“Утга зохиолын гүүр: Бие биедээ ойртохуй” олон улсын форумыг Монгол Улсад зохион байгуулж буйн нэг гол зорилго нь Оросын нэрт аялагч, Дорнод Сибирь, Алс Дорнодын судлаач, зохиолч В.К.Арсеньевийн нэрэмжит “Алс Дорнод” уран зохиолын шагналын талаар танилцуулах юм.
Владимир Клавдиевич Арсеньев Уссурийн бүсийн уулархаг бүс нутгийг судлах хэд хэдэн экспедицийг удирдаж байсан бөгөөд Амур мужийг судлах нийгэмлэг, Оросын эзэнт гүрний газарзүйн нийгэмлэг, Вашингтоны үндэсний газарзүйн нийгэмлэг болон бусад олон шинжлэх ухааны байгууллагуудын бүрэн эрхт гишүүн юм. Тэрээр зохиолчийн хувьд өөрийн найз, хөтөч Дерсу Узалагийн хамт Уссурийн тайгад хийсэн экспедицийнхээ тухай өгүүлдэг “Уссурийн бүс нутгаар”, “Дерсу Узала” хэмээх адал явдалт номоороо алдартай. “Дерсу Узала” хэмээх бүтээл дэлхийн олон хэлээр орчуулагдсан бөгөөд газарзүй, угсаатны зүйн уран зохиолын сонгодог бүтээл болон өнөөг хүртэл дэлхийн уншигчдын сонирхлыг татсаар байгаа юм. Тэр ч утгаараа Арсеньевийн уран бүтээлийн өв, ялангуяа түүний бүтээлд дүрслэгдсэн Дерсу Узала хэмээх газарчны дүр нь Орос болон Ази–Номхон далайн бүс нутгийн улс орнуудын соёлын яриа хэлцлийн чухал хэсэг хэвээр байгаа билээ.

Арсеньевийн “Уссурийн бүс нутгаар”, “Дерсу Узала” хоёрыг нь нэгтгэн “Дерсу Узала” киног 1961 онд Оросын найруулагч Агаси Бабаян бүтээсэн. Уг кинонд Арсеньевийн дүрийг жүжигчин Адольф Шестаков бүтээж Дерсу Узалад Касым Жакибаев тоглосон. Үүнээс 14 жилийн дараа дэлхийд алдартай Японы найруулагч Акира Куросава “Дерсу Узала”-гаар дэлгэцийн бүтээл хийж улмаар “Оскар”-ын шагналыг гадаад хэл дээр шилдэг кино номинацаар хүртэж байжээ. Акира Куросава найруулагчийн хэлснээр уг кинонд Зөвлөлт засгийн үеийн цензурын улмаас Арсеньевийн номноос хасагдсан хэсгийг ашигласан гэдэг. Түүнчлэн Арсеньевын “Тайгаар дамжин”, “Сихоте-Алины нуруунд” романууд ч алдартай.

В.К.Арсеньевийн нэрэмжит “Алс Дорнод” уран зохиолын шагналыг 2019 оноос Алс Дорнодын тухай орос хэл дээр бичсэн шилдэг бүтээлд олгодог болсон бөгөөд уг шагналыг бий болгох санаачилгыг сэтгүүлчид гаргаж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойргийн бүрэн эрхэт төлөөлөгч Юрий Трутневт санал тавьснаар бодит ажил хэрэг болжээ. Алс Дорнодын сэдэвтэй орос хэл дээр бичсэн уран зохиолын бүхий төрлийн бүтээлүүдийг тодорхой номинациар тодруулан ялагч бүрт хагас сая рублийг олгодог юм.
Тиймээс монгол зохиолчид Алс Дорнодын ард түмний амьдрал, байгаль экологи, соёл уламжлал, хөгжил, ирээдүйн талаар бичиж энэхүү шагналын төлөө өрсөлдөх боломжтой гэдгийг “Утга зохиолын гүүр: Бие биедээ ойртохуй” олон улсын форумыг зохион байгуулагчид танилцуулсан.

