Манай улсад анх удаа зохион байгуулж буй “Утга зохиолын гүүр: Бие биедээ ойртохуй” олон улсын форум хоёр өдөр үргэлжилнэ. Энэхүү форумыг 2023 оноос эхлэн зохион байгуулж буй бөгөөд анхдугаар форумд Оросын зохиолчид, хэвлэл мэдээллийнхнээс бүрдсэн төлөөлөгчид БНХАУ-ын Харбин, БНСУ-ын Сөүл хотноо зочилж, утга зохиол, соёлын талаар харилцан яриа өрнүүлж хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тун үр дүнтэй яриа хэлцлүүдийг хийсэн байна.
Хоёр дахь форум 2024 онд болсон. Энэ үеэр Оросын төлөөлөгчид БНХАУ болон БНСВУ-ын уран зохиолын болон шинжлэх ухааны салбарынхантай уулзалт хийж, утга зохиолоор дамжуулан харилцан соёл, уламжлалаа түгээх амжилттай алхмуудыг хийжээ.

Харин энэ удаа Улаанбаатар хотноо зохион байгуулж Орос, Монголын зохиолчид, утга зохиол судлаачид, орчуулагчид, хэвлэл газрынхан, номын санчид, киноны уран бүтээлчид, сэтгүүлчдийг өргөнөөр оролцуулахыг зорьсон байна.
Форумаар Оросын зохиолчид, соёлын зүтгэлтнүүдтэй уран бүтээлийн уулзалт хийх, Оросын орчин үеийн утга зохиолын бүтээлүүдтэй танилцах, Орос, Монголын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар дугуй ширээний ярилцлагууд зохион байгуулж санал бодлоо хуваалцах, Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд утга зохиолын гүйцэтгэх үүргийн талаархи хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн бөгөөд сонирхсон хүн бүхэнд нээлттэй гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
