Төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

 


 

 

Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар нэгдүгэр сарын 26-нд долоон сая доллар өртөгтэй буцалтгүй тусламжийн гурван төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Эдгээр нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын байгаль орчин ба иргэдийн амьжиргааг сайжруулах, Монголын алслагдсан баруун бүсэд сургуулийн дотуур байрны нөхцөл сайжруулах, Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төсөл юм.

Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төслийн гэрээнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Гантулга, Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Роберт Шоелхаммер нар гарын үсэг зурлаа.
Дээрх төслүүдийг Азийн хөгжлийн банкаар дамжин Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн эх үүсвэртэй Ядуурлыг бууруулах японы сангаас санхүүжүүлнэ. Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн бэлтгэл ажлыг хангах техник туслалцааны төсөлд нэг сая долларын санхүүжилт үзүүлнэ.

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат "Энэ нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл. Уг төслийн бэлтгэл ажлыг бүрэн хангахад шаардагдах санхүүжилтэд Японы Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлж буйд нийслэлийн удирдлагууд болон нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэдгийг онцолсон байна.


 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх