Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хорооны гишүүн, Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш Ч.Өнөржаргалтай ярилцлаа.
-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулах нь зөв гэсэн дүгнэлтийг юуг үндэслэж гаргасан бэ?
-Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Мэргэжлийн хороо байгуулагдсан. Шинээр байгуулагдсан хороо энэ удаа Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хэрхэн үр ашигтай байршуулах тал дээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхажлыг хийж байна.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох мөнгөн хөрөнгийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар зөвшөөрсөн хөрөнгө оруулалтуудад байршуулах боломжтой юм.
Энэ удаа манай хороо анхны хөрөнгө оруулалт болох 700 тэрбум төгрөгийг арилжааны банканд үр ашигтайгаар байршуулах вэ гэдэгт мэргэжил арга зүйн талаас дүгнэлт өгөхөөр тодорхой ажлыг хийлээ.
Юуны өмнө Монголбанкны бодлогын хүү, хэрэглээний үнийн индекс, арилжааны банкуудын дундаж хүү гэсэн үзүүлэлтүүдийг харгалзаад чөлөөт үлдэгдлийг банканд байршуулах хадгаламжийн доод хүүг тогтоосон.
Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс арилжааны банкуудаас хадгалах боломжтой мөнгөн дүн, хүүгийн талаарх саналыг нь авсныг манай хороо хэлэлцээд тогтоосон доод хүүгээс дээгүүр санал өгсөн, системдээ харьцангуй эрсдэл багатай ажиллаж байгаа дөрвөн банкийг сонгоод тухайн хөрөнгийг байршуулах боломжтой гэсэн зөвлөмжийг өгсөн. Энэ зөвлөмжийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс холбогдох шийдвэрийг гарган ажиллаж байгаа.
-Энэ хөрөнгийг заавал арилжааны банканд байршуулах шаардлага юунд байна вэ. Өмнө нь хадгалуулснаа буцааж авч чадаагүй эрсдэлийг тооцсон уу?
-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг аль болох эрсдэлгүй, өгөөж өндөртэйгөөр байршуулснаар мөнгөн хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалах, өсгөж үржүүлэх боломжтой юм. Энэхүү чөлөөт үлдэгдлийг ямар нэгэн хөрөнгө оруулалтад байршуулахгүй хадгалаад байж болно л доо. Гэтэл энэ тохиолдолд мөнгөний ханш унах, хэрэглээний үнэ өсөх, валютын ханшийн хэлбэлзэл зэргээс шалтгаалаад мөнгөн хөрөнгийн үнэ цэн буурах эрсдэлтэй. Тийм учраас арилжааны банканд байршуулах нь үнэгүйдлээс хамгаалах чухал арга хэмжээ гэж үзэж болно.
Өмнө нь хэн нэгэн субъектээс санал авахгүйгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга ч юм уу, эсвэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл дангаараа шийдвэр гаргаад аль нэг банканд тухайн мөнгөн хөрөнгийг байршуулдаг байсан. Энэ нь олон эрсдэлтэй. Наад зах нь хадгаламжийн хүү хэт доогуур байх, үйл ажиллагаа нь доголдчихсон эрсдэлтэй банканд их хэмжээний мөнгөн хөрөнгийг байршуулснаар мөнгөө буцааж авч чадахгүй эрсдэлтэй тулгарсан.
Тиймээс Мэргэжлийн хороо тал бүрээс нь авч үзээд дүгнэлт гаргасан нь өмнөх эрсдэлийгдавтахгүй ач холбогдолтой юм. Нийгмийн даатгалын сан аль нэг аж ахуйн нэгж, айл өрхтэй адил хэрэглээнээсээ үлдсэн мөнгөн хөрөнгийг цаг хугацаа алдахгүйгээр, эрсдэл багатай эх үүсвэрүүдэд байршуулж өсгөж арвижуулахыг бодох нь зөв. Хуульд ч нийцнэ. Зах зээлийн зарчим, сангийн зарчимд ч нийцэж байгаа юм.
Чөлөөт үлдэгдлийг өсгөж арвижуулснаар тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох, ирээдүйд тэтгэвэр тэтгэмжийг ахиу хувь хэмжээгээр олгох боломжтой болох, эрсдэл тулгарсан хүмүүст цаг алдалгүйгээр тэтгэвэр тэтгэмжийг олгох давуу талтай.