Дэлхийн хамгийн том талбайтай худалдааны төв хаана байдаг вэ. Саяхныг хүртэл энэ тодотгол Арабын Эмиратын Дубайд хамаатай байсан. Тэгвэл өдгөө “Дубай молл”-ыг давсан том худалдааны төвүүд бий болж энэ жагсаалтыг 2018 оны тавдугаар сард нээлтээ хийсэн “Иран молл” тэргүүлж буй аж. Ираны нийслэл Тегераны энэхүү худалдааны төвийн ашигтай талбай 1 950 000 м.кв. Худалдааны төвийн долоон давхар байгууламж руу орж гарах 52 гарцтай, дотор нь дэлхийн нэртэй брэндүүдийг 700 хол давсан дэлгүүр ажилладаг зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр “Иран молл” Гиннесийн номд орсон. Түүнчлэн энд сонирхсон машинаа унаж, хүч чадлыг нь бодитоор сорьж болох талбай бүхий авто худалдааны төв, цэцэрлэгт хүрээлэн, лалын шашинтнууд мөргөлөө үйлдэж болох сүмийн байгууламж, алдартай иран хивс, самар, хатаасан жимс, эртний эдлэл, нутгийн гар урчуудын бүтээл гэхчилэн ногоон хурганы арьс, нохойн битүү туурайг санал болгож мэдэх перс зах бий. Мөн “Иран молл”-д 15 төрлийн спортын талбай, “Номын цэцэрлэг” нэртэй 67 мянган ном бүхий номын сан ажилладаг. Худалдааны төвийн дотор байгуулсан хиймэл нуурын эрэгт амарч тухалж болно. Хамгийн гол нь өөр хаа ч байхгүй нэг зүйл нь хөгшдийн асрамжийн төв. Худалдаа, шашин, соёлын уламжлалт үйл ажиллагааныхаа зэрэгцээ 300 өндөр настныг асарч халамжилж байдаг аж.
Дэлхийн ТОП 10 худалдааны төв
1.Iran mall /Иран, Тегеран/ 1 950 000 м.кв
2.IOI City Mall /Малайз, Путражаи/ 821 000 м.кв
3.South China Mall /Хятад, Дунгуан/ 659 000 м.кв
4.Isfahan City Center /Иран, Исфахан/ 650 000 м.кв
5.SM Mall of Asia /Филлипин,Пасай/ 589 891 м.кв
6.SM Tianjin /Хятад, Тяньжин/ 565 000 м.кв
7.Golden Resources Mall /Хятад, Бээжин/ 557 419 м.кв
8.Central Plaza West Gate /Тайланд, Нонтхабури/ 550 278 м.кв
9.Central World /Тайланд, Бангкок/ 550 000 м.кв
10.Iconsiam /Тайланд, Бангкок/ 525 000 м.кв