Б.Обама, В.Путинтэй хамт монгол нугараачийг онцлов

 

 

Г.Уянга

Оросын мэдээллийн хүчирхэг сайтын нэг ria.ru долоо хоног бүрийн онцлох гэрэл зургуудыг нэрлэдэг. Үйл явдал чухал байхаас гадна гэрэл зурагчны ур чадвар, торгон агшныг гэрэл сүүдрийн хэлээр хэрхэн яаж өгүүлэмжтэй буулгаснаар нь тодорхойлдог юм. Өнгөрсөн долоо хоногт ria.ru-гийн онцолсон зургуудын нэгд нь монгол бүсгүй байлаа. Унгарын Будапешт хотноо болсон Олон улсын циркийн 11 дүгээр наадмаас хийсэн сурвалжлагын гэрэл зурагт Монголын уран нугараачийн тэмцээний үеийн агшныг буулгасан байв. Тайлбар нь "Монголын жүжигчин Будапештэд болсон Олон улсын циркийн 11 дүгээр наадмаас хэвлэлийнхний саналаар олгодог тусгай шагналын эзэн боллоо”. Монгол нугараачтай хамт өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний жүдогийн бэлтгэл хийж байгаа зураг, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг Үндэсний конгресст төрийн тэргүүний хувьд сүүлийн удаа үг хэлж байх үеийн сонин агшнаас гадна энэ сарын 11-нд таалал төгссөн алдарт рок од Дэвид Боуид шүтэн бишрэгчид нь хүндэтгэл илэрхийлж буйг харуулсан, мөн Оросын өвөл, Японы охидын баяр, Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны гэхчилэн гучаад зургийг онцолжээ.

Энэ зургаас улбаалан монгол нугараачийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл олохоор Унгарт болсон олон улсын наадмын албан ёсны цахим хуудсаар зочилсон юм. Будапештийн наадам циркчдийн хувьд Монте Карлогийн дараа ордог чансаа өндөртэй тэмцээн аж. Энд түүнийг Хээжин /Heejin.D/ гэдэг нэртэй. 2010 онд Монте Карлогийн Циркийн наадмаас хүрэл цом хүртсэн, Мексик, Тайландын циркт ажиллаж байсан жүжигчин гэдгийг тодотгосон байна.

2010 онд Монакогийн Вант улсын Монте-Карло хотод зохиогдсон олон улсын циркчдийн "Premiere rampe” тэмцээнээс хүрэл цом хүртсэн уран нугараач Н.Номинтуяа, С.Үүрийнтуяа, М.Оюунсүрэн, О.Цэцэглэн, Б.Пүрэвдулам, Г.Нямгэрэл, Ж.Цэрэндулам, Ц.Хонгорзул, О.Уугантуяа нарт нийтэд нь 34.0 сая төгрөгөөр шагнасан тухай мэдээллийг интернэтээс олж болно. Тэгэхээр Унгарт Монголын нэрийг гаргаж тусгай байрын шагнал хүртсэн Хээжин эдний нэг байх. Юутай ч Монголын нэрийн хуудас болсон уран нугаралтаар дэлхийд эх орныхоо нэрийг дуудуулсан түүнд баяр хүргье.

Эх сурвалж: Долоо хоног тутмын Улаанбаатарын сонин 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх