Гол мэдээ Нийгэм

Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй юм бол хууль байгаад хэрэг байна уу, УИХ-ын дарга аа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танаа хүргэх нээлттэй захидал

Нэг.

 Уг Элэг судлалын клиник төв нь 1991 онд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны шууд харьяанд, БНМАУ-ын Эрүүл мэндийн яамны сайдын тушаал, Хотын даргын хамтарсан захирамжаар байгуулагдаж, 2008 оны есдүгээр сарын 8-ныг хүртэл Хотын дарга уг эмнэлгийн захирлыг томилох чөлөөлөх эрхийг хэрэгжүүлж байсан. Харин Мэргэжлийн удирдлагын баг нь Улсын Их хурлын 56, Засгийн газрын 34, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 128, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 73 дугаар тогтоолын дагуу Улсын хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, Нийслэл хоттой 2008 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй менежментийн хувьчлалын гэрээг албан  ёсоор гурван жилийн хугацаатай байгуулан ажиллаж, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2012.01.17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Хангалттай” гэж дүгнэгдэж дууссан. Мэргэжлийн удирдлагын баг 2008 оноос хойш 16 жилийн турш УАУ-ны ЭСКТөвийн үйл ажиллагааг удирдах үүргийг гүйцэтгэж, Эмнэлгийн гүйцэтгэх захирлыг хуулийн дагуу 2012 онд томилон ажиллаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар уг Клиник төвийн гүйцэтгэх захирлыг томилох эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд байгуулагдсан цагаас нэг удаа ч томилж, чөлөөлж байсан удаагүй билээ.  

Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хатанбаатар болон Гүрбазар нар Элэг судлалын клиник төвийн удирдах албан тушаалаас халагдах тушаал сонссон ч зугтсаар буй” гэж баахан худал ташаа мэдээлэл түгээсний ард Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга шинээр гүйцэтгэх захирал томилсон тушаал гаргасан. Энэхүү хууль бус шийдвэрийг  нь хүлээн зөвшөөрөөд явбал бид хууль зөрчигчид болно. Тиймээс хууль бус шийдвэр гаргаж байгааг нь холбогдох газруудад анхааруулсан, олон удаа хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хошууч Ө.Жаргалын дуудсанаар Ж.Хатанбаатар миний бие очиж тайлбар өгсөн. Мөн хэд хэдэн удаа утсаар холбогдож байсан. Тодруулбал,  Менежментийн багаас хууль ёсны дагуу томилсон гүйцэтгэх захирлыг Эрүүл мэндийн газрын дарга Эрхэмбулган нь хууль зөрчин өөрчлөх гэж оролдож байгаа талаар эрх зүйн акт тогтоол шийдвэр тайлбарыг өгсөн. Гэтэл тэдэнд зөвхөн тамга тэмдэг л хэрэгтэй болохоос хууль ёсны тайлбар, эрх зүйн акт баримтууд огт хэрэггүй байхаас гадна яаж буруутгах вэ гэдэг өнцгөөс хандаж байгаа нь гайхал төрүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар нь хууль бус тушаалыг гүйцэлдүүлэх, эмнэлгийн тамгыг цагдаагийн хүч хэрэглэн хууль бусаар авч өгөх ажлуудад хүчин зүтгэж байна. Цагдаагийн байгууллага ингэж хууль бус тушаалыг хэрэгжүүлэхэд нохойд барьдаг мод шиг ашиглуулж байгаа нь харамсалтай.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтнууд  Х.Ариунаа гэдэг эмэгтэйг УАУЭСКТ-ийн даргаар ажиллуулахаар гаргуулсан хууль бус тушаалаа хэрэгжүүлэхийн тулд цагдаагийн байгууллагыг нохойд барьдаг мод шигээ ашиглаж байна. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирлын өрөөний хаалгыг 2025.01.13-ны өдөр  эвдэж цонх хагалж дайрч орж өрөөнд нь нэгжлэг хийсэн.  Мөн 2025.01.22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас гүйцэтгэх захирлын өрөөнд нэгжлэг үзлэгийг дахин хийсэн. Харин 2025.01.23-ны өдрөөс эхлэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эмч ажилчид, ерөнхий болон тооцооны нягтлан, эмийн үйлдвэрийн дарга гээд 10-аад хүмүүсийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас ээлж дараалан дуудаж, тамга тэмдэг хаачсан хэнд байгаа гэхийн зэрэгцээ зүйл бүрээр буруутгах өө сэв хайн амар тайван байлгахгүй байна. Эмнэлгийн тамга тэмдгийг алдагдуулсан байна, хууль бусаар авч оргон зугтсан гэх маягийн үлгэр зохиож элдвээр буруутгах гэж хоморголон цагдаад дуудаж айлган сүрдүүлж байна. Зүрхний хагалгаа хийлгэсэн эмнэлгийн ажилтныг хүртэл тайлбар авах нэрийдлээр дуудаад  шөнийн 22.30 цаг хүртэл цагдаа дээр суулгах мэтээр  хүмүүсийг ингэж цагдаагаар айлгаж, эрх мэдлээрээ далайлган эмнэлгийн ажилчдыг сүрдүүлж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг шударга ёс гэх үү.

