МУУР ЯАГААД УХААН ЖОЛООГҮЙ ЗУГТАВ

 


 

Азиз Несин

 

Ямар ч юманд өөрийн Яагаад байдаг. Үгүй ээ, энэ эхлэл нь болохгүй байна. Өгүүллэгийн гүн утгатай эхлэх учиртай. Жишээлбэл, "Хүн ямарваа сэтгэлийн хямралын дараа тайвшрах ёстой” гэж болно. Үнэнийг хэлэхэд энэ ч бас болсонгүй. Аугаа их мэргэн үгсийг аугаа их хүмүүс л хэлдэг. Ингэхэд би яагаад дандаа өөр өөрийгөө голж байдаг юм бэ. Би өгүүллэг болгоноо үүрд мөнхөрмөөр өгүүлбэрээр эхэлдэг. Гэтэл намайг ч, миний хэлсэн үгийг ч ойшоохгүй юм. Аугаа их хэмээгдэгч хүн онцгой юм хэлдэг гэж та нар бодно уу? Нэг их хүн "Зун халуун байдаг” гэж хэлсэн бий. Үүнийг нь амтай болгон л "Ээ тэнгэр минь, юутай хурц ухаан бэ, Ээ тэнгэр минь, юутай гүн утгатай үг вэ. Хүн төрөлхтөний хэдэн зуун жил эрж хайсан үнэнийг гуравхан үгээр гаргажээ гэдгийг бодоод үз л дээ” гээд хашгирдаг. Бас нэг аугаа хүн амьсгал хураахдаа "Хаалгаа нээ” гэж хэлсэн юм гэдэг. Үүнийг бүгд л шагшин шуугиж гайхацгаасан. Аяа, үүнд ямар их гүн утга багтаагаа вэ. "Хаалгаа нээ” гэсэн үгээр тэр их суут хүн хойч үеийнхэндээ зам заасан байна. "Хаалгаа нээ” энэ юу гэсэн үг вэ? Сайн бодоод үз. Энэ хоёрхон үгний утгыг нээх гэвэл тэвэр ном бичээд ч багадна. Тэр суут хүн хэлэхдээ... "За чухам юу гэж хэлсэн хэрэг вэ”. "Хүмүүсээ саравчиндаа илжиг шиг бүү шигдэцгээ, саравчныхаа хаалгыг онгойлго тэгвэл, эрдэм мэдлэгийн гэрэл гэгээ та нарыг гийгүүлнэ” гэсэн байна. Үгүй ээ "Хаалгаа нээ” нүдээ нээж ертөнцийг харцгаа. Өөрсдөө бүгэн тарчилж байгаа сэтгэлийн харанхуйгаас үсрэн гарцгаа гэж хэлсэн байна. Чухам үнэнийг хэлбэл, тэр аугаа их хүн амь тавин давчдахдаа эгэл жирийн хүмүүсийн нэгэн адил дотроо онгойлгох гэж л "Хаалгаа нээ” гэж гуйсан байжээ.

Ердөө л энэ.

Би насан эцэслэж, нөгөө ертөнцөд очихоороо давын өмнө Гётег олж уулзаад "Та амьсгал хураахын өмнө "Цонхны хөшгийг нээгээд жаахан гэрэл оруулаатах” гэж хэлсэн юм гэлүү? Энэ их учиртай үг байх, чухамдаа юу гэсэн үг юм бэ? гэж асууна.

-"Жаахан гэрэл оруулаатах” гэж би хэлсэн байна уу? Нээрэн үү? Нүд эрээлжлээд байсан, тэгээд хажуудаа байсан хүмүүсийг харах санаатай хэлсэн биз гэж Гёте инээмсэглэн хэлнэ гэдгийн би мэдэж байна.

Би замаар алхаж явлаа. Тэгтэл нэг байшингаас нэг муур муухай чарлаад ухасхийн гарав. Нүд ирмэхийн зуур шуртхийн далд оров. Тэр муур намайг гүн бодолд оруулав. Яагаад ингэж муухай дуугарав? Миний дээр хэлсэнчлэн ямарваа юманд өөрийн "Яагаад” байдаг. Игнэхэд муур яагаад өөрийн ухаан жолоогүй дутаав?

Одоо би та нарт өгүүлсүгэй. Бүгдийг дэс дараагаар нь ярья. Харин ямар хэлбэрээр эхлэхээ л мэдэхгүй байна. Ардчилсан зарчмаар доороос дээш нь үү, эсвэл манай дорно дахины уламжлалаар дээрээс доош нь ярих уу? За уламжлалаасаа ухраад ч яах вэ.

Энэ түүх ингэж эхэлсэн юм. Бүх сонин хуйвалдсан юм шиг нэг сайхан өдөр нэг сайд руу зэрэг дайрчээ. Сайд хязгааргүй гомдож, яахаа мэдэхгүй болов. Юу хийхээ мэдэхгүй, санаа сэтгэл нь үймрэхдээ зөвлөхөө дууджээ. Сайд асууж, зөвлөх нь хариуллаа. Дахиад юм асуухад бас л хариулна. Зөвлөх мэдэх бүхнээ шавхан хариуллаа. Сайдад сэтгэлийн бөөдийгөө гаргах далим огт гарсангүй. "Хүн сэтгэлийн ямарваа хямралын дараа тайвшрах ёстой” шүү дээ. Сайд гурав дахь удаагаа асуув. Даалгасан ажлыг хэрхэн гүйцэтгэснээ зөвлөх дэлгэрэнгүй ярилаа. Тэгтэл аянга буж гарав. Тэгэх ёсгүй байсан юм, огт тэгэхгүй тэгж хийж яаж болох вэ?. Болно, болохгүй, үгүй болно, болохгүй. Ингэсээр сэтгэл нь онгойж сайдын дотор уужрав. Зөвлөхөө нэг сайн загнаад гаргалаа. Тэгж л нэг тайвшрав.

"Хүн сэтгэлийн ямарваа хямралын дараа тайвшрах ёстой”. Зөвлөх одоо яах вэ? Огцрох уу?. Үгүй ээ. Яасан гэж огцрох юм бэ?. Тэгээд ерөнхий эрхлэгчээ дуудаж юм асуулаа. Цаадахь нь хариуллаа. Тэгэхээр нь ерөнхий эрхлэгчээсээ дахиад нэг юм асуув. Ерөнхий эрхлэгч нь хариулав. Дахиад нэг юм асуув. Дахиад л хариуллаа. Хариулах нь хариуллаа, гэхдээ хамгийн чухал юмыг орхижээ. За боллоо. Больё?. Зөвлөх нарийн бичгийн даргаа дуудаад,

-За бич гэж тушаав.

-Зөвлөх бичээчид зөндөө их юм хэлж бичүүлээд аяндаа тайвшрав. Ээ тэнгэр минь ингэж сэтгэлээ онгойлгоогүй бол зүрх нь дэлбэрэх байсан шүү. Тэгвэл гэрийнхэн нь ч сэтгэлийн хямралд орж баларна шүү дээ.

Одоо ерөнхий эрхлэгч яах вэ. Зөвлөхөөс аманд нь хийсэн гашуун үрлийг зүгээр залгих гэж үү? Эрхлэгч товчлуур дарж

-Зааварлагч Али-Бейг дууд гэв.

-Зааварлах ажлаар яваад 10 хонож байгаа шүү дээ.

-Тэгвэл Вели-Бейг.

-Гүйцэтгэе,

Зааварлагч Вели-Бей ирлээ.

-Эрхэм ээ та юу гэхсэн бол

-Чи өгсөн үүрэг даалгавар биелүүлсэн үү?

-Эрхэм ээ биелүүлсэн

-Цаадхыг нь

-Бас биелүүлсэн

-Аль вэ? Чухам яаж гйүцэтгэснээ ярь.

Вели-Бей өгсөн үүргийг хэрхэн гйүцэтгэснээ ярилаа.

Уг нь хийх хэрэггүй юм байж билээ л дээ. Шал хэрэггүй юм. Ямар амьтан танд тийм даалгавар өгдөг байна? Аюултай зөрчиж байгаа хэрэг шүү? Аллах тэнгэр минь.

Ерөнхий эрхлэгч учир зүггүй загнаж хашхичив. Санасанаа хэлж амраагүй бол татвалзан муужирч мажийх байсан шүү. Зааварлагч одоо яах вэ? Үг дуугүй тэвчих үү?. Үгүй ээ тэвчээд тус болохгүй.

-Ноён эрхлэгчээ?

-Сонсож байна.

-Өглөө би танд юу хэллээ?

-Өнөө өглөө юу? Юу ч хэлээгүй

-Яалаа гэж? Хэлсэн л байж таарна

-Өнөө өглөө би таны барааг харсангүй.

-За тэгвэл өчигдөр өглөө байх

-Өчигдөр таны бие барагтайхан байсан.

-Тэгвэл уржигдар өглөө л дөө?

-Тиймээ, .. Та... Юу гэж хэлсэн ...

-Тэгнэ ээ тэр хэлсэн л байх ёстой? Чухам юу гэсэн бэ? Яагаад тэрнийг биелүүлсэнгүй вэ?

Ажил хэрэгт ингэж хандаж болохгүй дээ. Та ойлгож байна уу? Болохгүй Би ... шийдвэртэй... хориглож байна.

Эрхлэгчийн царай барсхийгээд явчхав. Гэвч " Хүн сэтгэлийн ямарваа хямралын дараа тайвшрах ёстой”

-Орлогчийг дууд

-Гүйцэтгэе

-Эрхлэгчийн орлогч ирэхэд,

-"Д” мэдээг бөглөсөн үү гэж эрхлэгч асуув.

-Бөглөсөн эрхэм ээ.

-Бүрэн бөглөсөн үү?

-Бүрэн.

-Хуудсуудыг нь үдсэн үү?

-Үдсэн.

Үгүй мөн нямбай, цэгцтэй хүн ээ?

-Явуулчихсан уу?

-Явуулчихсан.

Үгүй мөн ажлаа сайн гйүцэтгэдэг хүн ээ

-Хэзээ тэр вэ?

-Өчигдөр

-Юу- у-у Өчигдөр ий? Яаж оронцоглож байгаа нь тэр вэ? Задарч гүйцжээ бүр ажлын ямар арга хэлбэр юм бэ энэ чинь? Ажиллах хэрэгтэй ажиллах. Өдөр бүр би шаардаж байна. Та нар ойлгож байна уу, намайг?

Аяа санасанаа нэг хэлээд авахаар дотор яасан сайхан уужирдаг юм бэ. Орлогч эрхлэгч тасгийн даргын өрөөнд оров. Уухилан амьсгаадаж,

-Наадах чинь юу юм бэ гэв

-Санхүүд явуулах баримт.

-Аа тийм бий. Мөн дөө. Одоо хүртэл явуулаагүй энд хөглөрүүлж суугаа бий... тэгээд бас... хэмээн зандрав.

Орлогч эрхлэгчийг гармагц тасгийн дарга уур хилэн бадруулан ширээ шааж,

- Хасан-бей хаана байна гэв

- Хасан-бей? Хоёрдугаар газрын Хасан-бей юу? Тоо бүртгэгч Хасан-бей юмуу? Бүртгэх газар бас нэг Хасан-бей бий. Нарийн бичгийн газрын Хасан-бей юм болов уу?

- Аль нэгийг нь чирээд ир, энд! Хэн тааралдсаныг нь... Нарийн бичгийн газрын Хасан-бейг над дээр дуудаатах!

-Эрхэм ээ, завсарлах хонх дуугарсан болохоор цайндаа явсан.

-За тэгээд чамайг хэн гэдэг вэ хө?

-Хюсейн.

- Хюсейн ч бай Мюсейн ч бай надад ямар ялгаа байна? Та нар ер нь тэнд... гээд л тасгийн дарга арван минут тачигнав. Тэгээд тайвширч, ум хумгүй алга боллоо. Хөлөг онгоц зогсоол дээр ирээд ингэж уурхирдаг бил үү?

Хюсейн бей ажилтан руугаа давшлав. Цонх яагаад ийм заваан байна.? Таазанд яагаад аалзны шүлс байна? Ширээ яагаад тоостой байна? Шал яагаад угаагаагүй байна тэвчихгүй шүү! Ойлгов уу? Гүйцээ!

Хюсейн бей эндээс тайвшраад гарлаа. Өвөл өнгөрөхөөр үстэй дээлээ тайлаад чулуудахад нэг сэгхийгээд явчихдаг шиг хөнгөрөөд ирэв.

Ажилтан цэвэрлэгчдээ ёстой нэг бууж гаръя гэж бодож ирвэл цаадахь нь гэртээ харьсан байлаа. Одоо яах вэ? Хүн аливаа сэтгэлийн хямралын дараа ямар ч байсан тайвшрах ёстой.

Ажилтан трамвайд суулаа.

-Хөл дээр гишгэчихлээ. Наад майжиг тавхайгаа мэдэж гишгэж байгаач гэж хажуугийн хүнд агсрав.

Хажуугийн хүн нь дуугарсангүй. Мөнгө хураагч ирээд, Билетээ аваарай! гэв.

-Чи энэ чихэлдээд байгааг үзэхгүй байна уу? Нэг гар хавчуулагдаад хөдөлж болдоггүй, нөгөө нь атгаастай... Хөдөлж болохгүй байна, мөнгөндөө хүрэх боломж алга! Буухдаа л өгье.

-Тэгж болохгүй ээ!

-Яагаад тэр билээ?

-Болохгүй ээ! Билет шалгаад унавал яана? Тэгэхээр яах вэ?

Бөөн хэрүүл шуугиан болов. Албан хаагч уураа гаргах хүнээ олжээ.

Мөнгө хураагч ээлжээсээ буугаад харив. Эхнэр нь инээмсгэлэн угтлаа.

-Чи юундаа ярзайгаа вэ? Эр нөхрийг чинь дуртай хүн амныхаа зоргоор хараан зүхэж байхад чи...гэж мөнгө хураагч бархиран эхнэрээ нэг сайн балбаад ширээндээ сууж тайван хооллов.

Эхнэр нь усан нүдлээд хоцров. Хөлд нь муур эргэлдэнэ. Бүсгүй муураа шүүрч аваад нуруун дээрээс нь хоёр гурав чимхээд авав. Муур муухай чарлаад гадаа давхиж гарав.

Мөнгө хураагчийн эхнэр нөхөртөө наалдав. Уйлж турхирсаны дараа улам л хайртай болдог хойно доо. Хоёулаа тайвширчээ. Юм болгон өөрийн учиртай. Сонинууд сайдыг бангадаагүй бол хөөрхий муур ингэж гудамжинд давхиж гарахгүйсэн. Хүмүүс аргаа олоод өөрсдийгөө тайвшруулдаг юм байна. Харин муур л хөөрхий... миний хажуугаар сүүлт од шиг л харваад өнгөрсөн, тайтгарч чадаа болов уу, яагаа бол, бүү мэд.
Эх сурвалж: Долоо хоног тутмын "Улаанбаатарын сонин"

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх