“Долоон буудал”-д сүндэрлэсэн “Эмон” төв


"Долоон буудал” гэж нэрлээд сурчихсан албан ёсны хаяг нэрээрээ бол нийслэлийн Чингэлтэй дүүргийн арваннаймдугаар хороонд нэгэн шинэ бүтээн байгуулалт дуусч өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийлээ. Энэ бол "Эмон Трейд” компанийн барьж байгуулсан худалдааны төв. Зургаан давхар бүхий энэ төвд хүнсний зах, бэлэн хувцас, банк гээд цогц үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх боломжтой болж байгааг "Эмон трейд” компанийн захирал Б.Энхбаяр хэллээ. Барилгын ажил өнгөрсөн жилийн зургадугаар сард эхэлсэн байна. Шилэн фасад бүхий зургаан давхар, орчин үеийн тохилог дулаан, агааржуулалтын системтэй, лифттэй, төвийн бохир цэвэр усанд холбогдсон шинэ барилга тус хорооны олон иргэнийг тохилог дулаан ажлын байртай болгож байгаа аж. Захын хорооллыг сонгосон шалтгаанаа "Эмон трейд” компанийн захирал Б.Энхбаяр "Би энэ дүүргийн унаган хүүхэд, нөгөө талаасаа хотын захад оршин сууж байгаа иргэд заавал хотын төв рүү явж худалдаа хийх шаардлагагүй, нэг доороос худалдаа үйлчилгээ хийх боломж бүрдүүлэхийг зорьсон” гэж тайлбарлалаа.

"Эмон” төвийн худалдаа үйлчилгээний талбай эхнээсээ эзэнтэй болсныг "Хаан” банк, "Жи Мобайл”-ын хаягаа хадсан хэсгүүдээс харж болохоор байв. "Манай обьект зургаан давхар, нийт 100 гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой. В1 давхарт хүнсний захын зориулалттай 41 лангуу, нэг давхарт "Хаан банк”, хоёр давхарт бүх төрлийн утасны операторууд болон худалдан авагч нарт зориулсан гар утасны жижиглэнгийн худалдаа явуулна. Гурав, дөрөвдүгээр давхарт бэлэн хувцас, тавдугаар давхарт ресторан гэх мэт үйлчилгээ үзүүлнэ. Нэг давхартаа 20 павильонтой, нийт түрээслэгч нарын 70 орчим хувь нь гэрээ хийсэн байгаа” гэдгийн энэ бүтээн байгуулалтыг хийсэн эзэн Б.Энхбаяр хэллээ.

Түрээсийн үнийн хувьд ч харьцангуй хямд тогтоосон байна. Учир нь түрээслэгч нарын олонхи нь энэ дүүрэгт амьдардаг улс тул тэдний төлөх боломжийг судлаж байж үнээ тогтоожээ. Тодруулбал, "Эмон” төвд нэг ам метр талбайг 20000-25000 төгрөгөөр үнэлэн түрээслэх боломжтой гэсэн үг аж.

-Эмон трейд” компанийн захирал Б.Энхбаяр Япон улсын Токио хотын Бизнес, эдийн засгийн сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн байна.

"Эмон трейд” компани 2012 онд Япон улсад байгуулагдсан бөгөөд гадаад, дотоод худалдаа эрхэлдэг. Автомашин болон машины сэлбэг импортолдог аж.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх