“ХАН АЛТАЙН ДУУЛАЛ” ХЭМЭЭХ НЭГЭН СҮРЛЭГ ХӨШӨӨ ХОВДОД БОСОХ НЬ


“ХАН АЛТАЙН ДУУЛАЛ” ХЭМЭЭХ НЭГЭН СҮРЛЭГ ХӨШӨӨ ХОВДОД БОСОХ НЬ

 


 

Хойдын хотогойд мянгад Нямжавын СҮХДОРЖ

МЗЭ-ийн шагналт зохиолч

...Би гэдэг хүн, би ч бус, миний үеийнхэн буюу дөч тавиад оныхон цөмөөрөө орой болж мал хотолсны дараа ёстой л "...аргалын утаа бургилсан малчны бор гэр” – тээ, сүүмгэр дэнгийн гэрэлд үлгэр туульс сонсож өссөн дөө.

Анир буйдхан уулсын мухарт уянгат товшуураа хуруудан, аясаар нь үл мэдэг ганхасхийж, ямаан сахалтай өвгөн тууль хайлахыг сонсож суусан азтай хүү байснаараа одоо ч би бахархдаг аа.

...Арван таван толгойтой атгаалжин хар мангасыг, божгор бор даагатай тожгор бор хөвүүд сэтгэлийн хүч олныхоо дэмээр даран сөнөөж өөрөө их хүлэг баатар болон ард олноо амар жимэр болгосон тухай... нүдэнд харагдаж, сэтгэлд ургасан тэр л дүр зураг нэгэн жарныг элбэг туулсан миний зүрх сэтгэлд өнөөдрийг хүртэл өнгөт зураг шиг тод байна..

Миний үеийнхэн хар багаасаа л Хан харанхуй, Алтай Сүмбэн хүү ч юм уу? Жангар, Гэсэр, Чингис хааныхаа тухай балчир ухаандаа сэтгэлдээ ургуулан босгосон сайхан дүртэй болсон юм.

Нэг өдөр урианхайн мянгад элкэний үр сад, яруу найрагч, "Болор цом” – ын эзэн Хөөдөөгийн Эрдэнэбаатар дүү минь Ховдоос хотод ирж надтай тааралдаад нутаг нугын сонин хачин энэ тэрийг хүүрнэнгээ над сонин болгож, ...Манай Ховд аймагт "Хан алтайн дуулал” хэмээх хөшөө дурсгалын цогцолбор байгуулахаар болж, тэр хөшөөн дээр сийлэх үгийг нь надаар бичүүллээ... хэмээн их л омог бардам хөөрөв. Үүнээс хэдхэн өдрийн өмнө миний уран бүтээлийн анд Н.Пүрэвдагва бас энэ хөшөөний тухай "...Алтайн магтаалд зориулсан уулс туульсын тухай их сайхан хөшөө босох юм байна. Чи нутгийн хүн очиж үзээч...” гэхэд нь би зөвшөөрсөн боловч

"...За яах вэ уулсын дунд тууль хайлж байгаа, товшуур барьсан нэг өвгөн хүний зураг л байгаа биз...” гэсэн шүү юм бодоод нэг их тоохгүй өнгөрсөн юм.

Тэгээд Хөөдөөгийн хөвүүнд хандаж

"...За аль бэ? нөгөө хөшөөнийхөө шүлгийг уншаадахаач...” хэмээсэнд түүний царай нь гэрэлтэж, нүд нь очтроод ингэж дуудав...

 

...Эвхрээд суниасан цагаан үүлэн

Эргээд буухдаа сүүн цацал болсон

Зургаан зүйлс болон ертөнцийн явдал

Зуун уулсынхаа суварган оройг бүрхсэн

Эш үзүүлэгч мөнх хурмастын зулай

Этүгэн эх уужимлаа алтай минь

Зордогтой түмэн үрсээн

Зовлон үгүй амгалан байлгаж хайрлагтун

Эсурагийн хоолой чимэг шимт буянгаа

Ирэх сая сая жилдээ дүүрэн урсгаж хайрлагтун... хэмээн уншихад нь уул ус минь нүдэнд харагдаж, сэтгэл баахан хөдлөөд нөгөө голж шилээд буй хөшөөний эзэнтэй уулзахаар цохиж хүрлээ.

... Энэ цогцолборыг урлагч Монгол Улсын Төрийн соёрхолт уран барималч Л.Ганхуягийн тухай сураг төдий мэдэх боловч уулзаж явсангүй. Галдан бошгот хааны мэндэлсний 370 жилийн ойгоор Ховд хотод болсон Даншигаар наадмын асрын өмнө байрлуулсан Галдан хааны морьтой хөшөөнөөс адис аваад өнгөрөхдөө "...Энэ морьтой сайхан хөшөөг томруулаад аймгийн захиргааны өмнө байгаа Галдан хааны явган хөшөөний оронд залчих юмсан...” хэмээн хальт бодон өнгөрснөөс биш урласан эзнийг нь огт сонирхоогүй билээ.

Л.Ганхуягийн урланд нутгийн зохиолч Ё.Цэдэнбал, Д.Баатаржав хоёртойгоо хамт орлоо. Магадгүй, бид гурав зэрэг дуун алдаж, гайхан алмайрсан байх. Урлангийн эзэн суудалд суухыг урьсан хэдий ч өөрийн эрхгүй л нүд сэтгэл эзэмдээд явчих нь тэр ээ. Технологийн дагуу нимгэн, хөөсөн материалаар нэлд нь цуглаж ороосон, одоохон гараад "ургахад” бэлэн болчихсон энэ сүрлэг "эд” битүү байхдаа ингэж нүдэнд унаж байгаа юм чинь биежээд амилаад газар шороондоо очихоороо ямар сайхан харагдах бол... Би ингэж бодож нар зөв тойронгоо бүгдийг нь харж амжив. Энэ хөшөөг урлагч Л.Ганхуяг бидэнтэй дотноор мэндлээд цогцолбороо нэг нэгэнгүй тайлбарлалаа.

Үнэхээр бахдам юм аа...

Эш үзүүлэгч мөнх хурмастын зулай болсон ноён буурал алтайн цаст таван оргил дээр эх болсон зургаан зүйлс болон ертөнцийн явдал хамаг бүхнийг базалдуулан амилуулжээ.

...Наранд өргөсөн хорол тооноор туульсын аялгуу хүнгэнэх мэт болоод түүнийг сонсохоор ил далд ертөнцийн хамаг амьтан хуран ирж чихээ дэлдийлгэн сонсох мэт... Энэхэн цаг дор нэг ийм домгийг баринтаглаж явснаа өчсүү.

...Хүдэр баян хан Алтайдаа хоёр анчин гөрөөлж гэнэ. Хэдэн өдөр явсан боловч ан ав олдохгүй ганзага хоосон буцах болж гэнэ. Нэг орой хоёул унтахаасаа өмнө өвгөн анчин нь Алтайн эзэн алиа шонхороо магтан тууль хайлж гэнэ. Өвгөн анчныг тууль хайлахад тэр хавийн уул усны эзэд лус савдагууд бүгд ирж зарим нь мөрөн дээр нь, зарим нь чихэн дээр нь, нөгөө нь бүр сахал дээр нь сууж сонсож гэнэ. Нэг доголон эмгэн сүүлдэж ирээд суух газар олдоогүй тул туульч өвгөний хамар дээр сууж гэнэ. Залуу анчин нь үзмэрч юм байж л дээ. Тэр бүхнийг хараад тууль хайлахыг нь сонсоод сууж байтал туульч өвгөн найтайгаад орхитол хамар дээр сууж байсан доголон эмгэн хальтаард унаад орхиж гэнэ. Түүнийг харсан залуу анчин тэсэлгүй инээд алдсанд өвгөн туульч

-Хоёулханаа эзгүй хээр газар явж байж намайг шооллоо гэж уурлан туулиа цааш нь хайлсангүй гэнэ. Тэгтэл тууль хайлахыг шимтэн сонсож байсан лус савдгууд доголон эмгэнд уурлан

-Чамаас болоод энэ сайхан үг, аялгууг сонсож чадсангүй. Маргааш чиний хөл унаагаар анчдын ганзгыг мялаачихъя гээд тарсан гэнэ. Үнэхээр маргааш нь хоёр анчныг өглөө мордтол нэгэн халтар халиун буга тааралдсаныг агнаж аваад харьсан гэдэг. Энэ домгийг энэ цогцолбороос олж харав.

...Хамгийн оройд нь нарны эрч хүчний бэлэгдэл болох сүрлэг сайхан аргал, угалзан эврээ данхайлган алсыг анирлан зогсох нь амьд ертөнцийн бодит гоо сайхан хийгээд сүр хүчийг үзүүлэх мэт. Ганц эвэртэй ирвэс болон бусад ан амьтан, араатан жигүүртнүүдийг тус тусынх нь өнгө зүс, эрч хүч, зөн билэг, ер бусын хувилгаан ид шидтэйгээр цогцлоосон нь туульсын хэл дүрслэл, яруу эгшиглэнг амьд ахуйгаар нь уран сэтгэмжээр товойлгон сийлэн босгожээ. Чухамдаа дүрсээр илэрхийлсэн туульс гэдэг ийм л байдаг аж.

Хөшөө маань ийн урландаа бодитоор баригдаад дуусчээ. Үүнийг Монгол Улсын Төрийн Соёрхолт Л.Ганхуягийн удирдлага дор мэргэжлийн дөрвөн барималч бусад туслах ажилчин нийлээд арваад хүн дөрөвхөн сарын түрш шаргуу хийсэн аж.

Энэ Л.Ганхуяг дэндүү даруухан нэгэн санж. "Хан Алтайн дуулал” баримлын эх загварыг нь Чингис хааныхаа хөшөөг урлаж Лондон хотод байрлуулсан боловч дарангуйлагчийн хөшөө хэмээн адлагдан буулгагдсан манай буриадын нэрт барималч Намдагийн Даш \Даши Намдаков\ ирж үзээд ихэд талархан

-Би үүнийг үзээд үнэхээр сэтгэл хангалуун байна. Англид байгаа манай урланд очоорой хэмээн уриад явсан ажээ. Дэлхийн хэмжээнд танил болоод байгаа энэ монгол цустан манай Л.Ганхуягийг бас олоод харчихсан аж...

Багцаагаар хэлэхэд долоо гаруй метр өндөр, суур нь барилга \доор нь буюу суурь нь бүх төрлийн үйлчилгээтэй\ аж. Энэ гайхамшигт "ДУУЛАЛ” одоо яах вэ?

...Яг биднийг очиход ямар байсан, энэ л янзаараа эх загвараасаа хэв аван БНХАУ - ын хамгийн найдвартай хүрэл цутгуурын үйлдвэрт цутгуулаад түүнээс гарсан 10 гаран тонн жинтэй уг хүрэл хөшөөг төмөр замаар зөөвөрлөн Шинжиан - Уйгарын хязгаарт хүргэж, тэндээс нь засмал замаар тээвэрлэн Ховд хотод залж буурилуулах юм байна. Мэдээж энэ хөшөөг бүтээхэд чамгүй их зардал гарах нь дамжиггүй.

...Сонгуулийн сураг ойртон буй энэ завсар цагт урланд нь ирж үзээгүй атлаа сургаар нь сум хийх гэсэн зарим нэгний явуургүй явал санхүүжилтэд нь саад болж, бага биш хэдэн сарыг алдсанаа Төрийн шагналт Л.Ганхуяг харамсангуй хэлсэн юм.

Гэвч Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан болон Улсын Их Хуралд суугаа Ховд нутгийн эрхэм гишүүд нутаг усаа гэсэн халуун сэтгэлтэй олон хүмүүс дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр сэтгэл нэгдсэнд туулиас талархаад баршгүй.

Торгон мэдрэмж, хоёргүй сэтгэл, уран гар, уйгагүй хөдөлмөрөөрөө цогцлоон бүтээсэн Хан алтайн дуулал хэмээн нэгэн сайхан хөшөө Ховд хотод сүндэрлэн босох нь.

Уран барималч эрхэм дүүдээ уран бүтээлийн их онгод хийморь, их амжилт хүсэн ерөөж энэ бяцхан тэмдэглэлээ өндөрлөе.

Эх сурвалж: Долоо хоног тутмын Улаанбаатарын сонин

 

 

 

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх