20 мянга…

 

Морин хуур хөгжмийн зэмсэг, хөгжимдөх урын сан зогсолтгүй шинэчлэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд үндэсний болон тив дэлхийн хөгжмийн шилдэг бүтээлүүдээр сонсогчдынхоо сонорыг мялааж байх нь Морин хуурын чуулгын үндсэн зорилго. Өнө эртнээс уламжилсан ширэн цартай эрдэнэт хуураа эдүүгээ цагийн хөгжмийн соёлын өргөн дэвжээнд сэргээн залж, мэргэжлийн өндөр түвшинд эгшиглүүлэх нь бас л тэдний үүрэг. Монгол үндэсний морин хуур, морин хуурчдын жингийн цуваа ийн хөвөрсөөр...

Эх сурвалж: Долоо хоног тутмын "Улаанбаатарын сонин"


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх