Ubsonin.mn уншигч танд нийслэлийн гудамжуудын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа. Ингэх шаардлага ч байна. Учир нь бидний олонх нь нэг сая хол давсан хүнтэй их хотынхоо гудамж замыг албан ёсны нэрээр нь бус голдуу ойр тойрных нь дэлгүүр хоршоо, эмнэлэг сургууль, албан газраар нэрлээд заншчихаж. Хэдийгээр хаяг нэр нь гудамж бүрийн буланд бичээтэй ч түүнийг төдий л анзаарахгүй өнгөрдөг нь бидий зан. Хотын соёл энэ мэт жижиг зүйлээс эхэлдэг тул нийслэлийн иргэн танд бага ч болов тус болох болов уу хэмээн найдаж байна. Мөн та аль нэг гудамжны талаарх сонирхолтой мэдээллийг дуулж сонссон бол бидэнд хандаарай.
Энэ удаа бид Сөүлийн гудамжийг онцолж байна. Гадны улс орны хотуудын нэртэй нэг биш гудамж Улаанбаатарт байдгийн нэг нь БНСУ-ын нийслэл Сөүлийн нэртэй гудамж юм.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт УДЭТ-аас Төмөр замын удирдах газар хүртэл 2.9 км үргэлжилдэг энэхүү гудамж Сөүлийн гэсэн нэрээ 1996 оны баяр наадмаар авсан юм. Хотын даргын захирамж гарч ах дүүгийн харилцаат БНСУ-ын нийслэлээр уг гудамжийг нэрлэх болсноор тохижилт, гэрэлтүүлэг, зам засвар, засал чимэглэлд нь солонгосчууд харамгүй санаа тавьж хөрөнгө санхүүгээр ч чамлахааргүй тусалж байгаа.
Нийслэлийн төвд оршдог уг гудамжны үүх түүхээс сөхвөл сонин зүйл чамгүй олон олдоно. Драмын театр, Монголын ахмадын холбоо байгаа газарт Улсын гаалийн хороо, Төв бараа бааз, түүнээс баруун тийш Чин ван Ханддоржийн хоёр давхар модон ордонд Ерөнхий сайд Г.Амар сууж байсан гэдэг. Хараагийн баатар ван Наваан-Юндэн агсны хашааны буурин дээр маршал Х.Чойбалсангийн сууц 30 дугаар харшийг 1947 онд барьжээ. Харин 45 дугаар сургууль байгаа газарт Дарь эхийн хурал, Бадарчингийн дов, түүнээс баруун тийш Зодын хурал, Буриадын хороо байрлаж тэнд голдуу буриадууд амьдардаг байжээ. 1950-1970-аад онд дөч, тавин мянгатыг босгосноор гэр хороолол голдуу байсан энэ хавьд байшин барилга сүндэрлэж эхэлсэн. Улмаар Драмын театр буюу тухайн үедээ Залуучуудын ордон, Циркийн цэнхэр асар босч Сөүлийн гудамжны өнгө төрхийг илүү сүрлэг болгосон юм. Үүнээс өмнө хүнсний 50 дугаар дэлгүүр, Улсын прокурор, Хүүхдийн 100 дугаар дэлгүүр,Чихэр боовны үйлдвэр, Цэргийн хэвлэх үйлдвэр гэсэн хэдэн том газраар энэ гудамжийг тодорхойлж байсан юм. Одоо энэ гудамжаар Драмын театраас гадна ерөнхий боловсролын нэг, 45 дугаар сургууль, ХААН банкны төв, “Наран”, “Түшиг” их дэлгүүр, Авлигатай тэмцэх газар, “Хүрээ” амаржих газар, Төмөр замын удирдах газар, “Өгөөж чихэр боов” ХХК, “Орбис” эмнэлэг зэрэг олон газар овоглодог. Мөн үйлчилгээний тэр дундаа зоогийн газрын томрохон төвүүд энэ гудамжинд бий. “Grand khan”, “Вrau house”, “The bulls”, “Саlifornia” гэхчилэн гадаад дотоодын хөрөнгө оруулалттай тансаг зоогийн газруудад тухлах гэвэл Сөүлийн гудамжийг зорино.
Авто замын хувьд уг гудамж сөрөг чигийн хөдөлгөөнтэй, нийслэлийн ачаалал ихтэй замуудын нэгд тооцогдоно. Хөдөлгөөн ихтэйн зэрэгцээ зам нь нарийхан учраас ажил тарах, цуглах үед түгжрэл гацаа багагүй үүсдэг. Гэрлэн дохиогоор зохицуулагддаг уулзвар, явган хүний гарц бараг байдаггүй.
Дэлхийн томоохон хотууд Шөнийн гудамжтай байдаг жишгээр нийслэлд “Шөнийн гэрэлт гудамж”-ийг Сөүлийн гудамжинд байгуулж, шөнийн цагаар хөгжим дуу хангинаж, хоолны үйлчилгээтэй нэг үгээр хүн хөлхсөн газар болгон тохижуулж үзсэн ч газар авалгүй тэгсхийгээд хуучин байдлаар нь болгон өөрчилсөн юм.
Энэ оноос нийслэлийн гудамж замыг монгол бичгээр хаягжуулах ажлыг эхэлсэн газрын нэг нь Сөүлийн гудамж.