Бадрангуй урлаг

ДОЛЯ, СОЛЯ ХОЁР

“Өнөөдөр” сонин, 2007.01.22

Би өвөө болохгүй ээ

Соля охин таван настай. “Солнышка” цэцэрлэгт гурав дахь жилээ явж буй. Энэ жил сургуульд оруулах эсэхээ Доля аав хараахан шийдээгүй байна лээ. “Би бол долоон настайдаа орсон юм” хэмээн аав дурсамж хэлэв. Найз нөхөд нь урлагт хайртай Б.Долгионыг Доля хэмээн дотносдог юм гэлээ. 

“Миний охин дуучин Сараагийн төрсөн өдрийн наана билүү, цаана билүү, их л ойрхон төрсөн юмдаг. Сараагийн төрсөн өдрийн тоглолтын үеэр Сосорбарам намайг өвөө боллоо гэж анх зарласан” гэлээ. “Би өвөө болохгүй ээ” гэхэд гэргий нь хөөрхөн шар охин төрүүлж өгч. Тэр нь энэ бяцхан Соля. Долягийн ганц бурхан бололтой. Заавал танай гэрт тухалж сурвалжилга авна гэхэд тэр Гүнт дэх зусландаа ээжтэйгээ салхинд гарсан охиныг авчруулчихсан байгаа юм. Цэвэр агаарт байлгаж байхгүй дээ гэхэд “Охинтойгоо зургаа авахуулах гэсэн юм” гэлээ. 

-Соля, чиний жинхэнэ нэрийг хэн гэдэг юм бэ?

-Төгснаран.

-Өнөөдөр яагаад цэцэрлэгтээ яваагүй юм бэ?

-Амралтын өдөр.

-Цэцэрлэгт явах гоё уу, ээжтэйгээ гэртээ байх нь гоё юм уу?

-Цэцэрлэг гоё.

-Миний дүү аавдаа хайртай юу, ээждээ юү?

-Хоёуланд нь…

Төгснаран охин биднийг тэднийд байх цаг гаруйхны хугацаанд гурван ч туфль сольж гангарлаа. Дуу цөөтэй даруухан, бас их зөөлхөн Соля чимээгүйхэн том өрөөнөөсөө гараад явчихсан шигээ гутлаа сольчихоод бас л чимээгүйхэн ороод ирнэ. Зурагчин эгч гоё гуталтай зургийг минь авч байгаа болов уу гэж л бодоод байгаа бололтой. Гэрэл зурагчин Т.Чимгээ эгчээс минь нүд салгахгүй ширтээд байлаа. Яах аргагүй л охин хүүхдийн зан даа. 

-Миний хэнз охин чинь бага ахыгаа 21-тэйд гарсан юм. Том хүү минь Германд. Тэр одоо 33-тай. Эхнэр бид хоёр 33 дахь жилдээ ханилж байна. Дараагийн охин 32-той.

-Аавыг андуураад олон түмний өмнө өвөө боллоо гэж зарлаж шараа болгосон байна шүү?

-Харин тийм. Олон хүн “Өвөө болсонд баяр хүргэе” гэж утасдаад болдоггүй. 

-Охин чинь цэцэрлэгтээ явах дуртай юм аа?

-Өглөө эрт сэрээд л явна гэдэг юм. Явахгүй бол уйдна л даа. Бид гурав л энд байдаг юм. Би ажил гээд орой аажуухан ирнэ. 

Хөгжмийн зохиолч Б.Долгионы гэргий С.Сэлэнгэ өнгөрсөн бямба гаригт эзгүй байлаа. Зусланд гарсан гэсэн. Ер нь амралтын өдрөөр Долгионыхон микрээ орхиод Гүнтэд өнждөг гэнэ. Хотын их утаанаас хэсэгхэн ч атугай холдох таатай. Ар гэрийн хамаг ажлыг жин тан болгодог гэргий эзгүй тул манай баатар том охиноо, хүргэнтэйгээ дууджээ. Зочдын цай, хоолыг бэлтгэ гэж лүндэн буулгасан бололтой. Хүргэнийх нь тэднийтэй зэргэлдээ шахуу байранд амьдардаг гэсэн. Охин аавдаа кофе аягалж өгөөд, “таны саахар хаана байгаа юм” гэж асууж байна лээ. Тэр тусгай “юм” хэрэглэдэг бололтой. 

-Зарим хүн хөгжмийн зохиолч Долгион гэнэ, зарим нь ая зохиогч гэнэ?

-Би ямар мэргэжлийн сургуулийг нь төгссөн хүн биш. Ая зохиогч гэж дуудуулах дуртай. 

-Ая зохиогч, “Инээмсэглэл”-ийн Долгион л гэх. Ингэхэд та юу хийдэг хүн бэ?

-STV-ийн ерөнхий захирал. Анхны олон сувагт телевиз шүү, манайх. Уг нь би сэтгүүлч. “Новости Монголии” сонинд хянагчаас ерөнхий эрхлэгч хүртэл нь ажилласан. 

Энэ өдөр аавдаа тусалсан том охин нь багадаа Хөгжим бүжгийн коллежид сурч байж. Төгөлдөр хуур нь аавынх нь том өрөөнд байна лээ. Доля л “Ерөнхий эрдэм сурахгүй байна” гээд жирийн сургуульд шилжүүлсэн гэнэ. Аав одоо бага охиноо тэр хуучны төгөлдрийн эзэн суулгаад урлагийн хүн болгох хүсэлтэй. “Манай энэ жаахан урлагийн хүн болно доо. Авьяас нь их хурц байх шиг байгаа юм” гэлээ. Охин телевизийн хөгжмийн суваг үзэх дуртай, байнга л үзээд суудаг юм. Хип хоп болоод рок попынхны дууг хэдийнэ л сурчихсан гүйж явдаг тухай бас хөөрөлдлөө. 

“Сонин юм аа. Манай хүүхэд зурагт асаахаар мэдээ үзье гэдэг юм” гэсэнд Доля аав элгээ хөштөл инээснээ “Тэгвэл орчин нь нөлөөлдөг юм байна л даа” гэлээ. Гэхдээ тэр охиноо энэ хавраас Хөгжим бүжгийн коллежид багшилдаг найз нартаа шавь оруулна гэсэн. 

Солягаас болоод тэр байх. Бид хүүхдүүдийнхээ тухай удаан хуучиллаа. Бага хүү нь өнгөрсөн пүрэв гаригт Москва нисчээ. Тэр ер нь тэнд амьдардаг бололтой.  Нэр нь Тэнгэр. Тэнгэр өвөө, эмээтэйгээ их “ходий” байж. Тэгээд ч тэр үү өнөө гурваасаа илүү хашир, жаахан санаатай, ер нь их айхавтар жаал байсан тухай аав ахин дахин дурслаа. Арай тав хоноогүй байхад нь хүүгээ санасан юм биш биз дээ. Нууц нь Соляг гартал Тэнгэр эрхэлсэн байж тайлагдлаа. 

Хүүхдүүдийнх нь нэрийн учрыг тайлж ядах юмгүй юм. Манай зочны хадам аав Н.Сэр-Оджав гэж археологич байж.  Тэр зээ хүүдээ Тэнүүн гэж нэр хайрлаж. Доля охиноо төрөхөд ахынх нь нэрийн эхний үсгийг ханьсуулж Тэнгисмаа гэж нэрлэж. Бага хүү нь Тэнгэр. Хэнз охиноо гарахад нь бас нэгэн “Т” хэрэгтэй болж охиныхоо баруун чихэнд гурван удаа Төгснаран хэмээн шивнэжээ.

“Зурагт асаахаар л Долгион…”

“Уг нь би сурвалжлагчдаас их зугтаадаг юм аа” гэв. Гэхдээ тэр баригдчихаад байдаг гэнэ. Зарим найз нь манай баатрыг шүүмжилнэ. “Зурагт асаахаар л чи сууж байх юм” гэж. Бас болоогүй ээ “Өнөө л юмаа яриад” хэмээн дургүйлхдэг гэнэ ээ. Бид бас энэ тухай хөөрөлдлөө. Зурагтаар юу ярьдаг тухай нь уншигчдадаа сонирхуулахгүй байж мэдээж болохгүй. Долгионыг зурагтаар олон ярихдаа цааргалдаг гэж бодсон эндүүрэл байлаа. 

“Би яримаар байдаг юм аа” гэж тэр үнэнээ хэлэв. “Рок, поп урлагийн түүхэн замналыг ярьж баймаар байна шүү дээ. Өнөө өглөө л гэхэд Ухнаа гуайг суулгаж байгаад ярилаа шүү дээ. Ухнаа гуай чинь амьд домог” гэлээ. Ер энэ сэдэв рүү дэмий ч оров уу. “Рок хөгжмийн судалгаа үнэндээ хаягдсан. “Чингис хаан”-ы Жагаа ёстой хөдөлмөрч. Тэр л хийж байна даа. Бид хоёр санал их нийлнэ ээ. 

Рок хөгжмийн тольтой болъё гэж ярилцаж байгаа. Мэддэг зүйлээ бусадтай хуваалцах яагаад муухай гэж. Энэ жил би бүр их ярина. Рок, поп хөгжмийн урлаг 35 нас хүрч байна. Бүтэн жилжин арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн. Манайхан зах зээлийн хэцүү үеийг аятайхан даваад гарчихлаа шүү дээ. Зарим хүмүүс дургүй л дээ, үнэн. Энэ хэдэн худлаа онгирсон юмнууд гээд л… үнэндээ бол манай рок попын хэд хөөрхөн л байгаа байхгүй юу… Урсгаж гарах нь ээ. 

“Би хопчидтой ч найз. Эдний холбооны Баавар бид хоёр их дотно. Хип хопчдын цугларалтад намайг урина. Өнөө орой л гэхэд зургаан цагаас “Hi Fi 9.89”-ийн хоёр жилийн ойн урилгатай. Альтернативчууд цуглах юм. Тэнд нь өвөө царайлаад суугаад байна даа. Гоё юм үздэг юм аа. Урлаг намайг их залуу байлгадаг. Манай найз нарын хүүхдүүд надад хэлдэг юм манай аав, ээж хоёр хөгжим мэддэггүй гэж ховлоно. 

-Та хэдэн настай вэ?

-1955 оны тавдугаар сарын 8-нд төрсөн. Одоо 52-той. Хий настайгаа бол 53. Эрийг нас уулыг цас дарна аа гэж. Хорвоо ертөнцийн жамаар явж л байна. Гэхдээ би хөгшрөхгүй гээд зууралдаад үзээд байгаа юм. Хит дуу, шинэ стилиэс хоцрохгүй байхыг л хичээнэ. 

-Цагаан сар тэмдэглээд томоо гэгч ууцны хойно хадаг бариад суух нас болжээ.

-Рок, попынхон дундаа хамгийн хөгшин нь би байх шүү. Сар шинээр ярайтал нь эгнүүлж зогсоогоод үнсдэг л нас. Би цагаан сар хийхгүй ээ л гээд байгаа. 

-Та “Инээмсэглэл”-ийн басс гитарчин. “Зэвсгүүдийг” чинь сонирхож болох уу?

-Тэнгисмаа, аавынхаа гитаруудыг аваад ир дээ. Надад ёстой ёоз ёозоороо байгаа. Эднийгээ үзүүлэх дуртай. Ёстой загатнасан газар маажих шиг боллоо. 

Тэр дахиад л хөврүүлж гарлаа. Энэ их чухал гитар, ажлын гитар л даа. Аяа зохиодог юм. Японых. Төгөлдөр хуурын ард цөөхөн сууна шүү. Энэ бас сайн гитар “Болор”-ын Оргилоос авсан юм. Тэр сайн хөгжимчин. Үүнийг бол манай “Инээмсэглэл”-ийн Ганхуяг миний төрсөн өдрөөр бэлэглэсэн. Харин энэ бол Америкийнх. Нэг хамтлагийг бүрэн зэвсэглэмээр эд байгаа биз. Даанч би хүнд өгөх дургүй. “Ибанез”-ыгаа “Харанга”-ын Одсүрэнд би бариулна шүү. Монгол хүн морио гэдэг шиг би гитараа гэдэг. 

Ач охинд минь Моцарт сонсгоорой

-Гитар хөгжмөөс гадна та уран зураг сонирхдог бололтой?

-Тийм ээ. Гэрт байгаа минь цөөхөн хувь нь. Байр жаахан давчдаад бүгдийг нь өлгөж чадахгүй юм. 

-Хамаг сайхан жаазыг Солягийн зургууд эзэлжээ?

-Аргагүй ээ. Энэ чинь миний бурхан. Энэ амьдралаа охиндоо зориулъя гэж бодож байгаа. Бусад нь яах вэ, том болоод нисээд явцгаасан. Үр хүүхдийнхээ төлөө амьдрах юм даа. Эхнэр бид хоёр хүүхдүүдээ байр савтай болгочихоод эндээ амгалан байх зарчмаар амьдардаг. 

Долгион аавын зарчим “Даруу зан хүнийг чимнэ” хэмээсэн А.Чеховын сургаал. Энэ үг түүний ааваасаа өвлөсөн лоозон нь. Одоо үүнийг хүүхдүүддээ хэлдэг. Бас даруухан бай гэж сургана. Зочны маань хамгийн том зорилго бол хүүхдүүдээ боловсролтой, мэдлэгтэй болгох. “Орос боловсрол” гэж тэр олон хэлсэн. Москвад нэгдүгээр ангид орсон, тэнд 17 жил амьдарсан болоод тэр биз. 

“Долгион хүүхдүүдийн толгойд юу хийв” гэдэг улсдаа оруулах том хөрөнгө оруулалт. “Мөнгө л олдвол хэнз охиныхоо толгойд яаж мэдлэг хийх вэ” гэж бодно. “Эрдэм номтой хүнээс илүү баян гэж хорвоод байхгүй, хөрөнгөтэй байх ямар ч сонирхол алга” гэж ширүүхэн хэлээд кофеноосоо балгалаа. 

Өнгөрсөн зун Долгион яах аргагүй өвөө болжээ. Ач охин нь Германд төрсөн. Том хүүдээ “Миний ач охинд Моцарт л сонсгож байгаарай” гэж аминчлан захиж гэнэ. Саяхан хүүгээс мэйл иржээ. Тэнд “Таны ач охин Моцарт сонсохоороо бөх бат унтдаг болсон. Харин дэргэд нь чангахан яривал л дургүйлхэж байна” гэжээ. 

“Рок хөгжимчин ч Моцартыг сонсдог, Дамдинсүрэнг мэддэг л байх ёстой” гэж аав хариу бичжээ. Соля бас Моцарт сонсон өсөж буй. Аав, өвөө багадаа симфони сонсож өсжээ. Зочныхоо бага насны амьдралын тухай энд дурдалгүй үлдээе. Тэр 40 мянгатад өнгөрүүлсэн бага насныхаа тухай ном бичнэ гэж амласан. 40 мянгатын “Битлз”-ээр өвчилсөн хүү 1974 онд “Микро”-д хүргэн орсон гэнэ. 

Ярилцаж суух зуур Б.Долгион кофеноос өөр зүйл уусангүй. Та цай уухгүй юм уу гэхэд “Ах нь нэг үе хар ус хүртдэг байлаа. Эрт больсон. Пиво ч уухгүй. Хүнд кайф авдаг зүйл байх учиртай юм билээ. Минийх бол кофе” гэлээ. 

-Бас тамхи?

-Тийм ээ. Их татаж байгаа биз. Тамхинаас нэг гараад л, буцаж ороод л байдаг юм. Олон гарч, орсоон. 

-Та хообийдоо дэндүү үнэнч юм аа. Хөгжим энэ тэр гэж гүйгээгүй бол таны нэр хүнд бүр илүү ч байж болох байсан даа?

-Зүгээр ээ, харамсдаггүй. 

-Ажил, урлаг хоёрыг хослуулаад явах хэцүү. Та алинд нь илүү сонирхолтой вэ?

-Урлаг аргагүй л илүү хүчтэй дээ. 

Бидний уулзалт өндөрлөлөө. Доля, ганган Соля хоёр биднийг үдсэн. 

admin

About Author

Бусад мэдээ

Бадрангуй урлаг

Take a Look Back at the Most Absurd Carpet Ever

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Бадрангуй урлаг

Will The Demo Crats Be Able To Online Gambling Ban Done!

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected