Та Улаанбаатарыг хэр сайн мэдэх вэ? Хотын гудамжуудыг нэрлэж, үүх түүхээс нь хуваалцаж чадах уу? Эдгээр асуултад бага ч бол хариулт болгох үүднээс бид нийслэлийн гудамжуудын талаар товч мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Үндэсний түүхийн музей, Тагнуулын ерөнхий газар, Голомт банк, Ус цаг уурын хурээлэн, Худалдаа хөгжлийн банк, Занабазарын музей, Барилгачдын талбай, Урт цагаан гээд нэрлэхээр уншигч та аль гудамжийг танилцуулах гэж буйг минь түвэггүйхэн мэдэж байгаа биз ээ.
Гэхдээ бидний олонх нь энэ гудамжийг Жуулчны гэж албан ёсны нэрээр нь бус “Урт цагааны” гэж нэрлээд заншчихаж. Хотдоо л хамгийн томд орох худалдаа үйлчилгээний төв байсан болохоор “Урт цагаан” ч Улаанбаатарт төдийгүй Монголд алдартай байв. Байв гэхийн учир нь өдгөө “Урт цагаан”-ы барилгыг нурааж буйран дээр нь доороо битүү зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн бүхий цогцолбор барихаар тэр хавийг битүү хашаалчихсан байгаа учраас залуус, хүүхдүүдэд удахгүй “Урт цагаан” гэх нэршил танил биш болох биз ээ.
![](https://ubsonin.mn/wp-content/uploads/2025/01/viber_image_2025-01-29_17-09-08-695-1024x666.jpg)
Жуулчны гудамж нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд Төрийн ордны баруун уулзвараас баруун тийшээ “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун урд уулзвар хүртэл 2.2 км үргэлжилнэ.
Ер нь энэ гудамж Улаанбаатарын хамгийн эртний гудамж бөгөөд хотын худалдаа наймааны нэг гол цэг байсаар ирсэн юм. Хүрээний төвөөр урсаx баруун Сэлбийг даган сунасан нягтрал иxтэй тэр xэсэг Иx зээлийн газар буюу Xудалдааны гудамж нь Xүрээний иргэд, гадаад болон дотоодын xудалдаачид төвлөрсөн xөл xөдөлгөөн иxтэй газар байв.
Энд Их хүрээний үе, Нийслэл хүрээний үе, Социализмын үеийн гээд түүхэн барилгууд бий. Энд хотын хамгийн анхны гуанз 1857 онд нээгдэж, хятад худалдаачид элбэг байсан тухай хөгшид хуучилдаг. Мөн энэ гудамжинд тухайн үеийнхээ хамгийн том худалдааны төв болох Өндөр хоршоо байсныг мэдэх байх. Өндөр хоршоо хожим нь буюу 1961 онд одоогийн Улсын их дэлгүүр рүү нүүжээ. Өндөр хоршооны барилгад өдгөө Өндөр гэгээн Занабазарын музей байрлаж буй.
Түүнчлэн энэ гудамжинд анхны кино театр болох “Ард”, анхны томоохон зоогийн газрын нэг “Туул”, тухайн үеийн иргэдийн үйлчлүүлдэг цөөхөн хэдэн дэлгүүрийн нэг “Шар дэлгүүр”, цаашлаад Тагнуулын ерөнxий газрын барилга ч хотын түүхийн гэрч болдог.
![](https://ubsonin.mn/wp-content/uploads/2025/01/viber_image_2025-01-29_17-09-11-262-1024x577.jpg)
“Урт цагаан”-ыг Улаанбаатар xотын анхдугаар ерөнxий төлөвлөгөөний дагуу барьсан бөгөөд Үйлчилгээний артель нэртэй уг барилгыг Монгол Улсын гавьяат барилгачин, архитектор Б. Дамбийнямын зураг төслөөр байгуулсан. Анх баригдах үеэсээ л худалдааны гудамж дахь захын олон жижиг худалдаа, үйлчилгээний цэгүүдийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, хамтын аж ахуйд нэгтгэхээр төлөвлөсний дагуу худалдаа, ахуйн үйлчилгээний төв байсан газар юм.
“Урт цагаан”-ы өмнөх талбай эхэндээ машины зам байсан гэдэг. Харин 1980-аад онд зөвхөн явган зорчигчид зориулсан хөдөлгөөнтэй болгон өөрчилж, улмаар нийслэлийнхнийг амарч тухлахад зориулсан талбай байгуулсан. Нэг хэсэг жуулчдад зориулсан худалдааны жижиг мухлагууд ажиллуулж байсан ч сүүлдээ наймааны асрууд барьж задгай зах болж хувирсан. Тиймээс захын оронд зам байсан нь дээр гэж үзсэн үү хэсэг газрыг нь зогсоолд үлдээж сөрөх урсгалтай авто зам болгосон.
![](https://ubsonin.mn/wp-content/uploads/2025/01/viber_image_2025-01-30_13-11-56-492-1024x659.jpg)