Эмнэлгийн тамга тэмдгийг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа Мэргэжлийн баг нь хууль ёсны дагуу эмнэлгийн тамга тэмдгийг шилжүүлэх шийдвэр зохих ёсоор нь гаргасан шийдвэртэй нөхцөлд шилжүүлэхээс бус, харин хууль бусаар тушаал гаргаж, хууль бусаар хүч хэрэглэсэн, хууль бус үйлдлийг ямар ч тохиолдолд дэмжих боломжгүй. Төрийн хуулиа дээдлэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа УАУЭСКТөвийн Мэргэжлийн багийн ахлагч намайг хуулийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрээ гаргасан бол бид тамга тэмдгийг хуулийн дагуу хүлээлгэн өгнө. Хамгийн гол нь хотын дарга нарын хууль бус үйлдлийн хамтрагч болж бид чадахгүй. Хуулиа дээдлэн, төрдөө итгэж яваа эгэл жирийн хүмүүсийн хувьд эрх мэдэлтний эрх мэдлийн золиос болж, эрхээ зөрчүүлэх, зүй бус хүчирхийлэлд өртөж хохирох нь энгийн үзэгдэл мэт болж болохгүй баймаар сан.

Хоёр.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн хувьчлал нь хуулийн дагуу явагдсан гэдгийг Улсын дээд шүүх эцэслэн тогтоосон. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд Улсын Дээд шүүхийн эцэслэн гарсан шийдвэрийг хуулийн дагуу хэрэгжүүлэх байх гэж бид найдаж байлаа. Гэтэл Хотын дарга Нямбаатар нь 2024 оны 4 дүгээр сараас эхлэн өөрөө шууд бичлэгээр эмнэлэг рүү дайрч, гүтгэж эхэлсэн. Гүтгэлгээ бодитой үнэн мэтээр нотлохын тулд үнэнд огт хамаарахгүй элдэв бусын зүйлийг хольж хутган хэвлэл мэдээллээр худал ташаа мэдээллийг зогсоо зайгүй явуулдаг юм байна. Энэ их худал мэдээллийн араас нь хотын харьяа газрын дарга нар нь хууль бус тушаал шийдвэр гаргаж, түүнийг нь хүч түрэн албадан гүйцэтгүүлэхээр цагдаа хүчний байгууллагын хүмүүсийг ашиглаж байна.

Худал мэдээлэл тарааж олон түмнийг төөрөлдүүлээд ард нь хууль бус шийдвэрүүд гаргаж байна. Тухайлбал, Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Менежментийн хувьчлалын гэрээний дүгнэлт 2012 онд “Хангалттай” гэж дүгнэгдээд 2014 онд хангалтгүй гэж дүгнэгдсэн гэдэг бас нэг үлгэр гаргаж ирж түүнийгээ түгээж байна. 2014 онд Менежментийн хувьчлалын гэрээний биелэлттэй холбоотой шалгалт үзлэг огт хийгээгүй байх мөртлөө хотын удирдлагууд “Хангалтгүй” гэсэн дүгнэлтийг  санаанаасаа зохион гаргаж, түүнийгээ үндэслэн Нийслэлийн өмч хувьчлалын 05 тоот тогтоол гаргасан нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр дамжин Улсын дээд шүүхээс үндэслэлгүй гэдгийн тогтоож хүчингүй болсон зүйл. “Нийслэлийн есөн объектыг хувьчилж, улсад буцаан өгөөгүй” зэрэг асуудлыг багцлан хүргэж байна хэмээн өмнө гарч байсан худал мэдээллийг “Эгүүр.mn” сайт дахин сүүлд нийтэлжээ. Менежментийн хувьчлал явагдаж дууссан бичиг баримтад гарын үсэг зурах шийдвэр гаргаж дуусгавар болгохгүй гацааж 10 жил болгосон. Өмчлөөгүй, хувьдаа аваагүй өмчийг буцааж өгөөгүй гээд л гүтгэж худал мэдээлэл тараасаар байна.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын төвийн төрийн сангийн дансыг хаасан. 2025.01.15-аас хойш өвчтөний эм тариа, эмчилгээний туслах материалууд, хоол хүнс, ажилчдын цалин, халуун хүйтэн ус, дулааны тооцоог хийх гээд бүх гүйлгээг зогсоосоор байхаас гадна Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас гүйцэтгэх захирлын тоон гарын үсэг, нэвтрэх эрхийг хаасан. Эмнэлгээс хотын захиргаа руу ямар ч албан бичгийг нэвтрүүлэхгүй болгох, эмнэлгийн удирдах ажилчдын хотын захиргааны бүх газарт албан бичгээр нэвтрэх эрхийг хаасан гэх мэтээр Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн үйл ажиллагаа эрх мэдэлтний түрэмгий дайрлагад өртөж, өвчтнүүдийн эмчилгээний зардал гарахгүй, эмнэлгийн ажилчин албан хаагчид цалин хөлсгүй, өөрийн үйл ажиллагааны санхүүжилт байсаар байтал төрийн сан нь санхүүгийн үйл ажиллагааг бүрэн хаасан байдалтай байна. Эрүүл мэндийн яам нь УАУЭСКТ-ийг Магадлан итгэмжлэл хийгдсэн  материалыг хурлаар оруулж шийдвэрлүүлэхгүй хойшлуулж тус эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийг хохироож эхэлсэн. Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн А.Баярзаяагаас лавлахад, нийслэлийн эрүүл мэндийн газраас эрх шилжүүлэх тухай асуудал яригдсан. Түүнийг тодруулахаас нааш  танай асуудлыг хурлаар оруулахгүй гэж хариу өгсөн. ЭМЯ-ны хуулиар хүлээсэн хийх ёстой ажил нь хотын эрүүл мэндийн газраас хамааралтай болчихсон, хотын дарга, хотын эрүүл мэндийн газар эрх мэдэл нь Эрүүл мэндийн яамыг ч давж гарч эмнэлгийг, иргэдийг хохироож байгааг салбарын сайд Т.Мөнхсайханы сонорт  хүргэе.

Монгол Улс уламжлалт анагаах ухаанаа орчин үеийнхтэй хослуулан хөгжүүлнэ гэсэн төрийн бодлоготой. Түүнийг нь хэрэгжүүлээд ажиллаж байгаа эмнэлгийн үйл ажиллагаа, тэнд ажиллаж байгаа тангараг өргөсөн эмч нарын ажил,  эмнэлгээр үйлчлүүлж байгаа өвчтэй хүмүүсийн эрх ашиг хотын дарга нарт түй ч хамаагүй байгааг хараад зүгээр суух эрх бидэнд алга. Их хурлын дарга танд хандаж байгаагийн гол учир энэ. Эмч нарын, иргэдийн, өвчтэй хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж, хохирч байгааг зогсооход УИХ-ын дарга та дэмжлэг үзүүлнэ үү.   

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь  I хороололд одоо байрлаж байгаа байшингийн урд талын хэсэгт байрладаг. Харин уг объектын хойд талын хэсэг  нь  1990-ээд оны дунд үед өмч хувьчлалаар хувьчлагдсан бусдын өмч болсон байхад хотын удирдлагууд бүхэлд нь элэг судлалын клиник төв эзэмшдэг мэтээр худал мэдээлэл тарааж, нэг хэсгийг нь хүүхдийн эмнэлэг болгоно, нөгөө хэсэг нь элэгний эмнэлгээрээ үлдэнэ гэж олныг төөрөгдүүлэн будилуулж байсан.  Үүний цаана 35 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа элэгний эмнэлгийг тарааж, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгийг өргөтгөн оруулахаар чиглэлээ холбогдох газрууддаа өгсөн байна. Эмнэлгийг эмнэлгийн эсрэг, өвдсөн хүмүүсийг бие биентэй нь дайсагналцуулан талцуулахад хүргэсэн үйл ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хэрэгжүүлэхээр зэхэж байгаа нь туйлын хүнлэг бус ёс суртахуунгүй үйлдэл. 

Гурав.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин улмаар Монгол Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн.  Монгол Улсын Үндсэн хуулийн 50-ийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд түүнийг бүх, шүүх бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан.

Үндсэн хуулийн энэ заалтыг зөрчиж, Улсын дээд шүүхийн эцэслэн гарсан шийдвэрийг тоохгүй, хэрэгжүүлэхгүй байгаа Хотын дарга нарын үйлдэл  нь эрх мэдэлтэй бол хуулийг уландаа гишгэж болно гэдгийг олон нийтэд тод харуулж байна. Энэ нь  нийгэм дэх шударга ёсны талаарх үзэл ойлголт хандлагад асар сөрөг нөлөөтэй. Монгол Улс хуулийн засаглалтай, ардчилсан орон. Эрх мэдэлтэй нь хуулийг зөрчиж, хэрэгжүүлэхгүй байж болно гэдэг нийгэмд хуулийг битгий хэрэгжүүл гэж уриалж байгаатай утга нэг. Бас хуулийн дагуу явсан нь хохирно гэж олон нийтийг доромжилж байгаатай адилхан бус уу. Улсын Их хурлын даргаа, Та бүхний баталсан хуулийн дагуу эцсийн байдлаар шийдвэрлэгдсэн Улсын дээд шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаад хууль тогтоох төрийн дээд байгууллагын тэргүүний хувьд Таныг энэ асуудалд анхаарлаа онцгой хандуулаасай гэж хүсэж байна.

Дөрөв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 50-ийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд түүнийг бүх, шүүх бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг үндэслэн, УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд; хоёрт, Нийслэлийн удирдлага, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн төрийн сангийн газрын  албан тушаалтнуудын монгол хүний амь нас эрүүл мэндийн эсрэг хийж байгаа хууль бус үйлдлээ зогсооход Хууль тогтоох байгууллагын тэргүүн танаас дэмжлэг хүсэж байна.

Мэргэжлийн багийн ахлагч                    Ж.Хатанбаатар  

Улаанбаатар хот 2025 02 05

admin

About Author

Бусад мэдээ

Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Boxed Water Partners With To Consumer Creativity.

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected